Нийгмийн

П.Отгонбаяр: Хүүхдүүд монголоор ярьж, сэтгэж чадахгүй болтлоо дэлгэцэд донтож байна

Анагаах ухааны доктор, клиникийн профессор, “Бүүвэй ээж”  хүүхдийн мэдрэлийн эмнэлгийн зөвлөх эмч П.Отгонбаяр эмчтэй зонхилон тохиолдож буй хүүхдийн мэдрэлийн эмгэгийн талаар ярилцлаа. 

-ХҮҮХДҮҮД МОНГОЛООР ЯРЬЖ, СЭТГЭЖ ЧАДАХГҮЙ БОЛТЛОО ДЭЛГЭЦЭД АВТАЖ БАЙНА-

-Та хүүхдийн мэдрэлийн эмчээр дөчөөд жил ажиллажээ. Он жилүүдийг дүгнээд харахад мэргэжлийн хувьд танд юу бодогддог вэ?

-Хүүхдийн мэдрэл судлал гэдэг маш нарийн, хэр баргийн эмч хүүхдийг барьж аваад оношилж, эмчилдэг шинжлэх ухаан биш. Олон жилийн туршлагаас харахад мэдрэлийн эмгэг илааршилт, эдгэрэлт удаан явагддаг. Тэр болгоныг төгс эмчилчихлээ гэж хэлэхэд бас учир дутагдалтай байдаг. Би тархины саа өвчний эрт илрүүлэлт, оношилгоо, эмчилгээ сэдвээр анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Дээрээс нь цус харвалт, хүчилтөрөгч цус дуталт тархины эмгэгшил, нярайн таталт, татганаа зэрэг сэдвүүдээр судалгааны ажил хийсэн.

-Таны судалгаа дотроос хамгийн анхаарал татсан эсвэл хамгийн элбэг тохиолддог эмгэг юу вэ?

 -Олон жил ажилласан болохоор ч тэрүү манай хэвлэлийнхэн надаас мэдрэлийн эмгэг бүрээр л ярилцдаг.  Интернэт орчинд хайгаад үзэхээр маш их материал бий. Тийм учраас эмч нь энэ удаад тархины усжилт гэдэг эмгэгийн талаар онцлон ярья гэж бодож байна. Тархины усжилт гэдэг нь тархи нугасны шингэний зохицуулга алдагдсантай холбоотой үүсдэг эмгэг.

Өөрөөр хэлбэл нугасны ус их хэмжээгээр үйлдвэрлэгдээд, эргэн шимэгдэх процесс нь алдагдахаар тархины усжилт үүсдэг. Энэ нь төрөлхийн болон олдмол гэж байдаг. Төрөлхийн гэдэг нь төв мэдрэлийн эрхтэн тогтолцооны гаж хөгжил, олдмол гэдэг нь мэдрэлийн тогтолцооны янз бүрийн эмгэгийн үед үүсдэг. Жишээ нь, тархины цус харвалт, эдийн болон бүрхүүлийн үрэвсэл, хүчилтөрөгчийн дутагдал гэх мэт. Тархи усжисны улмаас мэдрэлийн тогтолцооны зүгээс янз бүрийн эрсдэл үүсэх талаас үлдэц өгнө. Толгой өвдөнө, татна, хөдөлгөөн сэтгэхүйн хөгжлийн хоцрогдолд орох эрсдэлтэй.

-Үүний дараа ямар шалтгаант хүүхдүүд ирдэг вэ?

-Манай "Бүүвэй ээж" эмнэлгээр 0-18 насны хүүхдүүд үйлчлүүлдэг. Өвчлөлийн бүтцийг авч үзвэл тархины хүчилтөрөгчийн дутагдал, тархины саа, таталт, цус харвалт болон менингитийн үлдэц, тик буюу татганаа, удамшлын гаралтай мэдрэл булчингийн эмгэгтэй хүүхдүүд голчлон ирж зөвлөгөө авдаг. Сүүлийн жилүүдэд сургуулийн өмнөх болон бага ангийн хүүхдүүдэд элбэг тохиолддог татганаа өвчтэй хүүхдүүд нэмэгдэж байна. Тик буюу татганаа өвчин нь тухайн хүний дур хүслээс үл хамаарч гарч ирдэг эмгэг хөдөлгөөн. Энэ нь нүдээ анивчих, хоолойгоо засах, нүүр амаа хөдөлгөх, нусаа татах, мөрөө хөдөлгөх гэх мэт хэвийн бус хөдөлгөөн хийдэг.   

- Тик энгийн бид нарын нүдээр ч элбэг харагддаг. Шалтгаан нь... ?

-Багадаа тархины даралттай, хүчилтөрөгч цус дуталт тархины эмгэгшилтэй төрсөн, гүйлсэн булчирхайн  архаг үрэвсэл, цагаан хорхой, стресс, дэлгэцийн хамаарал дээрээс нь удмын шалтгаан байж болно. Хүүхдэд тохиолдож байгаа татганаа эмгэгийг тодорхой насанд илрээд арилдаг гэж үздэг бөгөөөд зарим тохиолдолд энэ нь архагшаад насанд хүрсэн хойно хүртэл ажиглагдсаар байдаг. Татганаа өвчин нь эмэнд тийм амархан дарагддаггүй, гол эмчилгээ нь сэтгэл заслын эмчилгээ мөн өдрийн дэглэмийг сайн баримталж, нойроо уртасгах, ачааллаа зохицуулах, архаг хууч өвчнөө эмчлэх, гар утас, компьютер, тв хэрэглээгээ хянах, зохицуулах.

-Хүүхдийн стресс гэлээ. Ихэвчлэн юунаас стресстдэг вэ, тэд?

-Хүүхэд стресс олдог олон шалтгаан бий. Тухайлбал, нэг гэр бүлийн хүүхдүүд хоорондоо муудалцах, аав ээж нь бүх зүйлийг нь болохгүй гэж хориглох, хичээлийн ачаалал гэх мэт. Иймээс эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхэдтэй харьцах харьцаа хандлагадаа анхаарах хэрэгтэй. Дашрамд хэлэхэд, хэл ярианы хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүд сүүлийн үед нэлээд элбэг тохиолдох нь ажиглагдаж байна. Үүний нэг шалтгаан нь манай эцэг эхчүүд хүүхдээ багаас нь гар утас, телевизор, компьютерээр саатуулдагтай холбоотой. Жишээ нь, хүүхдэдээ хоол өгөхдөө гар утас дээрээ хүүхэлдэйн кино тавьж өгдөг. Эсвэл тв-ээр голдуу англи хэлээр кино үзүүлж байна. Энэ нь хүүхдийг хэл ярианы хөгжлийн хоцрогдолд оруулаад зогсохгүй оюун ухааны хөгжлийн хомстол, цаашлаад зан төрхийн өөрчлөлтөд хүргэдэг. Улмаар хүүхэд ганцаардах явдлыг бий болгодог. Иймээс эцэг, эхчүүд хүүхдээ багаас нь зөв дадал, зуршилд хүмүүжүүлэх, тухайн хүүхдийн хэл яриа, оюун ухаан хөгжихөд чухал нөлөөлдгийг анхаарах хэрэгтэй.

Хоёр, гурав, таван нас хүрээд хэлд ордоггүй, бусадтай тоглохгүй, зожиг байна гээд ирдэг. Тэгээд асуумж аваад ярилцахаар телевизээс хамааралтай болчихсон хүүхэд явж байдаг. Англиар яриад байна гэдэг чинь хэл ярианы хоцрогдолтой гэхэд учир дутагдалтай. Тэгэхээр монгол хүүхэд монголоороо ярьж, сэтгэж чадахгүй болтол зурагт, утас үзүүлж байна шүү дээ. Цэцэрлэг дээр хүртэл багш нь зурагт асаагаад өгчихдөг.

-ХЭТ ХӨДӨЛГӨӨНТӨХ ХАМ ШИНЖТЭЙ ХҮҮХДҮҮД ДУНД АНГИД ОРОХООРОО ХҮМҮҮЖЛИЙН ДОГОЛДОЛД ОРДОГ-

-Тикийн дараа ямар өвчин зонхилж байна вэ?

-Хүүхдэд тохиолддог мэдрэлийн эмгэгүүдийн гуравны нэгийг нярай болон нэг хүртэлх насны хүүхдүүд эзэлдэг гэсэн судалгааны тоо баримт байдаг. Манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа нярай хүүхдүүдийн дотор тархины уйланхай гэсэн оноштой хүүхдүүд ирэх явдал цөөнгүй тохиолдож байгаа. Тархины уйланхай гэдэг нь олдмол болон төрөлхийн гэж байдаг. Олдмол уйланхай нь мэдрэлийн тогтолцооны гаж хөгжилд багтдаг бөгөөд энэ нь хүнд эмгэг юм. Олдмол уйланхай нь хүүхэд ямар нэгэн тархины эмгэгээр түүний дотор тархины цус харвалтаар өвчилсөн тохиолдолд үүсдэг. Тархины эхо шинжилгээгээр нярай хүүхдүүдэд ихэвчлэн судсан багцын уйланхай оношилж байгаа бөгөөд энэ нь гол төлөв хүчилтөрөгчийн дутагдалтай төрсөн хүүхдүүдэд  оношлогдож байна. Зарим тохиолдолд өөрөө аяндаа шимэгддэг. Судсан багцын уйланхай шимэгдэхгүй байх буюу томрох тохиолдолд компьюьтер юмуу MRI шинжилгээг хийлгэх нь зүйтэй.

- Сүүлийн үед өлмий дээрээ явдаг хүүхдүүд бас олширч. Мэдрэлийн шалтгаантай гэж сонслоо?

-Нэг хүртэлх насны хүүхэд өлмий дээрээ зогсохыг хөдөлгөөний өөрчлөлт гэж үздэг бөгөөд зарим тохиолдолд доод мөчний саа үүсдэг тал бий. Хүүхдийн тавхай хэдий хэмжээгээр удаан унжсан байдалтай байна төдий хэмжээгээр борвины шөрмөс чангарч богиносдог. Ийм байдалтай удаан явбал, эмчилгээний үр дүн гарахад төвөгтэй байдаг тул нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, зайлшгүй зөвлөгөө авах хэрэгтэй. Учир нь нэгдүгээрт, доод мөчний саа үүсгэдэг эмгэгийг тодруулах, хоёрдугаарт эмчилгээг эрт илрүүлж эмчлэх, контрактур үүсэхээс сэргийлэх хэрэгтэй.

-Хүчилтөрөгчийн дутмагшил маш олон өвчний суурь болох нь?

-Тийм шүү. Хүчилтөрөгч, цус дуталт тархины эмгэгшилтэй төрсөн хүүхдүүдэд мэдрэлийн тогтолцооны зүгээс гарах хожуу үеийн үлдэц гэж байдаг. Үүний нэг илрэл нь хэт хөдөлгөөнт хам шинж буюу анхаарал төвлөрөлтийн дутмагшил юм. Яаж илэрдэг вэ гэхээр хүүхэд ууртай, хөдөлгөөн ихтэй, дураараа, зөрүүд, авна гэснээ авдаг, эсвэл анхаарал төвлөрөхгүй, орчинд нь юу болж байгаа процессийг сонирхохгүй болдог. Хэт хөдөлгөөнтөх хам шинжтэй хүүхдүүд дунд ангид ороод ирэхээрээ хүмүүжлийн доголдолд ордог тал бий. Бусдын нөлөөнд их автагдах тал бий. Ийм хүүхдүүдийг зөв хүмүүжүүлэх, болохгүй зүйлийг нь ойлгуулах тал дээр эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй. Нөгөө талаар хүчилтөрөгчийн дутмагшилтай төрсөн хүүхдүүд толгой өвдөх, татах, татганаа үүсэх гэх зэрэг үлдэц үүсдэг болно.

-Аав ээжүүдэд хандаад та юуг зөвлөмөөр байна вэ?

-Мэдрэлийн ямар нэг эмгэгтэй хүүхэд төрүүлэхгүйн тулд ээж эрүүл байх ёстой. Төрөлт жирэмслэлт төлөвлөгөөтэй, нөхөн үржихүйн насандаа төрөх хэрэгтэй байна. 18-аас дотогш, 35-аас дээш насны ээжүүдээс мэдрэл болон бусад эрхтэн тогтолцооны зүгээс ямар нэгэн эмгэгтэй хүүхэд төрөх эрсдэл өндөр.

Жирэмсэн ээжүүд жирэмслэлтийнхээ явцад сэтгэл санаа тайван байх, ямар нэгэн хорт зуршилгүй байх, архаг хууч өвчингүй байх, амралт , нойр, хоолоо зохицуулах нь эрүүл хүүхэд төрүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Хэрэв ээж жирэмсний үед хожуу хордлоготой тонус ихтэй ямар нэг халдварт өвчнөөр өвчилсөн, төрөлтийн явцад ямар нэг хүндрэл гарсан, эсвэл төрөлт хэвийн явагдаагүй бол манай хүүхэд тархины хүчилтөрөгчийн дутагдалд орсон байх вий гэдгийг заавал тооцоолж, хүүхдэдээ тавих анхаарлаа сулруулж болохгүй мэдрэлийн эмчид үзүүлж, хянуулж байх нь тухайн хүүхдэд мэдрэлийн ямар нэг эмгэг үүсэхээс урьдчилан сэргийлэх, эсвэл эрт илрүүлэх боломжтой болохыг анхаарч эмчийн зөвлөгөөний дагуу хүүхдээ асарч сувилах нь чухал.

-Ярилцсанд баярлалаа.

Б.БАЯРТ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ТЭМҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-20 18:47

отгонбаяр эмчийг уих-д сонгомоор бгаа юм даа сүхбаатар дүүргийнхэн

Цэцэгмаа
Цэцэгмаа
2022-05-21 12:07
Reply to  Зочин

Гишүүн байх ёстой хүн дээ

Уншигч
Уншигч
2022-05-21 04:06

Энэ эмч яаж суучаад ярилцлаша өгч бнаа, Жаажийж суучаад , зөв сууж ярилцлага өгч сур. Муухай эвгүй сууж.

Цэцэгмаа
Цэцэгмаа
2022-05-21 12:04
Reply to  Уншигч

тийм шүү

Дорж
Дорж
2022-05-21 07:39
Reply to  Уншигч

Ярьсан зүйл нь илүү чух#### яаж сууснаас илүүтэй

зочин
зочин
2022-05-21 09:29

ядаж дэлгэцэнд донтуулах монгол апп, кино, тоглоом гээд юу ч байхгүй юм даа. Тийм ийм ном гарлаа гээд нэг л гоё хавтас зурагтай юмнууд, нөгөөх л байдаг хэдэн үлгэр.

Т Алтанцэцэг
Т Алтанцэцэг
2022-05-22 16:01

Хүүхдүүдийг эх хэлээрээ ярьж чадахгүй байгаагийн гол зөрчил бол багаас нь англи, Солонгос, Япон хэл гэж туйлшруулж байгаа явд#### нөлөөлж байгаа үнэн билээ. Хүүхдүүдийг багаас нь гадаад хэлийг эх хэлтэйгээ хослуулан хэрэглэх нь зөв байх. Монгол эх хэлээрээ, эх орноороо, монгол хүнээрээ бахархаж явъя.

Холбоотой мэдээ

Back to top button
7
0
Would love your thoughts, please comment.x
()
x