НИЙГЭМ

ДУДС-ийг зураач, сийлбэрчээр төгссөн анхны эмэгтэй Х.Солонготой ярилцлаа

Өдгөөгөөс 17 жилийн өмнө буюу 2004 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг зураач, сийлбэрч мэргэжлээр төгссөн анхны эмэгтэй, дөрвөн хүүхдийн ээж Хашбаатарын Солонготой ярилцлаа. Тэрбээр сургуулиа төгссөнөөс хойш хүүхдүүдээ өсгөхийн сацуу үндсэн мэргэжлээ орхилгүй өнөөдрийг хүртэл ханийнхаа хамт чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна. Ангидаа цор ганц эмэгтэй оюутан байсан ч тэрбээр өнөөг хүртэл эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж, эрчүүдээс  дутахгүй хүнд хүчир сийлбэрийн ажлыг гардан хийсээр иржээ.

-ХҮҮХЭД БАЙХЫН Л МУЖААН, СИЙЛБЭРЧНИЙ АЖИЛД МАШ ДУРТАЙ БАЙСАН-

-Таныг Дүрслэх урлагийн дээд сургуулийг сийлбэрчээр төгссөн анхны эмэгтэй гэж сонссон юм байна?

-Тийм ээ.

-Хэдэн онд төгссөн юм бэ?

-Би 2004 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг зураач, сийлбэрч мэргэжлээр төгссөн. Тухайн үед намайг төгсөж байхад дээд мэргэжил эзэмшсэн анхны эмэгтэй сийлбэрч гэж байсан.

-Тухайн үед ангид тань хэчнээн хүүхэд суралцаж, төгссөн бэ?

-Надтай нийлээд 10 хүүхэд суралцаж байсан. Түүнээс ес нь эрэгтэй байсан. Одоо ч гэсэн сийлбэрчээр суралцаж төгссөн маш цөөн эмэгтэй бий. Надаас хойш нэг эмэгтэй сийлбэрчээр суралцаж төгссөн. Гэхдээ одоо мэргэжлээрээ ажилладаг эсэхийг сайн мэдэхгүй юм.

-Эмэгтэй хүүхэд сийлбэрч мэргэжлийг сонгоод, сургуульд нь элсээд амжилттай төгссөн гэхээр сонирхол татаж байна. Гэр бүлийнхний сонголт байв уу, эсвэл та өөрөө дурлаад сонгов уу?

-Би 1983 онд Улаанбаатар хотод төрж өссөн. Хүүхэд байхын л мужаан, сийлбэрчний ажилд маш дуртай байсан. Учир нь аав маань дархан мэргэжилтэй, гарын уртай хүн байсан. Хүүхэд байхын л аавынхаа хажууд суугаад хийж байгаа бүтээлийг нь харж өссөн. Тиймээс юм урладаг, хийдэг л хүн болъё гэж бодоод Дүрслэх урлагийн дээд сургуульд орохоор шийдсэн. Тухайн үед сийлбэрийн ангид оюутан авна гэж байсан болохоор шалгалт өгөөд орж байсан.

-ДУДС-Д СИЙЛБЭРЧЭЭР ОРЪЁ ГЭХЭД НАДААС БУСАД НЬ ЭРЭГТЭЙ ХҮҮХЭД БАЙСАН-

-Тэгэхээр өөрийн сонирхлоор сийлбэрчийн ангид элсэн орж байжээ?

-Тийм ээ. Өөрийн сонирхлоор л. Би тухайн үед дөнгөж 18 настай байсан. Дүрслэх урлагийн дээд сургуульд сийлбэрчээр оръё гэхэд надаас бусад нь эрэгтэй хүүхэд байсан л даа. Ер нь бол эмэгтэй хүүхдэд сорилт болохоор мэргэжил. Тиймээс гэрийнхэн маань надад “Миний охин эмэгтэй хүүхэд байж арай өөр ажил хийдэг хүн болохгүй юм уу” гэж байсан. Тэгэхэд нь би “Ороод л үзье. Энэ мэргэжил л надад таалагдаад байна. Хэрвээ шалгалтдаа тэнцэхгүй бол өөр мэргэжил сонгосон ч яах вэ” гээд л шалгалт өгөхөд тэнцсэн. Гэхдээ анх орохдоо энэ мэргэжлээр суралцдаг эмэгтэй хүүхэд байхгүй гэж мэдээгүй л дээ. Олон эрчүүд дунд ганцаараа эмэгтэй хэр нь шалгалт өгөөд тэнцсэн учир тухайн үед маш их баярлаж байлаа.

-Шалгалт гэхээр юуг нь шалгадаг юм бол?
-Дүрслэх урлагийн дээд сургууль одоог хэр нь зураач, сийлбэрчээр хүүхэд сургадаг. Гурван төрлийн шалгалт авдаг. Сэдэвтэй, хар болон уран зураг зуруулдаг юм.

-Суралцаад явж байхад хичээл нь хэцүү санагдаж байв уу?

-“Анх удаа эмэгтэй хүүхэд сонирхоод ороод ирчихлээ. Нэг эмэгтэй сийлбэрчтэй болъё” гэдэг үүднээс багш нар маань намайг маш их дэмжсэн. Сонгоод ороод ирсэн учраас урам нь мохчих вий, шантарчих вий гэдэг үүднээс сэрэмжилж, зөвлөгөө их өгч байлаа. Хоёрдугаар курст суралцаж байхад багш нар маань надад “Миний охин хэцүү байна уу. Арай хөнгөнөөр нь зургийн анги руу шилжүүлж өгөх үү” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би “Үгүй ээ багш аа, ерөөсөө ч хэцүү зүйл алга. Би чадна” гэж хэлж байлаа. Ер нь манай мэргэжил эмэгтэй хүнд хэцүү. Учир нь хүчний, эр зориг шаардсан ажил байдаг. Би өөрөө дурлаж орсон учраас ерөөсөө ч хэцүү санагдаагүй. Тухайн үед “Яагаад эмэгтэй хүн хийж болдоггүй юм бэ. Эрчүүдээс юугаараа дутдаг юм” л гэж боддог байсан.

-Таныг төгсөхдөө “Цагаан дарь эх”-ийг сийлж байсан гэж байсан?

-Тийм ээ. Багш нар маань надад “Чи эмэгтэй хүн юм чинь жижигхэн чимхлүүр ажил хийсэн нь дээр байх” гэдэг байсан юм. Чимхлүүр гэдэг нь нарийн жижиг деталь ажиллагаа ихтэй, овор багатай зүйл дээр сийлбэр хийх байсан юм. Эмэгтэй хүн учраас хүнд, том овортой зүйлсийг хийхэд хэцүү гэдэг үүднээс жижиг, ажилбартай сийлбэрийн ажлыг санал болгосон. Би тухайн үедээ уг саналыг нь ёстой дэмжээгүй. “Би эрчүүдээс дутахгүй. Хийж чадна” л гэдэг байлаа. Төгсөхдөө “Цагаан дарь эх”-ийг сийлж байсан.

-Тухайн бүтээл нь хэр овор, хэмжээтэй байсан бэ?

-Тухайн үед зураг хөргийг нь ч авч байгаагүй. Хэмжээ нь хэд байсныг нарийн сайн хэлж мэдэхгүй юм аа. Ерөнхийдөө дундаж л хэмжээтэй байсан. Бүр жижигхэн бол биш.

-МИНИЙ ХУВЬД ЧӨЛӨӨТ УРАН БҮТЭЭЛЧЭЭР ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЖ АЖИЛЛАХЫГ ИЛҮҮД ҮЗДЭГ-

-Хэр хугацаанд сийлсэн бэ?

-Дипломын ажил байсан учир хагас жилийн хугацаанд хийгдсэн. Он гарснаас хойш зургаан сар хүртэл дипломын ажилдаа төвлөрч байсан. Одоо бол жижиг чимхлүүр гэхгүйгээр цахилгаан хөрөө бариад л овор хэмжээ хамаарахгүй л ажлууд хийж байгаа. Чадаж байгаа цагтаа хийнэ л гэж боддог. Мэдээж хэцүү зүйлс байлгүй л яах вэ.

-Суралцаж байх хугацаад тань магадгүй хөгжилтэй зүйлс тохиолдож байсан болов уу?

-Нээрээ нэг зүйл санаанд орж байна. Оюутан байхад уран зургийн охид багш нараас “Багш аа сийлбэрийн ангид чадалтай л охин авдаг. Чадалгүй туранхай охин байвал болдоггүй байх тээ” гэж их асуудаг байсан гэсэн. Би тухайн үед мариалаг байсан юм. Одоо ч гэсэн би боддог юм. Нээрээ л 10 гаруй кг жинтэй хүнд зүйлсийг өргөнө, сийлнэ гэдэг тухайн хүнээс их чадал шаардана шүү дээ.

-Хүнд мод, чулуутай ажилладаг болохоор гаранд өргөс орох, багажиндаа гараа зүсэх зэргээр их бэртэл авдаг уу?

-Хальтраад гараа авах, зүсэх зүйлс мэдээж байлгүй яах вэ. Гэхдээ тэрийгээ нэг их тоодоггүй гэх үү дээ. Бага зэргийн гар, хуруугаа зүсэх зэргийг бол тоохгүй. Ганц нэг зүсэхэд эмзэглээд байвал юу ч хийж чадахгүй. Мэдээж хийж байгаа зүйлдээ анхааралтай байж, аюулгүй байдлаа хангавал нэг их бэртээд байх нь ховор. Багажтайгаа харьцаад сурчихсан байхад тэгээд гайгүй болдог доо. Бидний багаж хаттай төмрөөр хийгддэг учир гараа багахан зүсэхэд нэг их хувилаад байхгүй, эдгэрчихдэг.

-Та чөлөөт уран бүтээлч гэж явдаг байх. Таны ажил, мэргэжлийн тухайд ямарваа байгууллагад харъяалагдаад, түүнээсээ цалинжаад ажиллах боломжтой юу?

-Хувиараа уран бүтээл хийж байж л уран бүтээл илүү сайн гаргаж, өөрийгөө хөгжүүлж чадна. Яах вэ түүнээс энд тэнд сургуульд багшлах уу гэдэг санал их ирдэг. Миний хувьд чөлөөт уран бүтээлчээр өөрийгөө хөгжүүлж ажиллахыг илүүд үздэг.

-Бүтээлүүдийг нь харахад элс, мөсөөр урласан байсан. Мөн орчин нь гадаадын улсад гэмээр харагдсан?

-Би 2011 оноос хойш гадны орнуудын тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн. Түүнээс хойш тасралтгүй л тэмцээн уралдаанд явж эхэлсэн. Гэхдээ сүүлийн хоёр жил коронавирус гарснаас хойш яваагүй байна. БНХАУ-ын Харбин хотод элсээр урлах тэмцээн, Финляндад мөсөөр урлах тэмцээн зэрэгт явж байлаа. Мөн хөдөө орон нутгуудаар ч их явдаг. Хатуу биет модон дээр сийлээд сурчихвал дараа нь ямар ч эд зүйлсээр сийлбэр хийж сурдаг. Модыг бодоход элс, мөс нь илүү хялбар. Физик чанар нь зөөлөн учир сийлбэр хийхэд амар. Манайд л сийлбэрийн чиглэлээр эмэгтэйчүүд цөөн гэдэг болохоос гадаадын улс орнуудад барималч эмэгтэйчүүд олон. Түүнийгээ дагаад зах зээл нь тэлж, хөгжиж чадсан.

-БИ ХАНЬТАЙГАА ДЭЭД СУРГУУЛИЙН НЭГ АНГИД ХАМТ СУРДАГ БАЙСАН-

-Барималч, сийлбэр ч хоёр ижил ойлголт уу. Өөр бол юугаараа өөр вэ?

-Барималчийн хувьд нэмэх зарчмаар бүтээлээ хэлбэржүүлдэг. Харин сийлбэрч нь хасах зарчмаар бүтээлээ хэлбэржүүлдэг юм. Сийлбэрийн тухайд арай илүү биеийн хүчний ажиллагаа шаарддаг учир хэцүү.

-Эмэгтэй хүн сийлбэр хийхэд эрчүүдээс ялгарах давуу болон сул тал нь юу байдаг вэ?

-Миний хувьд биеийн хүчний ажил шаардсан зүйлээ нөхрийнхөө тусламжтай хийдэг. Эрчүүд бол бусдын тусламжгүй бүгдийг нь өөрсдөө хийх чадвар, чансаатай юм. Гэхдээ яах вэ хийж л чадвал нэг их ялгаа байхгүй л дээ. Эрчүүдийн хувьд зэрлэг амьтад, таван хошуу мал зэргийг ихэвчлэн хийдэг бол миний хувьд хатуу биет дээр цэцэг навч, нарийн нандин үзэмжтэй зүйлсийг сийлэх дуртай. Түүгээр л ялгарах байх даа.

-Нөхөртэйгээ хэзээ танилцаж ханилсан бэ. Ямар мэргэжилтэй вэ?

-Би ханьтайгаа дээд сургуулийн нэг ангид хамт сурдаг байсан. Бид хоёр нэг мэргэжилтэй. Тиймээс маш их тус дэмтэй байдаг. Хүнд хүчний ажлаа нөхрөөрөө хийлгээд, сийлбэрээ өөрөө хийдэг.

-Хань нь ч гэсэн сийлбэрээ хийдэг үү?

-Тийм ээ хань маань ч гэсэн сийлбэрчээрээ ажилладаг. Эмэгтэй хүн суралцсан мэргэжлээрээ ажиллаад явах боломж нь хомс. Ажиллахын сацуу хүүхдээ өсгөж хүмүүжүүлнэ, ар гэрийн ажлаа амжуулна гэдэг сорилт шүү дээ. Гэхдээ ижил мэргэжилтэй учраас нэгэндээ маш их өмөг түшиг болдог. Хань маань тусалсан тулдаа л сурсан мэргэжлээ орхичихгүй шиг хийгээд өдийг хүрлээ.

-Анхны хүүхдээ хэзээ өлгийдөж авсан бэ?

-Ихрүүдээ дээд сургуулиа төгсөх жилдээ төрүүлж байлаа. Сургуулиа төгссөнөөс хойш ихрүүдээ өсгөөд нэг хэсэг завсардсан. Яг ид эрч хүчтэй үедээ хүүхэд төрүүлж өсгөхөөр ажлын эрч хүч алдагддаг юм билээ. Гэсэн хэдий ч мэргэжлээ хаячихгүйгээр зав чөлөөндөө өөрийгөө хөгжүүлсээр, сүүлийн хэдэн жил илүү төвлөрч ажиллалаа. Сүүлийн яг гурав, дөрвөн жилийн өмнөөс л яг эрчимтэй ажилласан. Өдөр бүр л ажиллаж, бүтээл гаргаж байгаа.

-МОНГОЛД СИЙЛБЭРИЙН УРЛАГ ОЙЛГОХ ХАРААХАН БОЛООГҮЙ-

-Хүмүүс сийлбэрийн үнэ цэнийг хэр ойлгож, хүлээж авдаг юм бол?

-Урлагийн талаараа явлаа гэхэд Монголд түүнийг ойлгох, хүлээж авах нь тун бага. Гадны оронд тэмцээн уралдаанд оролцоод явж байхад орж ирсэн ажлаа хийсний дараа үнэлүүлэхэд үнэлэмж нь тэс өөр. Монголд сийлбэрийн урлаг ойлгох хараахан болоогүй. Түүнийг дагаад үнэ цэнэ, үнэлгээ нь бага. Гадагшаа гараад ажиллавал ажлын үнэ цэнэ илүү өндөр гэдэг нь мэдрэгддэг. Гэхдээ бид өөрийн бүтээлээр эх орондоо үнэлүүлээд, хөгжүүлэхийг илүү үздэг. Модны үнэлгээ хүртэл манайд маш өндөр. Дээр нь сийлбэрт хэрэглэх сайн чанарын мод олдоход хэцүү. Хийсэн бүтээлийн үнэлгээний талаас илүү хувь нь материал, модны үнэ байдаг.

Би сүүлийн үед энэ зовлонг их мэдрээд байна. Яг бүтээлийн чанартай үнэтэй зүйлс хийлээ гэхэд худалдан авах хүн цөөн. Тиймээс хөл хориогоор аль болох бүдүүн гэсэн түлээний модыг 80.000 төгрөгөөр аваад түүгээрээ сандал хийж үзэж байна. Энгийн бус сийлбэр оруулаад аль болох хямд төсөр материалаар чанартай, өвөрмөц сандал хийхийг зорьсон. Түүнийгээ 350.000 төгрөгөөс эхлээд борлуулж байгаа. Энгийн сийлбэргүй сандлууд 250.000-300.000 хооронд байдаг юм билээ. Тиймээс түүнийгээ арай илүү чамин болгоод ийнхүү үнэлж борлуулж эхэлсэн. Хөл хориогоор 10 гаруй сийлбэр урлаад, нөхөртэйгөө сандлуудаа хамтдаа урласан.

-Тэгэхээр хөл хориог та их бүтээмжтэй өнгөрүүлсэн байх нь?

-Тийм ээ. Хөл хориогүй үед тэмцээн уралдаанд орохоор явах нь их учир тэр бүр саатаж бүтээл гаргах нь хомс байлаа. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд өөрийгөө аль болох хөгжүүлж бүтээл туурвилдаа анхаарах нь илүү болсон. Мөн хүүхдүүд, гэр бүлдээ гаргах цаг, зав нь илүү байна. Сүүлийн хоёр хүүхэд маань дөрөв, хоёр настай. Тиймээс хүүхдүүдтэйгээ л хашаандаа бужигнаад байна даа.

-Хашаандаа гэр урлантай гэсэн үг юм байна тийм ээ?

-Тийм ээ. Цахилгаан хөрөөнөөс эхлээд багаж нь дуу чимээ ихтэй. Дээр нь модны үртэс дунд л бүтээл хийдэг учир хашаандаа гэр урлангаа хийдэг. Ямар сайндаа бага маань миний дэргэд тоглохоор хувцсанд нь модны үртэс ороод загатнасныг хэлж чадахгүй “Мангас гижигдээд байна” гээд инээд хүргэнэ ээ. Одоо тэгээд цахилгаан хөрөө ажиллахыг андахгүй холоос л аав, ээжийнхээ ажлыг хардаг юм.

-Хоёр хүүхэд нь том болсон байх. Аав ээжийнхээ мэргэжлийг өвлөх сонирхол байдаг уу?

-Одоогоор бол сайн мэдэгдэхгүй л байна. Ямар ч байсан хоёр том маань зураг зурах дуртай, бас авъяастай. Хань бид хоёр хэлдэг л юм. “Сийлбэрээр давхар мэргэжил эзэмшиж болно” гэж хэлдэг. Цор ганц мэргэшихгүй, үндсэн мэргэжлийнхээ хажуугаар хөгжүүлээд явах боломжтой. Хүүхдүүдийнхээ сонирхлыг л л дагана гэж боддог доо.

-ҮЗЭСГЭЛЭН ГАРГАХААР БҮТЭЭЛИЙН ШИНЖТЭЙ АЖЛУУД ХИЙГДЭЖ БАЙГАА-

-Уран бүтээлч хүн бүр бүтээлийн үзэсгэлэн гаргахыг зорьдог болов уу. Та хоёрын хувьд тийм бодол бий юу?

-Уран бүтээлч хүн бүр л өөрийн үзэсгэлэнтэй болохыг мөрөөддөг болов уу. Бидний хувьд ч гэсэн жилийн жилд л тийм бодол байдаг. Үзэсгэлэн гаргахаар бүтээлийн шинжтэй ажлууд хийгдэж байгаа. Төлөвлөгөө зорилт бий.

-Таны хувьд шавьтай юу?

-Би өөрөө суралцаад л явж байна. Тиймээс ойрын хугацаанд хүүхэд сургах, шавь оруулах бодол байхгүй. Эрчүүдийн дайтай ажиллах гээд өөрөө мэрийгээд, суралцаад л явж байна. Цаашдаа шавьтай болохыг үгүйсгэхгүй.

-Цаашдын зорилго, зорилтоосоо хуваалцаач?

-Зах зээл, хүмүүсийн сонирхлыг дагаад уран бүтээлийн шинжтэй, үнэтэй бус тохижилтын сандал, саравч зэрэг хямд төсөр мөртлөө сийлбэртэй содон бүтээл туурвих чиглэл рүү ажиллах зорилттой байна. Мөн хэрвээ ивээн тэтгэгч олдвол гадаадын олон оронд хийгддэг уран бүтээлийг монголдоо хийхийг хүсэж байгаа.

-Бидэнтэй цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Puje
Puje
2021-05-10 21:14

Amjilt, az harhal husie, avyaslag, ajilsag baina

Холбоотой мэдээ

Back to top button