УЛС ТӨР

УИХ-ын гишүүн Н.Ганибал Ерөнхий сайдад асуулга тавьжээ

УИХ-ын гишүүн Н.Ганибал “Нийгмийн халамжийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар” Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавьжээ. Тэрээр асуулгынхаа эхэнд:

“Монгол Улсын Их хурал нь хууль батлахын зэрэгцээ баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих эрхтэй билээ. Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй Засгийн газар энэ үүргээ хангалттай биелүүлэхгүй, ялангуяа нийгмийн халамжийн чиглэлийн хуулиудыг сурталчлах  үйл ажиллагаа дутмаг байгаагаас иргэд ямар нэг байдлаар халамж хүртэх нөхцөл байдал үүссэн ч мэдээллийн дутмаг байдлаас хуулийн хугацаанаас хоцрох, авах ёстой халамжаа хүртэж чадахгүй боломжоо алдах, хохирох байдал түгээмэл ажиглагдаж байгаа”-г дурдаад дараах асуулгыг тавьсан байна.

  1. Нийгмийн хамгааллын салбарын багц хуулийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэх, сурталчлах чиглэлээр Засгийн газар болон холбогдох яамд, агентлагууд ямар арга хэмжээ авч, хэрхэн ажиллаж байгаа талаар,
  • Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу сүүлийн таван жилийн байдлаар хичнээн хүн Ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдсан хийгээд үүнд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулсан талаар,
  • Улс төрийн сонгуулийн үр дүн, эрх баригч намын нөлөөллөөр төрийн алба хаагчдыг хоморголон халах явдал манай улсад цөөнгүй тохиолдох болсон.  Шүүхий шийдвэрийн дагуу хууль бусаар чөлөөлөгдсөн ажилтны ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлдөг. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ.”, 103.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 103.1-т заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна.”, 103.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 103.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна.” хэмээн тус тус заасан байдаг. Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхэлснээс хойш хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн хичнээн хүнд шүүхийн шийдвэрийн дагуу цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож олгосон ба төрд болон Нийгмийн даатгалын санд учруулсан тэрхүү хохирыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлсэн эсэх талаар,
  • Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд заасан хугацаа хоцроож,ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт ирүүлсэн даатгуулагчийн тоо, тэдгээрийн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар,
  • Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, ажил мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ...” хэмээн заасан байдаг. Мөн хуулийн 13 дугаар зүйлд “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй”,  14 дүгээр зүйлдҮйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 1ОО хувиар бодож олгоно.”, “ Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцно.” Хэмээн тус тус заасан байдаг. Эрүүл мэндийн ажилтнууд аливаа цар тахлын үед өвчний голомтот бүст ажиллаж байгаад халдвар авах нь элбэг тохиолддог бөгөөд үүнийг үйлдвэрлэлийн осолтой адилтган үзэх үндэслэлтэй юм. “Covid-19” цар тахлын үеэр “улаан бүс”-т ажиллаж байхдаа корона вирусын халдвар авсан эрүүл мэндийн ажилтнуудад эмчилгээ хийлгэсэн хугацаанд нь зөвхөн листний мөнгө олгосон талаар тэд олон нийтйн сүлжээгээр мэдээлж байсан. Тэгвэл “Covid-19“ цар тахал Монгол Улсад тархаж эхэлснээс хойш хичнээн эрүүл мэндийн ажилтан иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа корона вирусын халдвар авсан хийгээд тэдэнд эмчилгээ хийлгэх хугацааны цалинг хэрхэн тооцож олгосон талаарх мэдээллийг тус тус бэлтгэж ирүүлнэ үү гэжээ.  
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button