Ц.Өнөржаргал: УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Зайсанд хууль бусаар байшин барьдаг

Өнөөдөр /2019.08.27/ Монголын үндэсний хүний эрхийн хяналтын хорооноос Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаарх байр сууриа илэрхийлж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Улаанбаатар хотод элбэг тохиолддог хууль бусаар газрын зөвшөөрөл авсан хэргүүдийн талаар дэлгэрэнгүй ярьж, цаашид уг тэмцлээ олон улсын хэмжээнд хүргэнэ гэдгээ илэрхийлэв.
-УНТАЖ БАЙХ ХООРОНД ХАШААНЫ МААНЬ ГАДНА НҮХ УХАЖ ЭХЭЛСЭН-
Хан Уул дүүргийн иргэн н.Лхагвасүрэн,
“Өнгөрсөн долоодугаар сарын 30-ны шөнө намайг унтаж байх хооронд хашааны гадна талд нүх ухаж эхэлсэн. Дараа нь ажилд яваад ирэх хооронд үргэлжлүүлэн ухаж, 20 м урттай, 5 м гүнтэй нүх бий болгосон байсан. Орц гарцыг хааж, инженер цахилгааны шугам сүлжээг ил гаргасан. Одоо хашаа маань уначихлаа. Хашаагүй болуут газар луу минь дайрч орж ирсэн. Эксковаторынх нь доогуур өөрөө гүйж орж байж ухаж байгаа үйлдлийг нь зогсоолоо. Тэр барилгын компанийн залуу, “Эгч ээ, энэ байранд ганц таныг амьдардаг гэж бодож байтал яасан олон хүн гарч ирээд байна аа” гэж хэлсэн. Хүний эрхийг улаан цайм зөрчиж байна шүү дээ” гэлээ. Түүнийг Улсын тэргүүний багш бөгөөд хар тамхины холбооны тэргүүнээр 30 жил ажилласан настан гэдгийг онцолсон юм.
-Л.ГҮНДАЛАЙ ЗАЙСАНГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРААС ДОЛООН ЗӨВШӨӨРӨЛ АВСАН-
Харин “Зайсан Экологи” ТББ-ын тэргүүн Ц.Өнөржаргал,
“Газрын бизнес хийдэг хүмүүсийг төр төмөр нүүрээ гарган аргах эмжээ авах хэрэгтэй болжээ. Жишээ нь, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Зайсан орчимд “ноёрхож байна”. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэрийг барьж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас дархан цаазат газрын долоон зөвшөөрөл авсан байх юм. Зөвшөөрлийн бичиг нь О.Одсүрэн гэдэг хүний нэр дээр гардаг. Амралт, баяр ёслолын өдрүүдээр тэр газрууддаа байшин бариад эхэлдэг. Улсын байцаагч н.Оюут гэдэг хүн, “Зөвшөөрөлтэй юм байна, үйл ажиллагаа явуулсан гэж 500 мянган төгрөгөөр торголоо” гэсэн хариу өгдөг. Энгийн иргэд бид Зайсан орчимд газар авахын тулд таван жил газрын албаны үүд сахиж сууна шүү дээ. Газрын эзэн нь амьд байсаар байхад үхсэн гэж худал мэдүүлж, барилга барьдаг. Цаашдаа Н.Гүндалайтай тууштай тэмцэнэ, ТББ-ын тэргүүний хувьд авсан долоон зөвшөөрлийг нь цуцлуулна” гэж мэдэгдсэн юм.
Х.ЭРХЭС











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.