СПОРТ

Г.Ханбүргэд ДАШТ-д оролцох боломжгүй болжээ

Чөлөөт, сонгомол бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Казахстаны Нур-Султан хотод өнөөдөр эхэлсэн. Сонгомол бөхийн олимпын жин болох эрэгтэйчүүдийн 67 кг-д Г.Ханбүргэд оролцохоор Казахстаныг зорьсон.

Тэмцээний хуваарийн дагуу тэрбээр маргааш зодоглох учиртай байв. Гэвч тамирчдын мэдүүлэгт багтаагүйн улмаас ДАШТ-д хүч сорих боломжгүй болжээ.

Энэ талаар түүний багш Ц.Хосбаяраас тодруулахад “Үнэхээр харамсалтай юм боллоо. Монголын чөлөөт бөхийн холбооноос Ханбүргэдийн нэрийг ДБНХ-нд явуулаагүй байсныг нь энд ирснийхээ дараа л мэдсэн. Шавь минь хөдөлмөр, амжилтаараа хохирлоо. Уг нь ДАШТ-ээс медаль хүртэх, олимпын эрх авах боломж бүрэн байсан юм сан” гэв.

Мөн Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр "23 хүртэлх насны ангиллын Ази тивийн анхдугаар тэмцээнд амжилттай оролцсон Ханбүргэд, Даваабаньд нарыг цаашид сонгомол барилдаанаар дагнан барилдах хүсэлтийг нь үндэслэн насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ, Казахстан, Киргизстан улсуудад олон улсын тэмцээн, хамтарсан бэлтгэлүүдэд МЧБХ бодлогоор дэмжин оролцуулсан. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид болон МЧБХ-той дээрх хоёр тамирчин цаашид чөлөөт бөхийн уралдаан тэмцээнд оролцохгүй, зөвхөн сонгомол бөхийн барилдаанаар барилдана гэж тохиролцсон.
Гэвч Ханбүргэд зургадугаар сард болсон чөлөөт бөх насанд хүрэгчдийн УАШТ-нд оролцсон. МЧБХ-ны дасгалжуулагчдын зөвлөл түүнийг ДАШТ-д оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн.
Ингээд эцсийн мэдүүлэг явуулахад Даваабандийг бүртгэлийн системд оруулсан. Г.Ханбүргэд энэ тухай мэдэж байгаа.
Тэрбээр гаргасан үйлдэлдээ хүлцэл өчиж, өргөдөл гаргасан бөгөөд ДАШТ-д оролцох тамирчдын мэдүүлэгт оруулахаар UWW-д албан ёсоор олон удаа хандсан ч хүлээн авах боломжгүйгээ мэдэгдсэн. Тэмцээний эцсийн мэдүүлгийг сугалаа татах өдрийн 12:00 цаг хүртэл авдаг ба тамирчнаа авч ирэн сүүлийн боломжоо ашиглахыг хүссэн ч UWW зөвшөөрөөгүй. Г.Ханбүргэд болон Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид, түүний багш Ц.Хосбаяр энэ тухай мэдэж байсан" гэлээ.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
инээдтэй юм вэ
инээдтэй юм вэ
2019-09-15 10:28

ЧӨЛӨӨТийнхөн яасан инээдтэй юм вэ? БАС нэг дампуурсан холбоо байна. Арай ч дээ.

Холбоотой мэдээ

Back to top button