ДЭЛХИЙ

С.Лавровын зөвлөсөн, Монгол Улс ажиглагч гишүүний статустай ШХАБ-ын тухай

Монгол Улсад ажлын айлчлал хийж буй ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзсаныхаа дараа хийсэн хамтарсан мэдэгдэлдээ “ШХАБ /Шанхайн хамтын ажиллагааны байгууллага/-тай аюулгүй байдал хамтын ажиллагааны гэрээ байгуулах зөвлөмж өгсөн” гэж мэдэгдсэн билээ. Түүний мэдэгдэлтэй холбогдуулан бид энэхүү байгууллагын талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

Хилийн маргааныг тайван замаар шийдвэрлэх арга зам

БНХАУ, ОХУ, Казахстан, Киргизстан, Тажикистан улсын удирдагчид 1996 онд Шанхайд уулзаж, хуучин ЗХУ-БНХАУ-ынх байгаад, одоо ОХУ, БНХАУ болоод ТУХН-ийн орнуудынх болсон хилийн дагуу төвлөрүүлсэн цэргийн хүчээ татах талаар хэлэлцээр хийжээ. Эдгээр улсууд бүгд БНХАУ-тай газар нутгийн маргаантай бөгөөд хилийн цэрэгт хамаг мөнгөө хийдэг тул эдийн засгийн өсөлтөө хангахад хөрөнгө хүч хүрэлцдэггүй нийтлэг бэрхшээлтэй байсан юм. Шанхайн уулзалтын дараа дээрх улсуудын хооронд итгэлцэл бэхжиж, цэргийн зардлаасаа багагүй мөнгийг суллаж авах ёстой байв. Хэлэлцээрийн үр дүнд дээр нэр дурьдсан орнууд “Шанхайн тавал” хэмээх бүлгийг байгуулсан түүхтэй. Энэ бүлэг таван жилийн дараа, Узбекистаныг нэгтгэснийхээ дараа нэрээ Шанхайн хамтын ажиллагааны байгууллага болгож өөрчилж, үйл ажиллагаан хүрээгээ нэлээд өргөн хэмжээнд тодорхойлсон дүрмийг баталсан юм. Үйл ажиллагаа нь тогтмолжиж, Ерөнхийлөгч, Засгийн газрын төвшний уулзалтуудыг жил бүр хийдэг болжээ.

2004 онд Монгол, Иран, 2012 онд  Афганистан улсуудад ажиглагч гишүүний статус олгож, 2009 онд Беларусь, Шри Ланка, 2012 онд Турк улсыг хамтран ажиллагч улс болгожээ. 2017 онд Энэтхэг, Пакистаныг элсүүлснээр гишүүдийн тоо наймд хүрээд байна.   

Зорилго, үйл ажиллагаа

2002 оны зургадугаар сарын 7-нд батлагдсан байгууллагын дүрэм буюу “Харти”-д ШХАБ-ын зорилгыг дараах байдлаар тодорхойлжээ.

-Гишүүн орнуудын хоорондын харилцан итгэлцэл, нөхөрлөл, сайн хөршийн харилцааг бэхжүүлэх;

-Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдлыг хадгалах, бэхжүүлэх зорилгоор олон салбарыг хамарсан хамтын ажиллагааг хөгжүүлэх, улс төр, эдийн засгийн хувьд ардчилсан, шударга, оновчтой олон улсын дэг журам бий болгоход туслах;

-Алан хядах, салан тусгаарлах, хэт туйлшралын эсрэг хамтарсан эсрэг тэмцэх, мансууруулах бодис, зэвсгийн хууль бусаар хил давуулан худалдах, бусад үндэстэн дамнасан гэмт хэргийн үйл ажиллагаа, мөн хууль бус цагаачлалтай тэмцэх;

-Улс төр, худалдаа, эдийн засаг, батлан ​​хамгаалах, хууль сахиулах, хүрээлэн буй орчин, соёл, шинжлэх ухаан, техник, боловсрол, эрчим хүч, тээвэр, зээл, санхүүгийн болон бусад нийтлэг ашиг сонирхлын хүрээнд бүсийн нутгийн хамтын ажиллагааг үр дүнтэй болгох;

-Гишүүн орнуудын ард түмний амьдралын нөхцөл байдлыг тасралтгүй дээшлүүлж, тэгш байдлыг хангахын тулд бүс нутаг дахь эдийн засаг, нийгмийн тэнцвэртэй өсөлт, нийгэм, соёлын хөгжилийг дэмжих замаар ижил түншлэлийн үндсэн дээр хамтран ажиллах;

-Дэлхийн эдийн засагт нэгдэх арга замуудыг зохицуулах;

Гишүүн улсуудын олон улсын үүрэг, үндэсний хууль тогтоомжийн дагуу хүний ​​эрх, үндсэн эрх чөлөөг хангахад туслах;

-Бусад улс, олон улсын байгууллагатай харилцах харилцаа тогтоох, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

-Олон улсын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энх тайвнаар зохицуулах талаар хамтран ажиллах;

-Ирээдүйд үүсэх асуудлуудын шийдлийг хамтдаа хайж олох.

Ийм өргөн хүрээг хамарсан дүрэм баталснаар гишүүн орнуудад хамтран ажиллах том боломж нээгдсэн. Ажиглагчид ч эхэндээ БНХАУ-Төв Азийн эдийн засгийн харилцаа сайжирна харж байв. Гэсэн ч одоогоор эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын хэмжээнд ажилласан зүйлгүй. Хамгийн идэвхитэй нь ОХУ-ын санаачилгаар байгуулагдсан эрчим хүчний клуб юм.

Эдийн засгийн харилцаа нь БНХАУ-аас зээл тусламж, хөрөнгө оруулалт татах хэмжээнд хязгаарлагдаж буй. Энэ талаар хойно жич өгүүлнэ. Харин анх байгуулагдсан шалтгаан болох хил хязгаар, газар нутгийн асуудлаар харилцан итгэлцлийг бэхжүүлэх тал дээр маш үр дүнтэй механизм болж чадсан. Байгууллагын гишүүн орнууд хоорондоо сүүлийн 20 хүрэхгүй жилийн дотор 20 000 км2 орчим газар нутгийг дайн дажингүйгээр шилжүүлсэн юм. Гэхдээ, одоо эргээд харахад, газар нутгийн асуудлаар гарсан бүх шийдвэр БНХАУ-ын талд гарч байсан байх юм. 

ШХАБ-ын гишүүн орнуудын хооронд явагдсан газар нутаг шилжүүлэх ажиллагаа

БНХАУ-ын дарга Зян Зэминь 1996 оны долдугаар сард буюу Шанхайн тавал байгуулагдсан жилдээ л Казахстан, Киргизстанд айлчилж, хилийн заагийг шинэчлэн тогтоох саналыг албан ёсоор тавьжээ. Харин гурван жилийн турш иргэний дайнтай байсан Тажикистаныг тэрээр алгассан юм. Гэхдээ тайван болсных нь дараа газар нутгийн маргааныг нэг мөр болгох нэрээр багагүй хэмжээний газрыг нь авч дөнгөсөн байдаг. ШХАБ-ын гишүүн орнууд харилцан итгэлцлээ бэхжүүлж, маргаантай сэдэв үлдээхгүйн тулд асуудлаа энэ мэтээр цэгцэлсэн. Тэдгээр шилжүүлгүүдийг тоймлоод харвал сонин байх болов уу.    

Казахстан: Казахстан улс БНХАУ-тай маргаантай байсан 34 000 км2 газар нутгаасаа татгалзах шийдвэрийг 1999 оны эхээр “сэмхэн” гэж хэлж болхоор байдалд гаргажээ. Тухайн үеийн парламентад сөрөг хүчний орон зай одоогийнхоос арай илүү байсан тул тэд энэ шийдвэрийг эсэргүүцсэн нь мэдээж. Гэвч төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Казахстан улс БНХАУ-тай маргаантай газар нутгийнхаа 56.9 хувийг авч үлдлээ” гэж сурталчилсаар хоёрдугаар сарын 9-нд Мажилисаар зөвшөөрүүлж, гуравдугаар сарын 10-нд Сенат, есдүгээр сарын 24-нд Ерөнхийлөгч батламжилснаар хүчин төгөлдөр болжээ. Үлдсэн 43.1 хувь нь БНХАУ-ын мэдэлд шилжсэн байна.   

Киргизстан: Хятад-Киргизийн хооронд явагдсан хилийн зааг шинэчлэх хэлэлцээр Казахстаныхыг бодвол хүндрэлтэй явагдсан байдаг. Тэд 1250 км2 газрыг БНХАУ-д шилжүүлэхийг зөвшөөрсөн ч энэ нь сөрөг хүчнийг Ерөнхийлөгч Аскар Акаев руу довтлох шалтгаан болж өгчээ. Хил шинэчлэх ажил 2001 онд эхлэх байсан ч Парламент энэ асуудлыг хэлэлцээд хойшлуулсан юм. Гэвч А.Акаев 2002 онд хил шинэчлэх асуудлыг хүлээн зөвшөөрч, энэ талаарх гэрээг БНХАУ-ын албаны хүмүүстэй байгуулахаар хилийн чанадыг зорьж байжээ. Асуудал ингээд шийдэгдсэн ч 2003 онд парламентын хэсэг гишүүд дээрх хэлцлийг хүчингүй болгохыг шаардан улс төрийн нюанс үүсгэж байв. Киргизчүүд одоо ч энэ асуудалд эмзэг ханддаг хэвээрээ. БНХАУ-д тавьсан их хэмжээний өр газар нутгаасаа хагацахад хүргэнэ гэж ярьдаг улс төрчид олон байгаа. БНХАУ Киргизстаны нийслэл Бишкекийн орчимд 3371 га /нэг га 100х100 буюу 10 000 м2/ газар эзэмшээд оронд нь Бээжинд 25 соот /нэг соот 10х10 буюу 100 м2/ газар өгөх саналыг өнгөрсөн жил тавьсан. Киргизүүд энэ саналыг нь судалж байгаа.      

Тажикистан: БНХАУ Тажикистантай хил шинэчлэх гэрээг мөн л 1999 онд байгуулсан ч Тажикистан 2002 онд л 1122 км2 газар нутгаа шилжүүлэхээр зөвшөөрчээ. Энэ шийдвэр Казахстан, Киргизстанд гарч байсантай адил хариу үйлдлийг харуулж, нийгэмд ихээхэн эсрэгцэл үүсгэсэн. Ялангуяа БНХАУ-ын харъяанд орохоор болсон Горно-Бадахшанскийн хязгаарын оршин суугчид энэ тал дээр эсрэг саналтай байв. Тэд шийдвэр гаргах эрхийг тухайн орон нутагт өгөхийг шаардсан юм. Энэ асуудал шийдэгдэлгүй явсаар 2011 онд, Парламентад сөрөг хүчний нам хоёрхон суудалтай үлдсэн үед шийдэгдсэн ба йдаг. Сөрөг хүчний нэг төлөөлөл Саидумар Хусайни энэ үед “Хэзээ ч Хятадынх байгаагүй газар нутгийг шилжүүлэх гэж байгаа учраас олон нийтийн санал асуулга явуулах ёстой” гэж олонтаа яриад тусыг эс олжээ. Тэр тусмаа Горно Бадахшаны иргэдээс хэн ч юу ч асуугаагүй.

Энэ асуудал 2013 онд дахин хөндөгдөхөд Тажикистаны сөрөг хүчин Социал демократ намын дарга Рахматулло  Зоиров Ираны “Хорасан” радиод ярилцлага өгч, тажикистаны эрх баригчид олон нийтэд зарласнаасаа илүү газар нутгаа БНХАУ-д алдсан талаар мэдэгдэж байв. Тажикстаны эрх баригчид дээрх маргаантай шийдвэрийг гаргасныхаа дараа оросуудад эзэмшүүлж байсан Хатлоны бүс нутагт 2000 га газрыг БНХАУ-ын тариачдад эзэмшүүлэх шийдвэрийг мөн гаргасан юм.

Эмомали Рахмон, Ши Жиньпин

ОХУ: ОХУ-д В.Путин хэмээх түүхэнд баттай бичигдэж үлдэх хүчирхэг удирдагч бий. Гэвч ШХАБ-ын хамтын ажиллагааны хүрээнд түүний хийж хэрэгжүүлсэн ажилд оросууд сэтгэл дундуур байдаг. Хүчирхэг удирдагчийн хамгийн том сул тал нь ч гэж хэлж болно. В.Путины засаглалын жилүүдэд ОХУ нийт 337 км газар нутгаа БНХАУ-д шилжүүлж өгчээ. Хамгийн сүүлд жилийн өмнө буюу 2018 оны гуравдугаар сард Алс Дорнодын Хубуту голын эрэгт орших 4.7 км2 газар нутгийг БНХАУ-ын талд шилжүүлэх зарлиг гаргасан. 2004 онд Даманы арлыг БНХАУ-д шилжүүлсэн нь тухайн үедээ иргэдийн дургүйцлийг хүргэж байв. Даманы арлын хилийн заставын 58 хилчин хилийн зөрчлөөс болж амиа алдсан байдаг аж.

ОХУ: Хилчдийн цус, амиараа хамгаалсан газар нутаг болох Даманский арлыг БНХАУ “Хил орчмын хамтын ажиллагаа” нэрийн дор шилжүүлж авсан байдаг. Агуу их Орос орны хувьд 337 км2 гэдэг өчүүхэн байж болох ч газар нутаг бол газар нутаг билээ.  Оросууд “Хятадын аюул” гэж ярих дуртай, газар нутгаа алдах вий гэж болгоомжилдгоо ил тод илэрхийлдэг. Тэгвэл энэ айдсыг нь В.Путин өөрийн саналаар биежүүлж байгаад тэд дургүйцдэг. В.Путин 2015 оны арванхоёрдугаар сарын 29-нд "ОХУ-ын нийгэм-эдийн засгийн хөгжлийн ахиц дэвшлийн тухай" хуульд гарын үсэг зурсан. Сибирийн бүс нутагт хөрөнгө оруулсан гадаадын компани ажиллах хүчийг ямар нэгэн хязгааргүйгээр оруулж ирэх бололцоог энэ хуулиар олгосон байдаг. Түүнээс гадна БНХАУ ОХУ-д их хэмжээний газрыг түрээсээр эзэмшдэг байна.  

БНХАУ энэ бүх ажиллагааныхаа дүнд сүүлийн 15 жилийн дотор 16 мянган км2 нутгийг Төв Азийн орнуудаас “салгаж” дөнгөжээ. 

ШХАБ бол БНХАУ-ын эдийн засгийн агуулгатай төсөл хөтөлбөрүүдэд орох тийз

БНХАУ “Торгоны зам”, “Нэг бүс нэг зам” хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгааг бүгд мэдэж байгаа. Энэ төсөл хөтөлбөр ШХАБ-ын гишүүн орнуудыг хамарч байгаа бөгөөд гишүүн орнууд БНХАУ-тай энэ салбарт хамтарч ажиллах, ШХАБ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын санаачилгаар байгуулагдсан хөгжлийн банкнаас санхүүжилт авах эрхтэй. Мөн БНХАУ-аас хөрөнгө оруулалт татах тал дээр бусдаас илүү боломжоор хангагддаг байдал ажиглагдаж байна.     

2000 гаруй жилийн өмнөөс ашиглагдаж байсан Ази-Европыг холбосон их замыг дэлхий нийт ерөнхийд нь “Торгоны зам” гэж нэрлэдэгийг уншигчид мэдэх биз. Торгоны их зам нь Хятадын эртний Хан улсын нийслэл Чанань хотоос эхэлж, умард, өмнөд нутаг руу хоёр салан явсаар Ганьсу муж, Шинжаанаар БНХАУ-аас гарч, Дундад Азийн улс орнуудаар дамжин Энэтхэг, Араб, Перс, Туркт хүрдэг байжээ. Энэхүү түүхэн ач холбогдол бүхий авто замын сүлжээг сэргээх ажил БНХАУ-ын санаачилгаар хийгдэж байна.

Зам баригдсанаар БНХАУ Европтой хийх худалдаагаа үлэмж өргөжүүлэх боломжтой болох бөгөөд зам дайрч өнгөрсөн улсуудад ч үлэмж өгөөжөө хайрлах боломжтой гэдэг утгаараа Төв Азийн улсууд ихээхэн сонирхож буй. Бүтээн байгуулалтын ажил нь 2009 онд Казахстанд “Баруун Европ-Баруун Хятад” нэрийн дор хэрэгжиж эхэлсэн. “Торгоны шинэ зам” дайрч өнгөрөх, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Дундад Азийн бусад улс орнуудын хувьд зам байгуулах санхүүгийн хувьд дутагдалтай байгаа нь төслийг хойш татах шалтгаан байсан. Гэвч БНХАУ хөрөнгө мөнгөөр туслан бүтээн байгуулалт үргэлжилсээр байна. 2014 онд Тажикистаны Душанбед болсон ШХАБ- ын ээлжит чуулган дээр бүс нутагт автозамын сүлжээг сайжруулах чиглэлээр таван тэрбум ам.доллар гаргахад бэлэн гэж мэдэгдсэн нь үүний нэг л жишээ юм. БНХАУ-ын энэ мэт хэт мэриймтгий энэ байдал ялангуяа ОХУ-ын зүгээс болгоомжлольыг төрүүлж байгаа ч яаж ч чадахгүй байна.

БНХАУ ШХАБ-ын гишүүн Казахстан, Тажикистан, Киргизстан зэрэг орнуудад ашигт малтмалын олон тооны ордуудыг эзэмших болсон бөгөөд “Торгоны зам” сүлжээ сэргэснээр эдгээр ордоос олборлосон ашигт малтмалыг зөөх, нутгийн гүнд авчирч боловсруулаад буцаагаад Европын орнууд руу гаргах бололцоо бүрдэнэ гэж тооцож буй. Энэтхэг, Пакистаныг элсүүлсэн нь Торгоны замын хамрах хүрээг ихэсгэх амбийцтай нь холбоотой гэж дүгнэх шинжээчид бий.

Цэргийн эвсэл болох уу?

ШХАБ хил орчмын маргааныг хэл амгүй, хэлэлцээрийн аргаар шийдэх үүргээ хангалттай биелүүлж ирснийг дээр дурдсан. Харин 2017 онд гишүүнээр элссэн Энэтхэг, Пакистаны хувьд энэ механизм ажиллахгүй байгаа. Кашмиртай холбоотойгоор болж байгаа үйл явц үүнийг баталж байна.

Эдийн засгийн харилцааны хувьд хангалттай механизм болж чадахгүй байгаа гэдгийг дээр өгүүлсэн. Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, чөлөөт худалдааны бүс байгуулах асуудлыг ярьдаг ч ажил хэрэг болсон нь үгүй. Өөрөөр хэлбэл, ШХАБ-ыг байгуулсан зорилго одоо хүртэл эргэлзээтэй хэвээр.

Барууны шинжээчид бол ШХАБ-ыг цэргийн эвсэл болох өндөр магадлалтай гэж үздэг. Гишүүн орнууд нь дээр Хартид тодорхой дурдсанчлан терроризм, салан тусгаарлагчидтай тэмцэх зорилтынхоо хүрээнд үе, үе цэргийн сургуулилт явуулдаг нь ингэж хардах шалтгаан болдог. Гэхдээ тэд өөрсдөө үүнийг эрс үгүйсгэдэг юм. Тухайлбал, 2014 онд Өвөрмонголд болсон таван улсын хамтарсан цэргийн сургуулилтын үеэр Хятадын Ардын чөлөөлөх армийн Жанжин штабын орлогч дарга Ван Нин “ШХАБ бол эвсэлд үл нэгдэх, ямар нэг гурав дахь талд халдахгүй байх зарчмыг баримталдаг бүс нутгийн олон улсын байгууллага” гэж хэлж байв. Гэсэн хэдий ч нэгэн шинжээч “ШХАБ бол эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага биш. ШХАБ-ын орнуудад эдийн засгийн харилцаа байгаа бол тэр нь БНХАУ-тай үүсгэсэн авлага, өглөг л юм” гэсэн нь гашуун ч гэсэн үнэний хувьтай.

Манай улсын хувьд ШХАБ-д элсэх шаардлага байхгүй. Гэсэн ч энэ байгууллага манай улстай хамтрахыг ямар нэгэн байдлаар оролдсоор ирсэн. Мэдээж, манай улсад хоёр хөрштэйгөө харилцах, өргөжүүлж хөгжүүлэх шаардлага байдаг. ОХУ-тай дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлж, БНХАУ-ын байгуулж буй “Торгоны шинэ зам” эдийн засгийн бүсэд багтах гээд зорилтууд бий . Энэ бол ямар нэг эвсэлд цуг орж байж л хийх боломжтой ажил биш. ШХАБ-ын гаднаас ч хийх, хийсээр ирсэн ажил. Гэвч хоёр хөрш өмнө нь энэ байгууллагын гишүүн болохыг ил далд ятгасаар ирсэн нь нууц биш. Дэлхий нийтийн анхаарал Украины асуудалд төвлөрөөд буй энэ эгзэгтэй үед С.Лавров ШХАБ ярьж ирсэн нь үүнийг баталж байна. Гэхдээ "Хамтын ажиллагааны гэрээ байгуулах зөвлөмж өгсөн" гэсэн нь асуудал арай ч гишүүнээр элсэхийг шахах хэмжээнд хүрээгүй болохыг баталж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
настан өвөө нь
настан өвөө нь
2022-07-05 17:43

ШХАБ бидэнд хэрэггүй ........ажиглагч статус аа хадг�##�аж үлдэх ...Монголд минь бүү санаархи ШХАБ д�##�д ор......

Зочин
Зочин
2022-07-06 17:29

ene baiguullagad mongol uls ajiglagchaar baihad l hangalttai.Unendee bol anh hyatad oros 2 dotoodiin islam shashintinuudiin ( chechen dagestan, uigur shinjaan) boslogo hudulguund gadnii iskam ulsuudiin demjleg tuslaltsaag haahiin tuld sanaachilsan baiguullaga.Suuldee oros hytad 2 oir orchimiin ulsuuddaa americ baruunii oroltsoog haah baiguullaga bolgon hogjuulehiig zorison.Zorilgo Ireedui n todorhoi bus ergelzeetei baiguullaga.Jishee n gishuun ornuud boloh hytad enetheg 2 n bainga hiliin zevsegt murgulduun hiideg erh ashigiin zurchiltei uls.Bas enetheg pakistan 2 n daisan shahuu uls.Oros kazah oris yzbekiin hariltsaa tsaaguuraa huiten aduudaltai. Bas hyatad uls ur shirendee gishuun oron boloh tadjikstanii nutagiig n shuud bulaagaad avch baih jisheetei. Ene bol oros hyatad 2 iin l erh ashigiin baiguullaga .busad ulsad yamar ch erh ashiggui baiguullaga.Oros hujaa 2 americ baruunii ornuudiig edgeer ulstai dotnosohiig l hyazgaarlah, islamiin ornuudiin negdel nyagtraliig saaruulah gesen sanaanaas uur uureg zoriltgui demii shahuu 2 ulsiin agent baiguullaga.Mongold bol buur hereggui.

Холбоотой мэдээ

Back to top button