БНСУ-д зорчих визний шаардлага хөнгөлж, хариу өгөх 90 хоногийг багасгахаар тохиролцжээ

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөнгийн урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 19-22-ны өдрүүдэд Монгол Улсад удирдлагын түвшиний албан айлчлал хийжээ.
Хоёр орны ижил чиг үүргийн байгууллага болох Цагаачлал, шилжилт хөдөлгөөний байгууллагууд нь 2007 онд хамтран ажиллах талаар Санамж бичиг байгуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах талаар идэвхитэй хамтран ажиллаж буй.
Айлчлалын хүрээнд хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх, иргэд харилцан зорчиход үүсэж буй асуудлыг шийдвэрлэх талаар ярилцсан бөгөөд уулзалтаар хоёр орны иргэд харилцан зорчих, оршин суух нөхцлийг бүрдлүүлэх чиглэлээр, ялангуяа визний шаардлагыг хөнгөвчлөх, визний хариу өгөх 90 хоногийн хугацааг багасгах тал дээр тодорхой чиглэлээр харилцан ойлголцолд хүрч, ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

Түүнчлэн БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улс Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нартай уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцжээ.
Иймд Монгол Улс, БНСУ хоёр орны иргэд харилцан зорчиход хоёр байгууллагын үүсдэг асуудлыг шийдвэрлэх, цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой, богино хугацааны үр дүнтэй айлчлал болж өндөрлөлөө. Энэ талаар Даваа гарагт буюу 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 15:00 цагт БНСУ-ын Элчин сайдын яаман дээр болох хэвлэлийн хурлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.

С.ХОНГОРЗУЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.