ДЭЛХИЙУЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Олон “тэг”-тэй том мөнгөн дэвсгэртийн гай

Улс орны мөнгөн дэвсгэрт олон “0”-тэй болоод ирэхээрээ л эдийн засаг нь уналтанд ордог. Эдийн засаг уналтанд орох нь олон түмэнд гарзын үүдийг нээж, харин олигархуудад олзын үүдийг нь нээж өгдөг.

Ихэвчлэн “Том хүмүүс” том мөнгөнд дурладаг. Тэдний “дурлал” улс орны эдийн засагт инфляци гэгчийг бий болгодог юм.

Инфляци–гэдэг нь маш энгийнээр тайлбарлавал бараа, үйлчилгээний үнэ өсөхийн хэрээр мөнгө үнэ цэнээ алддаг. Энэ бол яах аргагүй эдийн засгийн “эмгэнэл”.

Эдийн засгийг уналтад хүргэх эдийн засгийн “эмгэнэл”-ийн шалтгаан нь юу ч байж болдог: өнөө цагт аваад үзвэл дайн дажин, өвчин эмгэг /цар тахал/, төрийн эргэлт, байгалийн гамшиг, улс төрчдийн санаандгүй гэмээр санаатай алдаа (энэ алдаа нь хамгийн нийтлэг шалтгаан болдог) гэх мэт байж болдог.  

Инфляци үүсэх шалтгааныг ингэж тайлбарлаж болно. Улс оронд чинь үйлдвэрлэлийн болон экспортын түвшин буурахтай зэрэг төр бага орлого олох эсхүл бүр огт орлого олохгүй болж эхэлдэг.

Банкууд, улсын валют, бүр цаашлаад төр нь өөрөө бизнес түншийн утгаар хэнийг ч сонирхохоо байж, алт, валютын нөөц гэх хамаг нөөц бололцоогоо аажмаар үрэн таран хийж эхэлдэг. Ер нь байгаа бүхнээ үрэн таран хийнэ гэсэн үг.

Чухамхүү тийм нөхцөлд орсон орны ард түмэнд хүнд хэцүү цаг ирдэг. Өөрөөр хэлбэл, хамаг хүнд ачааг ард түмэн нуруун дээрээ үүрч эхэлнэ гэсэн үг. Хүн хэдий зовлон дааж, хүндийг үүрч чаддаг ч гэлээ тэрхүү “нуруу” нь ачаагаа дийлэхээ байж нугарч эхэлдэг. Чухам энэ “нугаралт”-аас л эсэргүүцлийн жагсаал цуглаан бий болдог.

Ард түмний “нуруу” хугарах нь эргээд олигархуудад, эрх баригчдад хор хөнөөлтэй. Яг л “өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр” гэдэг шиг. Ард олны эсэргүүцэл яван явсаар эцэстээ төрийн эргэлт ч хийхэд хүргэдэг. Ингээд улс оронд үймээн самуун дэгдэж, эмх замбараагүй байдал үүсч, гуравдагч этгээдийн “хоол” болдог.

“Хоёр нь зодолдоход гурав дахь нь ашигладаг” гэсэн нэгэн айхавтар үг бий. Бас “Чононд хортой бүхэн хүнд ашигтай байдаггүй” гэсэн үг ч бий. Айхтар үг шүү.

Өмнө нь та дэлгүүр лүү бутархай мөнгө буюу манайхны хэлж заншсан “самарканд” атгаад л юу хүссэнээ авч чаддаг байсан бол ардаа олон “тэг”-тэй мөнгөн дэвсгэрт бариад ганц сүү, талх авдаг болно оо л гэсэн үг. Энэ нь мөнгө үнэ цэнээ алдаж байгаагийн илрэл.   

Ингээд Дэлхийн хэмжээнд аль аль улс инфляцийн ховсонд орж хамгийн ихээр “идэгдэж хувхайрсан” түүхийг эргэн нэг сөхөе. Зургаан улс орны жишээн дээрээс харцгаая.

1. ЗИМБАБВЕ (2000-2009)

Дэлхийн түүхэнд инфляцийг хамгийн ихээр мэдэрсэн улс гэхээр л бүх цаг үеийн эдийн засагч, банкируудын хувьд “дуу нэгтэй дуугардаг амны уншлага” нь болсон улс бол яах аргагүй - Зимбабве улс.

Хөдөө аж ахуй давамгайлдаг Зимбабве улс тамхи, хөвөн, цай, чихрийн нишингэ тариалж, түүнийгээ экспортлодог байв. Эдийн засаг нь яахав, давгүй гэмээр байсан үе бас бий.

Гэсэн ч, 2000 онд Зимбабвегийн эрх баригчид Европын фермерүүдээс газар нутгийг нь нутгийнхаа “бизнесмэнүүдэд” өгөх нэрийдлээр тэднээс /цагаан арьстнуудаас/ газрыг нь хууль бусаар хурааж эхэлсэн байдаг. Нутгийн “бизнесмэнүүд” гэдэг нь ихэвчлэн 70 -аад оны Иргэний дайны ахмад дайчдыг хэлж байгаа юм.

ГАЗРЫН ШИНЭЧЛЭЛ

Тухайн үед буюу 1987-2017 он хүртэл Зимбабвегийн Ерөнхийлөгчөөр Роберт Мугабе ажиллаж байсан ба төрийн тэргүүнээр ажилласан сүүлийн жилүүддээ улс орноо дарангуйлан захирч эхэлсэн байдаг. Ерөнхийлөгчөөр сонгогдсон эхний жилүүдэд улс орон нь цэцэглэн хөгжиж байсан ч гэнэт цагаан арьстнуудын эсрэг шийдвэр гаргаж эхэлсэн. Цагаан арьст европчуудын эзэмшдэг газрыг хар арьстан эздэд нь буцааж өгөх газрын шинэчлэл гэх нэрээр хууль бус үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Энэ нь Зимбабвег үнэлэх гадны нэр хүндэд хортой нөлөөлсөн.

Газрын шинэчлэл нь 1998 онд хэрэгжиж эхэлсэн ба улмаар 2001 онд НҮБ-аас Зимбабве улсын эрх баригчид хүний эрхийг ноцтой зөрчиж байгааг шүүмжлэн буруутгаж,  тус улсын эсрэг хориг тавьсан түүхтэй.

НЭГ НАМЫН ДЭГЛЭМ ТОГТООСОН НЬ

Роберт Мугабе Ерөнхийлөгч болонгуутаа “нэг намын дэглэм”-ийг тогтоож эхэлсэн юм. Тэрбээр “цагаан арьст фермер”-үүдийг /2001 он/ хяхан хавчигч, мөн АНУ-ыг шүүмжлэгч гэдгээрээ алдартай нэгэн.

Улс төрийн тогоонд “чанагдахдаа” тэрбээр Олон Улсын Валютын Сан /ОУВС/-гийн хөтөлбөрийн хүрээнд зах зээлийн эдийн засгаас татгалзаж, социализмд гүнээ дурлан татагдаж, социализмын үзэл баримтлалд үнэнч гэдгээ зарлан тунхаглан “хэнхэглэсэн” нэгэн.   Түүнчлэн, аж үйлдвэрийг улсын өмч болгож, ард иргэдийн амьдралын амин чухал хэрэгцээт бараа бүтээгдэхүүнд “хатуу үнэ” тогтоох ёстой гэсэн зарчим баримталсан.

Мугабегийн хэрэгжүүлсэн социализмын гамшигт эдийн засгийн бодлого нь тус улсыг хэт ядуурлын туйлд аваачин, мөнгөний ханш 1200 хувиар унаж, ажилгүйдэл 80 хувьд хүрсэн.

Мугабег хүний ​​эрхийг зөрчигч, авлигач, эдийн засгийн бодлогыг алдагдуулагч, цагаан арьстнуудыг гадуурхагч хэмээн дотоод гадаадын гээд олон улсын хэмжээнд шүүмжилж байсан юм. Зан байдал, хандлагаараа тэрбээр “жинхэнэ дарангуйлагч” гэдгээ таниулж алдаршсан.

ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ

“Цагаан арьстнуудыг ялгаварлан гадуурхах”-аас гадна Роберт Мугабегийн Засгийн газар тус улс дахь гадаадын компаниудыг зөвхөн хар арьст иргэдийн хяналтан дор ажиллуулах тухай хуулийг боловсруулсан нь Зимбабве улсад оруулах гадны хөрөнгө оруулалтын урсгалыг эрс бууруулж, Зимбабвегийн эдийн засагт хохирол учруулсан юм.

Эдийн засгаа хянахын тулд цэрэг армийн хүч ашиглахыг оролдсон нь Роберт Мугабе улс орныхоо эдийн засгийг улам л хүнд байдалд оруулж дордуулсан.

2007 оны Брюсселийн Олон Улсын Хямралын Бүлгийн тайланд дурьдсанаар, 12 сая хүн амтай Зимбабве улсын 10 сая иргэн нь амьжиргааны баталгаажих түвшингээс маш доогуур түвшинд амьдарч байгаа, түүнээс 3 сая орчим нь хөрш улс орнууд руу дүрвэн дайжсан гэжээ.

Түлш шатахуун, хоол хүнс, гадаад валютын хомсдол зэргээс болж хөдөлмөрийн насны хүн амын гуравны хоёр нь ажилгүй болж, ажилгүйдлийн түвшин 80-85 хувьд хүрсэн байна.

Ерөнхийлөгч Роберт Мугабегийн үнийг “царцаах” замаар тус улсын гиперинфляцийг дарах оролдлого нь бүтэлгүйтсэн юм. Зимбабвед үүссэн гиперинфляци буюу хэт инфляци нь 1 америк долларыг 25 сая Зимбабве доллартай тэнцэхэд хүргэсэн “шорвог” түүх бий.

ХЯМРАЛЫН ХЯМРАЛ

2008 оны эхэн гэхэд Зимбабве улсын инфляци Дэлхийн рекорд /амжилт/-ыг эвдэж 100,580 хувьд хүрсэн.

2008 оны нэгдүгээр сард Зимбабвегийн Засгийн газар 10 сая зимбабве долларын шинэ мөнгөн дэвсгэрт гаргасан ч Засгийн газар эдийн засгийн хямралаа даван туулж чадаагүй, харин ч оны дунд үе гэхэд инфляци нь 4,000,000 хувьд хүрсэн юм. Бүр 4,000,000 шүү. Аймаар тоо байгаа биз.

Дэлхийн Банкны мэдээллээс харвал, сүүлийн 20 жилийн хугацаанд Зимбабвегийн Дотоодын Нийт Бүтээгдэхүүн /ДНБ/ бараг гурав дахин буурч, гадаад өр нь гэхэд л ДНБ-ий 150 хувь руу дөхөж очсон билээ.

2008 оны хувьд Зимбабвегийн инфляци жилд 231,000,000 хувьд хүрэв. Энэ нь 1,5 цаг тутамд хоёр дахин өссөн гэсэн үг. Гэсэн ч, энэ бүх хугацаанд эрх мэдэлтнүүд ямар ч арга хэмжээ аваагүй, зөвхөн маш олон “тэг”-тэй шинэ мөнгөн дэвсгэрт хэвлэж гаргахаас өөр юу ч хийгээгүй юм.

2008 оны долдугаар сард дэлгүүрийн лангуун дээр тахианы 3-хан ширхэг өндөг 100 тэрбум зимбабве долларын үнэд хүрэв.

2009 онд Ерөнхийлөгч Мугабегийн “хутгасан бантан”-гийн “ачаар” улс оронд нь хаос буюу эмх замбараагүй байдал үүссэн юм.

2009 оны нэгдүгээр сарын байдлаар инфляци нь Дэлхийн үнэмлэхүй дээд амжилт болох 321,000,000 хувьд хүрч, 100 их наяд зимбабве долларын дэвсгэрт гаргаж, богино хугацааны дараа Засгийн газар эдийн засгаа “долларжуулж” эхлэсэн, өөрөөр хэлбэл, ямар ч валют хэрэглэхийг хүлээн зөвшөөрч улсынхаа мөнгөн тэмдэгтийг “үгүй хийсэн”.  

Чухамдаа ард иргэд нь үндэсний мөнгөн дэвсгэртээ ашиглахаа больж, эргэлтнээс шахагдаж эхэлсэн нь бодит байдал. Зимбабвед америк доллар, өмнөд африкийн ранд эсхүл Ботсваны мөнгөн тэмдэгтийг илүүд үзэх болж эхэлсэн.

Харин хамгийн сонирхолтой нь, Мугабегийн Засгийн газар /2009 онд/ энэ алхамаараа “мангасын гэмээр аймшигт” хэт инфляцийг зогсоож, түүнийг жилд 10 хувь хүртэл бууруулж чадсан юм.

2009 он гэхэд Зимбабвегийн эдийн засаг ахин сэргэж эхэлсэн юм. 2010, 2011 онд өсөлт 9 хувиас дээш байсан хэдий ч 2012 онд ургац хураалт муу, алмазын үнэ буурснаас өсөлт нь 5,5 хувь болтлоо буурсан.

Гэсэн хэдий ч, АНУ-ын Тагнуулын Төв Газрын шинжээчдийн дүгнэснээр, Зимбабвегийн эдийн засгийн бүтцийн сул талууд нь өсөлтөд “тормоз” өгсөн хэвээр хэмээн дүгнэсэн байдаг.

2016 оны тавдугаар сарын 28-нд тус улсын хоёр дахь том хот Булавайод тус улсын эдийн засгийн хямрал, авлига, хүний ​​эрхийн зөрчлийн улмаас Ерөнхийлөгч Роберт Мугабег огцрохыг шаардсан олон мянган сөрөг хүчний эсэргүүцлийн жагсаал болсон юм.

Шахалтанд орсон Мугабе 2017 оны арваннэгдүгээр сарын 21-нд Ерөнхийлөгчийн албан тушаалаа шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн байдаг.

2. УНГАР (1945-1946)

Дэлхийн II дайны улмаас Унгар улс үйлдвэрлэлгүй хоцорч,  “Гитлерийн хамсаатан” болж, ЗХУ-аас эдийн засгийн хараат байдалд оров. Оролцогч орнуудад асар их нөхөн төлбөр төлсний дараа Унгар улс асар их өрөнд унаж, эцэстээ дампуурсан.

Инфляци ч мэдээж төд удалгүй бий болов. 1945 оны эхэн үест тус улсын хамгийн том мөнгөн тэмдэгт бий болов. 10 мянгатын пенгё (одоогийн мөнгөн тэмдэгт форинт гарахаас өмнөх Унгарын мөнгөн тэмдэгт)-г хэрэглээнд нэвтрүүлэв.

Үүнээс хэдхэн сарын дараа 10 сая пенгёгийн дэвсгэртийг, арай хожим нь 100 сая, дараа нь бүр 1 тэрбумын мөнгөн дэвсгэртийг гаргаж “солиоров”. Тухайн үед инфляци өдөрт 400 хувьд хүрч, ханш 15 цаг тутамд хоёр дахин нэмэгдэж эхлэв.

1 их наяд, 1 квадриллион, 1 секстиллион дэвсгэртүүд хүртэл гарав. Хэзээ ч сонсч байгаагүй их тоонууд... Унгарын Үндэсний Банк хамгийн их тоог эрэлхийлж байсан ч 1946 оны наймдугаар сард бүх зүйл шинэ мөнгөн тэмдэгт болох  форинтыг гүйлгээнд нэвтрүүлснээр “инфляцийн галзуурал”-д төгсгөл ирсэн түүхтэй.

3. ГРЕК (1944)

1941 онд Герман Италийн цэргүүдтэй хамсаж Грекийг эзэлсэн түүх бий. Үүнээс өмнө грекчүүд италичуудын довтолгоог амжилттай няцаасаар ирсэн.

Герман улс асар их хэмжээний зардал төлөхийг Грек улсаас  албадан тулгаснаар тус улсын эдийн засгийг бүхэлд нь залгиж “саатал”-д оруулсан. Грекийн эдийн засгийн гол судас болох хөдөө аж ахуй, гадаад худалдаа бүрэн зогссон. Өлсгөлөнгийн гачаал зовлонд Грек улс нэрвэгдэж эхлэв.

Улмаар 1943 онд Грек 25 мянган драхма гаргасан нь улсдаа хамгийн том мөнгөн дэвсгэртэд тооцогдох болсон бөгөөд жилийн дараа 100 тэрбум драхма гаргасан байдаг.

Ханш 28 цаг тутамд хоёр дахин нэмэгдсэн юм. Үүний гайг хүн ам нь амсч, тэд зөвхөн бартер буюу бараа солилцооны ачаар “амьд үлдсэн” сэтгэл зүсэм түүх бий.  

Харин долоон жилийн дараа Грекийн “сэтгэлтэй” эрх баригчдын чадварлаг  үйл ажиллагааны ачаар тус улсын эдийн засаг “өрийн хар нүх”-нээсээ мултарч чадсан байдаг.

4. ЮГОСЛАВ (1992-1994)

Зөвлөлт Холбоот Улс /ЗХУ/ задран унасны дараа Югослав улс мөн задарч эхэлсэн. Энэ үйл явцыг барууны орнууд идэвхитэй дэмжиж байсан бөгөөд сөрөг үр дүн нь ч удахгүй дээш “хөвөн гарч” ирсэн. Ингээд Югослав задарч, Серби, Хорват, Югослав гэж гурав хуваагдан тархай бутархай улс болон унав. Иргэний дайн ч дэгдэж, НҮБ-аас Югославын эсрэг байж болох бүхий л хориг арга хэмжээ авч эхэлсэн байдаг.

Югославт үйлдвэрлэл, худалдаа улс даяар зогссон юм. Ханш 34 цаг тутамд өсч, Засгийн газар мөнгийг хамаа намаагүй хэвлэж эхлэв... 1992 оны хамгийн том мөнгөн тэмдэгт 5000 динараас авахуулаад Югослав хоёр жилийн дотор 500 тэрбум динар хүртэлх том том олон тэгтэй мөнгөн дэвсгэртийг гаргаж эхэлсэн.

Засгийн газар унасан эдийн засгаа услах оролдлого хийсэн ч эдийн засаг нь бүрэн утгаараа “хатсан” байна. Гэсэн ч, унасан эдийн засаг нь 1994 онд Германы мөнгөн тэмдэгт болох марк гүйлгээнд орж ирснээр ахин сэргэж чадсан юм.

5. ГЕРМАН (1922-1923)

Дэлхийн I дайнд ялагдал хүлээснийхээ дараа Герман ядуурал гэж юу болох бүх л “мэдрэмж таашаалыг” амссан юм. Ялагчдад асар их хэмжээний нөхөн төлбөр төлсөн эрх баригчид хэсэг хугацаанд үнийн өсөлтийг зогсоохын тулд чадах бүхнээ хийсэн ч тусыг эс олсон юм.  Мөнгөний ханш 49 цаг тутамд өсөхийг харсан хүмүүс “шок”-нд орж, сар бүр бүр илүү олон тэгтэй том том мөнгөн дэвсгэртүүдээр “нүдүүлж” эхэлсэн.

Хамгийн том дэвсгэрт нь 100 их наяд марк байсан бөгөөд энэ нь үнэндээ 25 америк доллараас ч бага ханштай байв.

1923 оны арваннэгдүгээр сард бас л шинэ мөнгөн тэмдэгт гарч ирсэн нь “түрээсийн марк”. Тухайн үед Германы эрх баригчдын нямбай бодлогын ачаар улс орныхоо эдийн засагт хэмнэлт хийж аварсан нь хожим нь Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засгийн нэг болох үндэс суурийг тавьсан билээ.

6. ФРАНЦ (1795-1796)

1789-1799 оны Францын хувьсгалын үеэр Францын өр 4 тэрбум ливрт хүрч байв. Асар их мөнгөний өр түүхэн дэх хамгийн үрэлгэн хаан гэгддэг XV Луис Хааны хаант засаглалаас улбаатай.

Энэ их өрийн асуудлыг шийдвэрлэх гол арга хэрэгсэл нь хувьсгалт засгийн газар сүм хийдийн газрыг өр зээлэндээ, барьцаанд өгсөн байдаг.

Ингээд Францад хэзээ ч байгаагүй газрын тоогоор мөнгөн дэвсгэртүүдийг хэвлэж эхэлсэн байна. Инфляцийн оргил үед ханш 5-10 хоног тутамд нэмэгдэж, 200 ливрийн үнэтэй байсан гутал 20 мянга болтлоо өссөн байна.

Үүний дараа франк хэмээх зоосон мөнгийг гүйлгээнд оруулж ирснээр ханшийн өсөлтийг барьж чадсан байдаг. Эрх баригчид Парисын Вандомын талбайд төрийн санд байгаа олон тэгтэй том бүх цаасан дэвсгэртүүд (ойролцоогоор 1 тэрбум ливр)-ийг болон тэдгээрийг үйлдвэрлэх бүх машиныг олон нийтийн өмнө шатааж устгалд оруулсан түүх бий.

Ийнхүү том “цаасан дэвсгэрт”-ийг “зоосон мөнгө”-өөр солих ажлыг эхлүүлснээр 1797 оны эцэс гэхэд францчууд олон жилийн турш франкийг тогтвортой валют болгож чадсан билээ.

Эцэст нь дүгнээд хэлэхэд, инфляци гэдэг бол эрх баригчдын “мунхаг” байдлын үр дүнд бий болдог боловч хэрэв тэд нөхцөл байдлыг бодитоор нь харж чадсан тохиолдолд л инфляцийг амархан гэгч нь “ялах” боломжтой. Улс төрийн чадвараас гадна үүнд хүн сэтгэлээр хандах ёстой юм.

Бусад улсаас мөнгө зээлээд ямар ч “асуудалгүй” амьдраад байж бол болно. Гэсэн ч, энэ үйл явц тийм ч удаан үргэлжлэхгүйг санах хэрэгтэй.

Харин үндэсний үйлдвэрлэлээ бий болгож, өөрийн бараа бүтээгдэхүүнээр худалдаа арилжаа хийх замаар нөөц хуримтлуулж хямралт үзэгдлээс айлгүйгээр гарахын сацуу бусдад ч амжилттай тусалж чадна.

Бусдад туслахдаа мэдээж өөрт ашигтай байхаар туслана. Хэн хэндээ ашигтай байх тийм тус гэсэн үг. Энэ бол эцсийн дүндээ хүний өөрийнх нь зохион бүтээсэн зах зээлийн харилцаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-05 08:29

Менгений ханш хатку байдаг том дэвсгэрт гаргадаггуй Улс хегжих нигуртай Япон АНУ Хятад гм ард тумнээ амл�##�таар угжидаггуй эрх баригчтай Улсууд л юм даа

Зочин
Зочин
2021-08-05 09:59

Энэ нийтлэлийг ЗАНДАНШАТАРТ хаяглан явуулах хэрэгтэй.Энэ бас ВЕНЕСУЭЛ улсын тухай дурьдаагүй тэмдэглэх хэрэгтэй.Д

Зочин
Зочин
2021-08-05 13:09

Том дэвсгэрт гаргана гээд байна 2016 оноос хойш нийгэм, эдийн засгаа хэрхэн удирдсаныг харуулж байгаа бололтой. Үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг үргэлжлүүлж битгий унагаач ээ. Олигтойхон засаглаж чадахгүй бол бууж өг

Back to top button