ДЭЛХИЙ

Монгол Улс дайныг өргөжүүлэхээс түдгэлзсэн НҮБ-ын санал хураалтын тойм

Украины бүрэлдэхүүнд байсан Донецк, Луганск, Запорожье, Херсон дөрвөн мужид санал асуулга явуулан өөртөө нэгтгэсэн ОХУ-ын асуудлаар НҮБ санал хураалт явуулж, манай улс түдгэлзсэн санал өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ удаад санал хураалтын тойм мэдээллийг хүргэж байна.

ДАЙТАХ ЗӨВШӨӨРӨЛ ХҮССЭН АГУУЛГА

Юуны түрүүнд, энэхүү санал асуулга нь өнгөн дээрээ дөрвөн мужийн санал асуулгын талаар байсан ч цаад зорилго нь АНУ болон барууны ертөнцийн орнууд санал асуулгыг хууль бус болсон гэдгийг дэлхийн улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх, улмаар ОХУ-ын үйлдлийг буруутгаж, хориг тавих болон бусад шийтгэлийн бусад арга механизмыг хэрэгжүүлэх /үүнд цэрэг дайны асуудал ч орно/ ажилдаа олон улсын дэмжлэгийг авах явдал байв.

Санал хураалтаар хуралд оролцсон 183 улсын 143 нь санал асуулгыг хууль бус гэж үзсэн бол Беларусь, БНАСАУ, Никарагуа, Сири, ОХУ гэсэн таван улс татгалзаж, БНХАУ, Энэтхэг, ӨАБНУ, Армен, Казахстан, Кыргызстан, Тажикистан, Узбекистан зэрэг 35 улс түдгэлзсэн. Санал асуулгыг ийнхүү “Хууль бус” гэж үзсэний дараа АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин, армийн ерөнхий командлагч Марк Милли нар Брюссельд УАЦЭ-ийн Батлан хамгаалахын яамны сайд нартай уулзаж, Украиныг дахин зэвсэглэх, пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах асуудлаар ярилцсан байна.

Уг уулзалтад оролцсон Франц, Канад, Нидерланд, Герман улсууд уг санаачилгыг дэмжжээ.

143 САНАЛЫН ХЭД НЬ БОДИТ ВЭ

Санал хураалт явж дууссаны дараа НҮБ дахь ОХУ-ын байнгын төлөөлөгч Василий Небензя “Барууны орнууд ОХУ-ыг буруутгахын тулд бусад улсуудад дарамт шахалтыг ихээр үзүүллээ. Үүнд Ерөнхий Ассамблейн дарга Чаба Кёрёши бүх талаар дэмжлэг үзүүлсэн” хэмээн буруутгасан.

ОХУ энэхүү санал хураалтыг аль болох даруйхан, нууц санал хураалтаар шийдэх санал гаргасан ч НҮБ зөвшөөрөөгүй юм. В.Небензя энэ шийдвэрт ихэд уурсаж, Ерөнхий Ассамблейн дарга хөгжиж байгаа улсуудын дуу хоолойг боомилох, сүрдүүлэгчдэд сүрдүүлгээ хийх боломж, хугацаа олгож байгаад харамсаж байна” хэмээн шүүмжилсэн.

В.Небензя

Тэрбээр санал хураалтыг нууц горимоор явуулсан бол санал асуулгын дүн өөр гарах байсан гэдэгт итгэлтэй байгаагаа олонтаа илэрхийлж байсан юм. В.Небензягийн хардаж байгаачлан, НҮБ-ын ихэнх орнууд “хөшигний цаана” саналаа өгчихсөн бол ОХУ, барууны орнуудтай аль алинтай нь найрсаг хөршийн бодлого баримталдаг зарим орнууд ацан шалаанд орсон гэж болно. Гэхдээ нэг бодлын хэцүү ч нөгөө бодлын амар. Ялангуяа шатах тослох материал, эрчим хүчний хувьд ОХУ-аас хамааралтай, гадаад харилцаандаа ”гуравдагч хөршийн бодлого” баримталдаг манай улсын хувьд шийдвэр гаргахад нэг талдаа амар байсан гэж болно. Барууны орнууд нэгэнт ОХУ-ын эсрэг цэрэг дэвсгийн илүү хүчээр дайрах, өрөөр хэлбэл дайныг өргөжүүлэх агуулгаар санал асуулга явуулж буй тул манай улс түдгэлзсэн байр сууриа хэвээр хадгалав.

ГУРАВДАГЧ ЕРТӨНЦИЙН ОРНУУД ОХУ-ТАЙ ХАМТ ҮЛДЭВ

Хуралд 192 орны төлөөлөгч ирснээс 143 нь Москваг буруутгаж, ОХУ-тай нийлээд таван улс дэмжсэн байна. 35 орон түдгэлзэж, 9 орон санал асуулгад оролцохоос татгалзжээ. Хэдийгээр санал асуулгад оролцогчдын ихэнх нь Москваг буруутгаж, санал асуулгыг хууль бус гэж үзсэн ч Москва Украины асуудлаар барууны орнууд болон гадаад ертөнцөөс бараг тэнцүү хэмжээний дэмжлэгтэй байна хэмээн дүгнэсэн.

Ингэж дүгнэх болсон шалтгаанаа тэд “Европын холбооны 28 орон бүгд Москваг эсэргүүцсэн санал өгсөн, ирээдүйд Европын холбоонд нэгдэх горьдлоготой байгаа Албани, Македон, Черногор зэрэг улсууд тэдэнтэй нэгдсэн” хэмээн тайлбарлаж байгаа юм.

Барууны орнууд эдийн засгийн тусламж дэмжлэг үзүүлэх, эвсэлд нэгтгэх /Европын холбоонд нэр дэвшигч зүүн Европын орнууд/ горьдлого зэргээр урхидан өөртөө нэгтгэх боломжтой бол гуравдагч ертөнцийн орнууд буюу Ази, Латин Америкийн орнууд харьцангуй бие даасан шийдвэр гаргах боломжтой байдаг юм.

Европын холбоонд УАЦЭ-ийн үйл ажиллагааг шүүмжилсэн, ОХУ-тай харилцах харилцаагаа сайжруулж, нөхцөл байдлыг энхийн засмаар шийдэхийг хүссэн улс орнууд байдаг. Гэсэн ч газар нутаг нэгтгэсэн асуудлыг дэмжих нь юу л бол. В.Небензягийн хардлага үнэн байгаад ч барууныхны дарамтад орсон улсын тоо 5, 10-аас хэтрэхгүй болов уу.

ОХУ ДЭМЖЛЭГЭЭ АЛДЖЭЭ

ОХУ Крымыг нэгтгэсний дараа НҮБ мөн ийм санал асуулга явуулахад 193 орны төлөөлөгч ирснээс 100 нь Москваг буруутгаж, 11 улс дэмжиж, 58 орон түдгэлзэж, 24 орон санал асуулгад оролцохоос татгалзаж байв. Тэгвэл энэ удаа 143 улс буруутгав.

БРИКС гэж нэрлэгддэг худалдааны хамтын ажиллагааны байгууллагад багтдаг орнууд буюу БНХАУ, Энэтхэг, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс Москвагийн үйлдлийг шүүхгүй хэмээсэн бол Бразил улс буруутгасан нь анхаарал татлаа. Оросуудын хувьд, барууны орнуудын нөлөөнд тэр бүр лав ороогүй гуравдагч ертөнцийн орнуудаас илүү дэмжлэг хүлээсэндээ ихээхэн олзуурхахаас өөр зам үлдсэнгүй.

Яг түс, тас “Тийм”, “Үгүй”-г тооцвол зөрүү их, түдгэлзсэн орнуудыг ОХУ-ыг дэмжсэн гэж үзэж болохгүй ч тэдгээр улс нь ямар нэг байдлаар ОХУ-тай ашиг сонирхол нэгтэй, аль эсвэл хамааралтай байгаа юм. Түдгэлзэж, татгалзсан орнуудыг ОХУ-ыг дэмжсэн, хэрэгт оролцохоос зайлсхийсэн гэж үзвэл саналын харьцаа 143-52 болж барууны ертөнц илт давамгайлсан байдал харагдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-10-14 00:59

МОНГОЛЧУУД ХЭЗЭЭНЭЭСЭЭ УРВАГЧ ХОЁР НҮҮРТЭЙ

Холбоотой мэдээ

Back to top button