ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Эцэс төгсгөлгүй дайнд эцэж цуцсан, эх оронгүй үлдэгсэд

Афганистан. Ираны өндөрлөг газрын зүүн хойд хэсэгт байрлаж, баруун талаараа Иран, өмнөд болон зүүн талаараа Пакистан, хойд талаараа Туркменистан, Узбекистан, Тажикистан улсуудтай хиллэдэг. Улсын хамгийн зүүн хэсгээрээ Хятадтай, зүүн талаараа Энэтхэгтэй хиллэдэг. Далайд гарцгүй орон.

Афганистан бол үндэстэн дамнасан улс юм. Түүний хүн ам нь янз бүрийн хэлний төрөл зүйлд багтдаг ба Иран, Түрэг болон бусад олон угсаатны бүлгүүдээс бүрдэнэ.

Азийн сангийн 2018 онд хийсэн социологийн судалгаанаас харахад, хүн амын 50 хувийг пуштунчууд, 23 хувийг тажикууд, 10 хувийг хазарууд, 9 хувийг узбекүүд эзэлдэг аж. Аймаг, туркмен, балучис гэх цөөн тооны угсаатны бүлгүүд бас бий.

Одоо харин Афганистанд “Талибан” хөдөлгөөнийхөн хүчээ авч, Засгийн газар нь өөрчлөгдөв. Нэг үгээр, Талибанчууд Засгийн эрхэнд гарав. Талибанчууд гэж чухам хэн болохыг та бидний бэлтгэсэн өмнөх нийтлэлээс үзээрэй. https://eguur.mn/236010/

ҮЙЛ ЯВЦ ХЭРХЭН ЭХЛЭВ

Ерөнхийлөгч Ашраф Гани нь огцрох өргөдлөө өгсөн даруйд олон мянган хүн амь насаараа дэнчин тавин байж эх орноосоо дүрвэх болов. Одоогийн байдлаар афганы дүрвэгчдийн гол давалгаа хөрш зэргэлдээх улс орнуудад бууж эхэллээ. Өнөөдөр афганчууд тал тал тийш дүрвэсэн ч дараа нь тэд хаашаа явах вэ. Тэдний хувь заяаны тухай асуудал Дэлхийн хамтын нийгэмлэгийн асуудал болох эсэх нь одоо хэр нь тодорхойгүй л байсаар.

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр лалын шашинтнуудын “Талибан”хөдөлгөөн Афганистанд эрх мэдлээ бүрэн тогтоосон үйл явдал өрнөв. Тодруулбал, наймдугаар сарын 15-ны ням гаригт “Талибан” хөдөлгөөний дайчид нийслэл Кабул хотыг эзлэн авч, Ерөнхийлөгчийн ордныг ч хяналтандаа авав. Тиймээс, Ерөнхийлөгч Ашраф Гани албан хүчээр огцорч, яаран улс орноо орхин одов.

ҮЙМЖ САНДАРСАН ИРГЭД

“Талибан” хөдөлгөөнийхөн афганчуудын эсэргүүцэлтэй тулгараагүй ч гэлээ афган хүн бүгд шахуу зэвсэг барьсан дайчдаас бүрдсэн шинэ Засгийн газарт тун ч сэтгэл хангалуун биш байгаа юм. Кабул хотын банкууд дээр урт урт дараалал үүсч, хүмүүс хадгаламжаа хаалган хотоос, бүр эх нутгаасаа хурдхан шиг л гарахын бодол болон яарна. Тэд шууд л нисэх онгоцны буудлууд дээр бөөн бөөнөөрөө цугларч, хүний овоо үүсгэв. Афганчуудын итгэл найдвар төрүүлэх газар нь НАТО-гийн хүчний хяналтанд үлдсэн хамгийн сүүлийн газар болох нисэх онгоцны буудлууд.

Зөвхөн нутгийн иргэд афганчууд зугтсангүй. Гадныхны Элчин Сайдын Яамныхныг ч нүүлгэн шилжүүлэх ажил эрчимтэй явагдаж эхлэв. Гэвч, нисэх онгоцны буудал гадны онгоцонд багтаад нисчих юмсан гэсэн олон мянган оршин суугчдаар дүүрсэн юм. Сүүлдээ эмх замбараагүй байдал үүсч, америкийн цэргүүд буун дуугаар иргэдийг тараахад хүрэв. Наад зах нь таван хүн “энхийг сахиулагчид”-ын бууны суманд өртөн амиа алдсан эмгэнэлтэй хэрэг ч гарав.

ЗУГТАХ ШАЛТГААН

Хүмүүс цэргийн бүсийг нэвтэрсэн ч бүх афганчууд онгоцонд сууж чадаагүй юм. Тэдний нэг нь ачаа тээврийн онгоцны дугуйнаас зуурч, зугтахыг оролдсон ч онгоц газраас хөөрөхөд унаж, газар дээрээ нас барсан юм. Афганчууд ийнхүү аргаа баран ямар ч аргаар хамаагүй, хаашаа ч хамаагүй газар шороо, эх нутгаа орхин одох нь сэтгэл өвтгөм. Тэд *Шариатын хуулийн чанга хатуу дүрмээс зугтсан. Учир нь, Талибанчууд Шариатын хуулийг өдөр тутмын амьдралд дагаж мөрдөнө гэсэн мэдэгдэл хийсэн.       

*Шариатын хууль – лалын шашинтай итгэгчдийн зан байдал, хандлага хийгээд тэдний бусад хүмүүс болон нийгэм цаашлаад Аллах Бурханы өмнө хүлээсэн үүрэг хариуцлага басхүү шийтгэлийн талаарх хууль ёсны систем бүхий дүрэм юм. Шариатын хуулийг  ибадат (шашны шүтлэгтэй холбоотой үүрэг), муамалат (цэвэр хууль ёсны хэм хэмжээ) ба укубат (шийтгэлийн систем) гэсэн үндсэн гурван хэсэгт хуваадаг.

Ингээд Дэлхий дүрвэгсдийн шинэ том давалгаатай нүүр тулах нь энэ.  Дотоодын хямрал, иргэний дайн, гадныхны оролцоотой цэргийн ажиллагаа зэргээс үүдсэн энэ мэт хүнд нөхцөлд хэн хамгийн түрүүнд өртөж, хохирогч, золиос болдог вэ гэхээр мэдээж эгэл жирийн ард иргэд. Дэлхийн хаа сайгүй л гал түймэр дүрэлзэн асч, ой шугуй, ан амьтад үй олноороо үрэгдэж, үер усны аюулд бүхэл бүтэн хот тэр чигтээ автсан гээд байгалийн гамшиг нүүрлэж, одоо хэр нь хор хохирол нь дуусч амжаагүй байхад, ийнхүү бас нэгэн асуудал Дэлхийн өмнө тулгарлаа. Эцэс төгсгөлгүй үргэлжилсэн дайны хөлд эцэж туйлдсан, эцэстээ эх оронгүй үлдэгсэд нэмэгдлээ.

ХУВЬ ЗАЯАНЫ СОНГОЛТ

Эх оронгүй үлдэгч дүрвэгсдийн хувь заяа одоо хөрш зэргэлдээх Пакистан, Иран, Тажикстан, Узбекистан улсын эрх баригчдын шийдвэрээс шалтгаална. Харин тэдний ихэнх нь Европ тив рүү очихыг хүсч байгаа аж. Гэсэн ч, 2015 оны Сиричүүдийн даван туулсан замаас хавьгүй хэцүү, хавьгүй урт “аялал” болох нь тодорхой. Афганчуудын хувьд Европ руу хүрч очино гэдэг тун хэцүү даваа. Очлоо ч гэсэн, Европын Холбооны ихэнх улс оронд олон нийтийн санаа бодол тийм ч найрсаг бус байгаа. Нэг жишээ дурьдахад, Литва улсын тухайд гэвэл тэд хилийн цэргээ дүрвэгсдийн эсрэг хүч хэрэглэж болохыг аль хэдийн зөвшөөрөв. Ирсэн дүрвэгсдийг Литва улсын нутаг дэвсгэрээс гарвал 300 евро өгнө гэсэн шийдвэр, амлалт хүртэл өгсөн байх юм. Ингээд Европ ерөнхийдөө Афганистаны дүрвэгсдэд ээлтэй бус байгаа гэсэн үг.

Хэрэв үнэхээр дүрвэгсэд Европыг чиглэсэн холын “аялал” хийхээр зориглосон бол тэд далай тэнгис, уул хад, хиймэл хана, бас Иран, Турк, Грекийн хилийн бүсийг давах шаардлагатай болно. Явсан хүн бүр даван туулшгүй саад бэрхшээл ихтэй зам.

Ингээд бодохоор дүрвэгсдэд сонголт тун бага байна. Гадаад ертөнцтэй хийх агаарын тээвэр тасарсан. Их Британийн “British Airways” л гэхэд нисэх онгоцуудаа бүр Афганистаны дээгүүр нисэхийг нь хүртэл хориглочихов. Өмнөд Азийн улс орнуудад “дэг журмыг тогтоох” гэх нэрийдлээр АНУ-тай хамтарч ажилласан бүх холбоотон улс агаарын тээврийн компаниуддаа удирдлагын түвшинд тушаал өгөөд эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар Тажикстанд дүрвэгсдэд зориулсан лагерьтай байгуулаад байна. Узбекистан дүрвэгсдийг хүлээн авахгүй гэж эсэргүүцэж байсан ч хүлээж авахаар болж, бэлтгэлээ хангаад эхэлсэн. Афганистан мөн Хятадтай ч хиллэдэг. Тийм ч олон гац байхгүй. Тэгээд ч, Ши Жиньпин дарга дүрвэгсдийг улсдаа оруулах нь юу л бол. Харин Иран улс тэднийг хүлээж авах бэлтгэлээ базаагаад эхэлсэн гэх яриа байгаа юм.

Турк улсын хувьд Афганистаны дүрвэгсдийг хүлээн авахгүй гэсэн байр суурьтай байгаа. Эрх баригчид энэ бэлтгэл ажлаа аль хэдийн эхлүүлсэн. 2017 оноос хойш Иран, Туркийн хил дээр өндөр хана босгох ажил хийгдэж байна. Америкийн цэргүүд Афганистанаас гарч байгаатай зэрэгцэн барилгын ажил ч хурдацтай явагдсан. 2020 оны наймдугаар сар гэхэд 3 метр хүртэл өндөртэй 300 км урт барилга байгууламж бараг баригдаж дуусах шатандаа орсон ч хангалттай биш байж магад. Учир нь, хилийн зурвасын зарим хэсэг нь уулархаг бүс нутагт оршдог. Чухамхүү уулархаг газраар л афганчууд хууль бусаар хил даван орж ирдэг. Жилийн харьцангуй тайван эхний саруудад ч гэсэн 27 мянган афган хүн Туркийн хилээр орж ирсэн байгаа юм. Одоо харин “Талибан” хөдөлгөөнийхнөөс болоод Туркийн хилийг хууль бусаар давах афганчуудын урсгал мэдэгдэхүйц нэмэгдэх магадлал өндөр.

АМЬ ӨРССӨН "АЯЛАЛ"

Хилийн саад бэрхшээлийг даван туулсны дараа хууль бус дүрвэгсэд тус улсын эдийн засгийн сүүдэрт өртөж эхэлнэ. Тиймээс тэд үүнээс аль болох хурдан зугтахыг оролдож, хууль бус дүрвэгсдийн сезон ид эхлэх үеэр Эгийн тэнгисийн эрэг рүү Бага Азиар дамжин баруун зүгийг чиглэх болно. Ингээд тэд дүрвэгсдийг тээвэрлээд гаршчихсан мафижсан сүлжээтэй холбоо тогтоож, хэт олуулаа завин дээр сууж, замдаа зуурдаар амь насаа алдах эрсдэлтэй тулгарч, хүсвэл Грекийн арлуудыг чиглэн явах болно.

ИТГЭЛ НАЙДВАР

Европын Холбоо болон Турк улсын хооронд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй гэрээний дагуу Грек улс дүрвэгсдийг саатуулан, нутаг буцаах эрхтэй. Гэвч, сүүлийн жилүүдэд үүнийг хийхэд улам бүр хэцүү болж байгаа. Грекийн эрх баригчид Туркийн Ерөнхийлөгч Эрдоганыг хамтран ажиллах хүсэлгүй байгаад нь түүнийг зэмлэж эхэлсэн. Туркууд ч бас Грекийг сөрөн шалтгаан гаргаж ирж байгаа юм.

Герман, Франц улс Афганистаны дүрвэгсдийг хүлээн авахаас татгалзсан.

Францад Ерөнхийлөгчийн сонгууль болоход найман сарын хугацаа үлдсэн байгаа тул дүрвэгсдийг хүлээж авах боломжгүй гэв. Сонгуульд нэрээ дэвшүүлэх эсэх нь хараахан тодорхой болоогүй Францын одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Европ хууль бус дүрвэгсдийн урсгалаас өөрийгөө хамгаалах ёстой. Европын Холбоо одоогийн нөхцөл байдлын бүх үр дагаврыг дангаараа хүлээх ёсгүй” хэмээн мэдэгдэв. Харин, 20 мянга хүртэл афган дүрвэгсдийг хүлээн авна гэж Их Британид албан ёсоор мэдэгдэж, Дэлхийн бусад орнуудыг ч нэгдэхийг уриалсан. Мөн, Албани улс хэдэн мянган дүрвэгсдийг хүлээн авахад бэлэн гэдгээ зарлав.

Ингээд, Баруун Европт дэмжлэггүй үлдсэн дүрвэгсдэд нөөцөнд ганцхан боломж л үлдсэн нь. Канад улс. Канад 20 мянган афган дүрвэгсдийг хүлээж авахад бэлэн болсон. АНУ-ын хувьд бол мэдээж Афганистаны ард түмэнд ёс суртахууны өртэй улс. Гэвч, афганчуудыг хүлээж авах шийдвэр гаргахаасаа өмнө америкчууд өөрсдийнхөө асуудлыг шийдэх ёстой: янз бүрийн тооцооллоор 10 мянгаас 40 мянга хүртэл иргэдээ тэд Афганистанд орхисон хэвээр байгаа юм. Тэдгээр америкчуудыг эх оронд нь буцааж авчрах нь Жо Байдены үндсэн үүрэг юм. Үүнийгээ эхлээд шийдсэнээр дараа нь Вашингтон афганчуудыг нүүлгэн шилжүүлэхэд “ногоон гэрэл” өгөх эсэхээ тодорхойлох боломжтой.

ИТГЭХЭД БЭРХ

Афганистаныг эзэлсэн одоогийн Талибанчууд 20 жилийн өмнөх шигээ биш болсон гэдэгт олон хүн итгэж эхэлсэн хандлага ажиглагдаж байгаа юм. Өнөөгийн “Талибан” хөдөлгөөний ихэнх удирдагчид сэтгүүлчдэд ярилцлага өгч, зургаа авахуулж эрс өөрчлөгдсөн ч гэлээ афганчууд тэдэнд итгэхгүй хэвээр байгаа юм. Учир нь, өнөөдөр нэг удирдагч нь өөр зүйл ярихад, маргааш бас нэг удирдагч нь өөр зүйл ярих жишээтэй. Ямар ч барьцгүй гэсэн үг. Энэ бүхэн үнэндээ цааш хэрхэн өрнөхийг зөвхөн цаг хугацаа л харуулна.

Талибанчууд хэрхэн биеэ авч явахаас бүх зүйл шалтгаална. Тэд их өөрчлөгдөж, зурагт үзэж, зургаа авахуулж, ухаалаг гар утастай болж эхэлсэн. Тэд Дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхаж эхлэх ч юм билүү. Эсвэл үгүй ч байж болно.  

Дуу хөгжим, соёл урлаг, архи дарс, шатар даам, цагаан гутал, сексийн талаар ярилцахыг хууль бус үйлдэл гэж үзсэн хэвээр байгаа юм. тэд III-VI зууны Буддагийн аварга том хөшөөнүүд гэх мэт лалын шашинт  бус бүхий л түүх дурсгалыг устгасан. Тиймээс, эх орноо орхин одох хүмүүс яагаад үхэн хатан ямар ч аргаар хамаагүй нутгаа орхин гарч байгаагийн учир энд тайлагдаж байгаа юм.

“Дайны зовлон амсаагүй л бол зовлонд бүү тооц” гэх үг бий. Бас, “зовсны эцэст жаргадаг” гэсэн сайхан үг ч бий. Тиймээс, эх оронтой ч эх оронгүй болсон эдгээр түмэнд дайны зовлонг умартан, энх тунх аж төрөх, хүний ёсоор амьдрах сайн цаг удахгүй ирээсэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-08-21 15:01

ТАЛИБАНУУДЫГ БҮГДИЙГ ҮГҮЙ ХИЙГЭЭГҮЙ ЦАГТ ЭНЭ УЛС АМАР ЖИМЭР АМЬДРАЛ ҮЗЭХГҮЙ

ZOCHIN
ZOCHIN
2021-08-21 20:34

TALIBAND HEZEE CH BUU ITGE.SHARITIIN HUULI NERIIN DOR HUCHIRHIILEL UURD MUNH.

Холбоотой мэдээ

Back to top button