ЧУУЛГАН: Б.Мурат, С.Жавхлан тэргүүтэй 13 гишүүн танхимд орж ирээгүй тул хуралдааны ирц бүрдэхгүй байна
НЭМЭЛТ: 17.00 цагт
-ГИШҮҮДИЙН ИРЦ ХҮРЭХГҮЙ БАЙСААР ХУРАЛДААН 17:00 ЦАГТ ЭХЭЛЛЭЭ-
Өнөөдөр /2019.08.28/ УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Гишүүд зарчмын хувьд зөрүүтэй саналууд дээр байр сууриа илэрхийлэн үг хэлж, санал хураах зарчмаар хэлэлцүүлэг үргэлжилсэн ба, түр завсарлаад 15:00 цагаас эргэн хуралдахаар болсон.
Гэвч гишүүдийн ирц хүрээгүй шалтгаанаар хуралдаан 2 цаг хүлээгдэж, сая буюу 17:00 цагаас эхлэв. УИХ-ын нэр бүхий гишүүд танхимд орж ирээгүй байгаа тул УИХ-ын дарга Ш.Занданшатар хуралдаанд оролцохыг шаардаж, нэрс зарласны дотор: УИХ-ын гишүүн С.Жавхлан, Д.Ганболд, М.Билэгт, Н.Учрал, Г.Мөнгөнцэцэг, С.Эрдэнэ, Б.Мурат, Д.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нар багтаж байна.
НЭМЭЛТ: 16.00 цагт
-ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСЛИЙН ХОЁРДУГААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА-
Өнөөдөр /2019.08.28/ 10:00 цагаас УИХ-ын ээлжит бус нэгдсэн хуралдаан эхэлж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн. МАН-ы зүгээс дэвшүүлж буй зарчмын зөрүүтэй саналуудыг гишүүд хэлэлцэж, зарим заалтуудыг дэмжиж буй эсэхээ илэрхийлэн, үг хэлсэн юм.
Хуралдаан үдээс өмнө завсарласан бол, эргэн 15:00 цагаас үргэлжилж эхэллээ. Завсарлахаас өмнө төслийн 1.1 заалт дахь “Нам иргэдийн хүсэл зоригийг илэрхийлж улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” заалтыг хэлэлцэн, гишүүдийн 16.1 хувь нь дэмжсэн тул уг заалтыг хассан юм.
НЭМЭЛТ: 13.55 цагт
-УЛСТӨРИЙН НАМ УЛСЫН ХЭМЖЭЭНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ САНАЛ ДЭМЖИГДСЭНГҮЙ-
УИХ-ын ээлжит бус нэгдсэн хуралдаан “Нам иргэдийн хүсэл зоригийг илэрхийлж улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэсэн төслийн заалтыг хэлэлцэж, гишүүдийн дунд санал хураалт явуулахад олонхийн саналаар буюу 83.9 хувиар тус заалтыг дэмжсэнгүй.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналыг заалт тус бүрээр нь хэлэлцэх журмаар хуралдаан хийгдэж буй.
Одоогийн байдлаар хурал түр завсарлалаа. Эргэн 15:00 цагаас чуулганы хуралдаан үргэлжилнэ.
НЭМЭЛТ: 11.40 цагт
-ГИШҮҮД ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИЖ БУЙ ЭСЭХЭЭ ИЛЭРХИЙЛЖ БАЙНА-
УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг бүлэг, бүлгээр нь хэлэлцэхийг гишүүд дэмжив. Одоо гишүүд уг хуулийн төслийн дэмжиж буй эсэхээ илэрхийлж тус бүр 10 минутанд багтаан үг хэлнэ. Нийт 13 гишүүн үг хэлэхээр саналаа өгөөд байна.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
"Оюутолгойн ажлын хэсгийг ахалж байх үед, намын дарга нарын нөлөөлөл асар их орж байсан. Иймээс намын дарга нарын нөлөөллийг ярих хэрэгтэй байна. Дараа нь санхүүжилтийн асуудал. Олигархиуд нийт улсын хэмжээнд зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулах гэж оролдож байна. Би дахиад хэлье. Үе үеийн намын дарга нар, түүнийг дагалдсан олигархиуд, цүнх баригч нар нийгмийг бохирдуулж байгаа. Эвлэлдэн нэгдэх эрх, эрх чөлөө ардчиллыг сонгож байгаа юм бол энэ асуудал дээр анхаарах хэрэгтэй.
Үндсэн хуулиндаа намын гишүүний тоог зааж өгсөн улс байдаггүй юм байна. Хоёр том нам зонхилдог орнууд байх ч, жижиг намуудынхаа гишүүний тоог хуульчилж тогтоосон нь үгүй.
Дахиад 30-40 жил өөрчлөхгүй хэмжээний хууль хийнэ гэж ярьж байна. Гишүүдийнхээ саналыг сайн анхаарах хэрэгтэй” гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:
"Үндсэн хуулийн өөрчлөлт дээр “Ирэх 20-30 жилд манай улсад ямар нэмэр болох вэ” гэдэг үүднээс хандах хэрэгтэй. Улс төрийн намуудын үйл ажиллагаанд гэрэл гэгээ, итгэл үнэмшил тусгасан өөрчлөлтийг илүүтэй хийх юмсан гэж бодож байна. Олон намууд цаашдаа яаж төлөвших вэ, жинхэнэ утгаараа функциональ хэлбэртэй байж чадаж байна уу, үзэл баримтлал нь тодорхой байна уу, намыг бүрдүүлж буй боловсон хүчний бодлого ямар байна вэ гэх мэт асуудлыг цогцоор нь харж саналаа өгөх хэрэгтэй байх. Улстөрийн нам байгаа бол мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чаддаг байх ёстой. Дөрвөн жил гэхээсээ 10, 20 жилийн туршид төлөвлөдөг байгаасай.
Санхүүжилт нь далд байвал, авилгаас салж чадахгүй. Улс төрийн намыг сонгуульд иргэдээс авсан саналынх нь хэмжээгээр санхүүжүүлье” гэлээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
"Улстөрийн намуудын гишүүнчлэл хатуу байна. Намуудад ардчилал бий болсны дараа улс оронд ардчилал тогтоно. Англи оронд гэхэд 400 гаруй нам бий. Тэдний 10 нь нийслэлийн сонгуульд оролцдог бол үлдсэн 390 гаруй нь хөдөө орон нутгийн сум, дүүргийн сонгуульд оролцдог. Дэлхийн ийм жишгээс манай орон буцаж болохгүй гэж бодож байна” гэв.
Х.ЭРХЭС
УИХ-ын өнөөдрийн /2019.08.29/ чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг болон УИХ-ын байнгын хороод, гишүүдээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулна.
Т.САНТ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.