Нийгмийн

"Зураас", "хөндлөвч" арилахад спортын салбарт хувьсгал гарна

Амжилт, үзүүлэлт нь техник технологийн дэвшлээс шалтгаалдаг спортын төрлүүд бий. Эдгээр спортын төрлийн тамирчдын амжилт нэг шинэ технологи гарахад л суга ахидаг онцлогтой. Түүхэнд ийм тохиолдлууд олон байдаг.

Германы хөлбөмбөгийн шигшээ баг 1954 оны ДАШТ-ий хэсгийн тоглолтод Унгарын “домогт” багт 3:8-аар хожигдсон боловч алтын төлөө 2:1-ээр хожиж аваргалсан. Хожсон тоглолтдоо германчууд Ади Дасслерын шаахайг өмссөн нь ялалт байгуулах гол нөхцөл болсон гэдэг.

1997-1998 оны улирлыг “Тэшүүрийн түүхэнд шинэ үеийг эхлүүлсэн” хэмээн онцолдог. Дэлхийн рекорд 14 удаа эвдэгдсэн тэр улиралд тэшүүрчид “слэп скейт” гэх шинэ загварын тэшүүрээр /тэшүүрийн ир нь гуталтайгаа зөвхөн өлмий хэсгээр холбогдсон/ гулгаснаар ийм амжилт гаргасан байх жишээтэй. "Слэп скэйт"-ийг тухайн үед тэшүүрийн спортод гарсан тав дахь хувьсгал гэж нэрлэж байлаа. Гэхдээ дээрх хоёрын аль, аль нь хэрэглэл материалын хамаарлаараа тулгууртай харайлтаас илүү гарахгүй.

 ДӨРӨВ ДЭХ ХУВЬСГАЛАА ХҮЛЭЭСЭН ТУЛГУУРТАЙ ХАЙРАЙЛТ

Эртний Грек болон Крит арлдын эртний оршин суугчдын дунд түгээмэл байсан тулгууртай харайлт XIX зууны сүүлээс спорт шинжиндээ оржээ. Их Британичууд 1886 онд энэ төрлөөр анх улсын аварга шалгаруулах тэмцээн зохиосноор энэ спортын албан ёсны түүх эхэлдэг. Түүнээс хойших 100 гаруй жилд амжилт нь ахисаар зургаан метр гаруйд хүрсэн ч тулгуурын материал хийцийн сайжруулалтаар ерөнхийд нь гурван үед хуваадаг юм.

Эртний тулгуур: 1912 оны зургадугаар сарын 8. Тулгууртай харайгчдын амжилт энэ өдөр анх дөрвөн метрийн хязгаарыг давжээ. Стокгольмийн олимпийн аварга АНУ-ын Маркус Райт 4 м 02 см дээгүүр харайн энэ амжилтын эзэн болсон байна.

Тэр үеийн тамирчид уян хатан чанар багатай модон тулгуур хэрэглэдэг байсан тул бараг л дөрвөн метр дээгүүр гарсан нь их юм гэмээр. Хэдэн зуун тулгуураас өөртөө яг тохирсныг сонгож олох нь тамирчдын хувьд техник давтахтай эн зэрэгцэх шахуу чухал ур чадвар болж байв.

Арай хожуу илүү хөнгөн, бэт бэх хулсан тулгуур хэрэглэх болсноор амжилт бага зэрэг ахисан ч модон тулгуур нь цөөхөн хэрэглээд ашиглалтаас гардаг, чанар нь тухайн үеийн цаг агаарын нөхцөл, агаарын чийглэгээс болж өөрчлөгддөг тул тогтмол амжилт гаргахад төвөгтэй зэрэг бэрхшээл байсаар байв. Модон тулгуур хангалттаөй бат бэх биш учир тамирчид тулгуурын нэлээд урд хэсгээс барих хэрэгтэй болдог. Ингэснээр илүү ачаа өргөж, амжилт хойш татагддаг байлаа. АНУ-ын харайгч Корнелиус Уормердам 1942 онд 4.77 см дээгүүр гарсан нь “Модон тулгуурын эрин”-ий хамгийн дээд амжилт байв.

Металл тулгуур: Металл тулгуурыг 1946 оны Европын аварга шалгаруулах тэмцээн дээр Шведийн харайгчид анх хэрэглэжээ. Энэ нь модон тулгуур шиг цаг агаарын ялгаатай нөхцөл байдалд чанар нь өөрчлөгдөхгүй давуу талтай ч амжилтыг тэгтлээ огцом өсгөчихсөнгүй. Гэсэн ч модон тулгуурын эрин үеийг төгсгөж чадсан юм. Металл тулгуурын үед АНУ-ын алдарт харайгч олноо “Нисдэг пастор” хэмээн алдаршсан Роберт Ричардс олимпийн наадамд хоёронтаа аваргалсан байдаг /”Хельсинки-1952” —д 4 м 55 см, “Мельбурн 1956”—д 4 м 56 см/.

Металл тулгуурын эрин эхэлснээс хойш 11 жилийн дараа л Роберт Гутовски дэлхийн дээд амжилтыг 4 м 78 см болгож, нэг см-ээс ахиулсан юм. 1960 онд Дональд Брэгг 4 м 80 см дээгүүр гарсан нь металл тулгуурын эриний дээд амжилт болон түүхэнд үлджээ. 

Пластик тулгуур: “Ром1960” олимпийн үеэр тулгууртай харайлтын спортод хувьсгал болсон пластик тулгуурыг анх хэрэглэжээ. Үүнээс хойших 34 жилийн хугацаанд дэлхийн дээд амжилт 4 м 80 см-ээс 6 м 14 см болтлоо ахисан юм.   

Фибргласс тулгуур нь маш уян хатан, бат бэх тул амжилтыг гэрлийн хурдаар өсгөсөн. Амжилтад тамирчны биеийн бэлтгэлжилт чухал үүрэгтэй болсон. Үйлдвэрлэгчид тамирчны өндөр, биеийн жинд тохируулж үйлдвэрлэдэг болсон нь амжилтад эерэгээр нөлөөлсөн. Гэхдээ урт тулгуур хэрэглэлээ гээд илүү өндөрт гардаг гэдэг ойлголт өдгөө үгүй болжээ. Тамирчны ур чадвар, тулгуурын давуу тал нийлээд өдгөө хүрэх дээд хязгаартаа бараг хүрчихээд байна. Украины алдарт Сергей Бубкагийн тогтоосон 6 м 14 см-ийн амжилт олон жил оршин тогтсон, А.Дюплантисынх түүнээс ч удаан тогтох магадлалтай. Өөрөөр хэлбэл одоо С.Бубка, А.Дюплантис нар шиг байгалиасаа авьяастай сод хүмүүн тодрох юм уу дундаж тамирчныг сансрын өндөр дээгүүр давуулаад шидчих шинэ төрлийн тулгуур бүтээх л дээд амжилт тогтоох арга болоод байна.

ДИЖИТАЛ, ЗУРААС, ХӨНДЛӨВЧ ЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧЛЭХ БОЛОМЖ

Тэгэхээр, дээр дурдсанаас өөрөөр рекорд эвдэх боломж байгаа юу гэвэл мэдээж байгаа. Гэхдээ энэ боломжийн талаар хэлэхээсээ өмнө эхлээд байгаа хоёр боломжийг авч үзье. Тулгуурын хувьд, фиберглассыг орлох материал одоогоор байхгүй учир эрин үе нь дуусах яагаа ч үгүй гэдэгт бүгд санал нэгдэж байна. Харин тамирчны тухайд боломж бий. Одоогийн тамирчдын дундаас Шведийн А.Дюплантисыг нэрлэж болно. Тэрбээр 6 м 17 см дээгүүр гарч дээд амжилт тогтоон, одоо 6 м 22 см болгож ахиулаад байгаа. С.Бубкагийн тогтоосон 6.14 см түүний хүрч чадах дээд хязгаар биш байсан гэдгийг бодолцсон ч сайн тамирчин төрөхдөө л төрнө. С.Бубка дээд амжилтыг 5 м 84 см, 5 м 88, 5 м 90, 5 м 94, 6 м 00 болгож эвдсэнийхээ дараа “Нэг см...”-ийн горимдоо орсон. Түүнээс хойш дээд амжилтыг нэг, нэг см-ээр эвдсээр 1994 он хүрсэн юм.

Үүнд ОУХАХ-ноос дэлхийн дээд амжилт эвдсэн тамирчинд олгдог мөнгөн шагнал ч нөлөөлсөн нь тодорхой. Харамсалтай нь, ингэж нэг, нэг см-ээр мөлхөж явах хооронд С.Бубкагийн ид үе нь өнгөрчихсөн юм. Токиод болсон ДАШТ-д түрүүлэхдээ 5 м 95 см дээгүүр маш нөөцтэй гарсан. Япончууд сүүлд тооцоолж үзээд С.Бубка тэр үед 6 м 37 см дээгүүр гарсныг тогтоосон байдаг. 

Дасгалжуулагч Виталий Петров нь А.Дюплантисыг дээд амжилт тогтоосны дараа өгсөн ярилцлагадаа “6 м 40 см дээгүүр давах боломж байсан. Гэхдээ чадаагүй гээд муу зүйл биш. Елена Исинбаевад нэг удаа “Яагаад 5 м 20 см, 5 м 30 см дээгүүр харайхгүй байгаа юм бэ, чи чадна шүү дээ” гэхэд “Яах юм бэ. Намайг ялах хэн ч байхгүй байхад ингэх шаардлагагүй” гэж хариулсан” хэмээн өгүүлсэн байсан.

Харин одоо дээр хальт дурсаад орхисон, зөвхөн тулгууртай харайлт гэлтгүй хөнгөн атлетикийн бусад төрлийн дээд амжилтыг ч одоо байгаагаас нь өсгөх тэр боломжийн талаар ярилцья.

Тамирчны амжилтыг технологи ашиглаж хэмжсэнээр энэ амжилтад хүрч болно. С.Бубка 1991 онд Токиод 6 м 37 см дээгүүр гарсан гэж дээр хэлсэн. Тэгвэл өнөө үед хөндлөвчийг гэрлийн технологиор орлуулснаар тухайн тамирчны амжилтыг өсгөх боломжтой. Уртын харайлтад жишээ нь, тамирчин улаан шугам дээр хөлөө тааруулахын тулд хөдөлгөөнөө хязгаарлдах тохиолдол гардаг. Маш хол харайсан ч улаан шугам гишгэсэн гэдэг шалтгаанаар тооцуулалгүй өнгөрдөг. Тэгвэл шинэ дүрэм гаргаж, тамирчны амжилтыг харайсан  газраас нь тооцдог болчихвол амжилт ахих нь тодорхой юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button