БНСУ-ын ЭСЯ: Виз мэдүүлэхдээ таван сая төгрөг байршуулдаг журмыг цуцална

Гадаадын иргэх харьяатын газрын дарга Д.Мөрөнгийн урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид манай оронд айлчлаад буй. Үүний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч X.Баттулга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт бараалхаж, яриа хэлэлцээ хийсэн юм.
Ийнхүү ноён Ча Гюү Гын мэдээлэл хийж, БНСУ-ын виз мэдүүлж буй монгол иргэдэд тулгарч буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр 2019.09.02-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх дараах шийдвэрүүдийг танилцууллаа. Үүнд,
-БНСУ-ын ЭСЯ-ны визийн материал шалгах үүрэг бүхий консулын орон тоог 2-оор нэмэх /Наймдугаар сард багтан ажилдаа орно/
-Виз мэдүүлэхэд байршуулж буй 5 сая төгрөгийн барьцаа байршуулах шаардлагыг цуцлах
-БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй монгол иргэдийн гэр бүл /эхнэр, нөхөр/-ямар нэг мөнгөн барьцаа, нэмэлт шаардлага тавихгүйгээр сүүлийн 6 сарын хугацаанд гэр бүлдээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг хавсарган өгсөн тохиолдолд 90 хоногийн виз олгох
-БНСУ-д визийн хугацааг хэтрүүлэх магадлал багатай, тус улсад өмнө нь хууль ёсоор зорчиж байсан иргэд болон төрийн албан ажлаар зорчих иргэдийн виз мэдүүлгийг яаралтай горимоор хянаж 10 хоногийн дотор шийдвэрлэх зэрэг багтжээ.
Энэ тухай мэдээллийг үргэлжлүүлэн хүргэнэ.
М.ТЭНГИС











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.