ХКН-ын ХХ их хурал: Барууныхны урьдчилан харж, санаа зовж буй өнцгүүд

Дэлхийн хоёр дахь том эдийн засаг, улс төр, эдийн засгийн тогтолцоонд үзүүлэх нөлөөллөөрөө АНУ, Европын холбоо, Их Британитай хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж буй БНХАУ намын их хурал олон улсын анхаарлын төвд байна.
Eguur.mn энэхүү хурлыг барууны улс орнууд хэрхэн харж, хэвлэлүүд нь ямар өнцгөөр мэдээлж байгаа тухай мэдээллийг хүргэж байна.
Хэдхэн хоногийн өмнө БНХАУ-ын тухай “Төрийн эргэлт гарсан”, “Ши Жиньпин гэрийн хорионд байгаа”, “0 ковид бодлого иргэдийг залхааж, эсэргүүцэл гаргаж байна” гэх зэрэг мэдээллийг дуртайяа сэвж байсан барууны хэвлэлүүд их хурал тулж ирэхэд өнцгөө өөрчилж, БНХАУ-д эсэргүүцлийн хөдөлгөөн гарах ямар ч боломжгүй бөгөөд Ши Жиньпин улс орныг хэрхэн хатуу гараар захирч буй талаар бичих болжээ.
Тухайлбал, “The Economist” цахим хуудаст Ши Жиньпинийг “Дотооддоо эрх мэдлээ бэхжүүлэх чиглэлд маш их хүч чармайлт гаргаж, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч машины “эрэг шураг” бүр нь энэ зорилгын төлөө ажилладаг болгож чадсан” гэж бичжээ.
Харин гадаад ертөнцөд явуулж байгаа бодлогыг нь өөр шигээ дарангуйлагч буюу авторитар дэглэмд илүү ээлтэй хэм хэмжээ, тогтолцоог бий болгох явдал гэжээ.
Хэвлэлд гарч буй мэдээллүүдийг шүүгээд үзвэл та бидний "барууны" гэж нэрлдэг хэсэг бүлэг улс орнууд үндсэндээ доор өгүүлэх үндсэн гурван асуулдалд анхаарал илүүтэй хандуулж байгаа нь тодорхой байгаа юм.
“ХҮНИЙ ЭРХЭЭС ИЛҮҮ УЛСЫН ЭРХ” ҮЗЭЛ САНАА ӨРГӨЖИН ТЭЛЭХ ЭРСДЭЛ
Ши Жиньпиний явуулж буй үйл ажиллагаа нь олон улсын тавцанд Хятадын эрх ашгийг хамгаалах, жин нөлөөг нь нэмэгдүүлэх чин зорилготойг барууны улс төр судлаач, шинжээчид хүлээн зөвшөөрч, бүрэн ойлгож буй хэдий ч уламжлал ёсоор, энэ зорилтоо хэрэгжүүлэхийн тулд хүний эрхийн талаар өөр ямар ч улс хүлээн зөвшөөрөмгүй хэм хэмжээ тогтоож байгааг нь буруутгаж, мөн санаа зовж байна.
Бүр тодруулбал, БНХАУ-ын эд баялаг, эрх мэдэл, жин нөлөө нь бэхжихийн хэрээр төрийн хэлбэр нь аялдан дагалдагч бусад улсын хувьд хэм хэмжээ болж, газар авч эхлэх вий хэмээн түгшиж байгаа юм. Ийм бодлого нь эх оронч хүмүүст эхлээд зөв мэт санагддаг ч яваандаа аймшигтай үр дүнд хүргэж болдгийг түүх гэрчилнэ гэх маягаар анхааруулан бичиж байна.
“ХОЁР НҮҮРТ” БОДЛОГО ҮРГЭЛЖЛЭХ ЭРСДЭЛ
Барууны орнуудын хувьд, ОХУ-д тавьж буй хориг арга хэмжээг нь хамгийн ихээр сулруулж буй улс бол БНХАУ. Барууныхан хэчнээн хориг тавьсан ч БНХАУ үүнийг нь өөртөө ашигтайгаар эргүүлж /нүүр, газрын тос, байгалийн хийг арай хямд авч байгаа/, улмаар ОХУ-д ч амьдрах боломж өгч буй.
Өөрсдөө олон зуун жилийн турш бий болгосон баялагтаа дулдуйдаж байгаад ОХУ-ыг туйлдаах гэсэн энэ бодлого нь бүтэхгүй, цаг хугацаа их шаардах болоод ирэхэд элбэг хангалуун амьдралд дассан иргэд нь тэсгэл алдаж, эргээд өөрсдөө асуудалд орж эхэлж байна.
Хятадууд харин Украины асуудалд оролцохгүй гэж байгаа ч мөнгө санхүүг нь бэлдэлцэж, хамгийн их үүрэгтэйгээр оролцож буйд барууныхан сэтгэл маш дундуур буй. Тиймээс энэ “Хоёр нүүрт бодлого” /Барууныхан өөрсдөө л ингэж нэрлэж байгаа/ бодлого цаашид ч үргэлжлэх вий хэмээн санаа зовж байгаа аж.
ХЭН, ХЭН, ИРЭХ ТАВАН ЖИЛД ЮУ ХИЙХ ВЭ
Барууныхны төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татсан сэдэв бол улс орныг удирдах эрх мэдэлтнүүдийн сонгууль болоод баримтлах бодлого байгаа нь зайлшгүй. Энэ их хурлаас уламжлал ёсоор ХКН-ын Төв хорооны 205, Улс төрийн товчооны 25 гишүүнийг сонгоно. Улс төрийн товчооны 25 гишүүний долоо нь УТТ-ны Байнгын хорооны гишүүн байдаг. Үндсэндээ энэ 230 хүнд улс орны эрх мэдэл төвлөрдөг. Тиймээс эдгээр албан тушаалуудад хэн, хэн гэдэг, ямар хүн байрших нь маш чухал юм.
Анхаарал татаж, санаа зовоож /мэдээж барууны орнуудын/ буй дараагийн асуудал нь хүчээ авч, олон улсын жишиг болох хандлагатай байгаа /Куба улс зах зээл, төрийн оролцоо хосолсон замаар хөгжихөө зарлаад буй/ "Хятадын онцлогтой социализм"-ын цаашдын хөгжил. ХХ их хурлаас энэ асуудлаар бодлогын баримт бичиг гаргах учиртай.
Дашрамд, Eguur.mn ХХ их хурлаар хэлэлцэх асуудал болон БНХАУ-ын улс төрийн эрх мэдлийн тогтолцоо, одоо дээд эрх мэдлийг хэрэгжүүлж шийдвэр гаргаж буй хүмүүсийн талаар өмнө нь мэдээлэл бэлтгэн хүргэж байсныг энд, мөн энд дарж үзнэ үү.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БАРУУНЫХАН болон АНУ бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож шүүлтүүр , хяналт , аз хориг тавьдаг аа болих хэрэгтэй.Монголд ч хүртэл саарал жагсаалт гэх хоригоо оруулж байсан даа.Далд орморууд.