НИЙГЭМ

МҮБХ: Э.Оюунболд аварга Солонгост эмчилгээ хийлгэж байгаа гэдэг худал

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос өнөөдөр /2019.08.16/ албан ёсны мэдэгдэл гаргалаа. Үүнд, МҮБХ-ны нэрийг барьсан хуурамч фэйсбүүк хуудас ажиллаж, Э.Оюунболдыг Б.Бат-Эрдэнэ аваргын хамт БНСУ-д допингийн шинж тэмдэг сааруулах эмчилгээнд орж байгаа гэсэн худал мэдээлэл тарааж байгаа тухай бичжээ.

Монголын Үндэсний Бөхийн Холбоо нь сошиал орчинд буюу Facebook сүлжээнд, "Монголын Үндэсний Бөхийн Холбоо - Монгол Бөхийн Өргөө” гэсэн пэйж хуудсыг 2017 оны 3-р сараас нээн ажиллуулж, албан ёсны мэдээллүүдийг олон нийтэд хүргэдэг. Гэвч сүүлийн хэд хоногт үүсээд байгаа сэргээштэй холбоотой асуудлыг далимдуулж маргалдагч талын зүгээс манай холбооны логог адилаар хуулбарлан тавьж "Монголын Үндэсний Бөхийн Холбоо” гэсэн нэртэй хуудсыг 2019 оны 8-р сарын 14-ний өдөр үүсгэн, улмаар МҮБХны тэргүүн Дархан аварга Б.Бат-Эрдэнийг аварга Э.Оюунболдын хамт БНСУ-д зорчсон, допингийн шинжилгээнд нөлөөлөх оролдлогыг хийж байгаа мэтээр ор үндэсгүй асуудалд холбогдуулан гүтгэж, олон нийтэд буруу ташаа мэдээллийг зориудаар тараах оролдлогуудыг хийсээр байна. МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэ гадаад улс руу зорчоогүй, харин орон нутагт албан үүргийнхээ дагуу томилолтоор ажиллаж байгаа болно.

Иймд та бүхнээс Улсын Баяр Наадамд сэргээшийн асуудлыг Баяр Наадмыг зохион байгуулах комисс, Үндэсний бөхийн салбар хороо хариуцан шийдвэрлэдэг болохыг маш сайн мэдэх хэсэг бүлэг ёс зүйгүй хүмүүсийн худал ташаа, албан тушаал, нэр хаяггүй тарааж байгаа мэдээлэлд автахгүй байхыг хүсэж байна. Мөн дээрх худал мэдээллүүдийг мэдсээр байж зориудаар тарааж байгаа зарим мэдээллийн сайт, бусдын нэр төрд халдаж гүтгэн, гүжирдэж байгаа нэр бүхий этгээдүүдээс энэхүү хууль бус үйлдлээ зогсоож, ёс зүйтэй байхыг шаардаж байна. Хэрэв энэхүү гүтгэн гүжирдэх үйлдлээ зогсоохгүй бол МҮБХ-ноос хуулийн байгууллагад хандан шалгуулахаа албан ёсоор мэдэгдэж байна.

ДЭД ТЭРГҮҮН Ц.МАГАЛЖАВ

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button