СПОРТ

Өнөө цагийн шилдгийн шилдэг эмэгтэй холимог тулаанч ирэх жилээс тодорно

Холимог тулааны спортын хөгжлийг ихэвчлэн л UFC-тэй холбож бичих нь цөөнгүй. Одоо байгаа холимог тулааны спортын холбоодоос ахмад нь яах аргагүй UFC мөн. Гэхдээ бүх л спортын хөгжлийг ганц байгууллагатай холбож ойлговол өрөөсгөл хэрэг болно.

UFC-гийн араас Недерландад M-1 Global (1997 онд), Японд Deep International (2001 онд),  Англид Cage Warriors Fight Championship (CWFC 2002 онд), Польшид Konfrontacja Sztuk Walki (KSW 2004 онд) гэх мэтээр шинэ холбоод буй болсон бөгөөд зарим нь тухайн үедээ UFC ч атаархмаар идэвхитэй үйл ажиллагаа явуулж байв.

Холимог тулааны спорт сэргэн мандахад эдгээр холбоодын үүрэг оролцоо их байсан нь маргаангүй. Одоо ч гэсэн оройлон манлайлагчид нь л UFC, Bellator, One FC болохоос цаана нь том жижиг олон холбоо бий.

Тулаанчдынхаа чанараар ч төдий дор орохгүй. Бүх цаг үеийн шилдэг холимог тулаанч хэмээх албан бус гуншинг хүртсэн алдарт Хабиб Нурмагомедовын менежер Али Абдель Азиз “Одоо цагийн хамгийн шилдэг эмэгтэй тулаанчийг нэрлэнэ үү” гэсэн асуултад ямар ч эргэлзээгүй “Кайла Харрисон” гэх нэрийг хэлжээ.

Тэрбээр UFC холбооны “нэрийн хуудас” Валентина Шевченко, “ялагдашгүй” Ронда Роузиг нам цохисон Аманда Нуньес, Аманда Нуньесийг сөхрүүлсэн Жулиана Пенья нарыг дурдаж байгаад “Энэ хэдийн хэн нь ч биш” гэж тодотгоод цааш нь “Тэр бол онцгой бүсгүй. Аварга л болохоор заяагдсан...” гэх зэргээр магтаал урсгасан байх юм.

P4P буюу жингийн ангилал харгалздаггүй шилдэг тулаанчдын чансааг тэргүүлэгч Валентина Шевченко Кайла Харрисоны талаар “UFC-д ч бай, биш ч бай түүн шиг сайн тулаанч байгаа нь манай спортод л сайн” хэмээн өгүүлжээ. 

Валентина Шевченко, Аманда Нуньес

Холимог тулааны нүүр царай болсон томчууд амаа олохгүй магтаад байгаа Кайла Харрисон харин PFL буюу мэргэжлийн тулаанчдын холбоо гэх холбоотой олон жилийн гэрээтэй. Энэ холбоо нь эрэгтэй, эмэгтэй зургаан жинд тулаан зохион байгуулдаг бөгөөд оны эцэст жин бүртээ босоо үлдэж аваргалсан тулаанчид нэг сая ам.доллар өгдөг онцлогтой.

Тохойдохыг хориглодог гэх мэт дүрмийн бага сага ялгаа бий. 2018 онд байгуулагдсан нэг холбоо л гэхэд ийм байна. PFL-ийг онцгойлсоны учир нь, тус холбоо шилдэг тулаанч Кайла Харрисоноо Bellator-ын босоо аварга Крис Сайборгтой ирэх жил тулалдуулахаар ярьж байгаа юм. Үүний өмнө UFC холбоо босоо аварга Аманда Нуньесаа мөн Кайлагийн эсрэг тавихыг оролдсон ч тодорхой шалтгааны улмаас бүтээгүй байдаг.

Тэр үед UFC-ийн тэргүүн Дана Уайт “Энэ тулаан явагдсан бол том үйл явдал болох байлаа. Үзэгчид хуйларч, олон сая ам.доллар эргэлдэх байв. Тэгээд Аманда Нуньес Кайлаг ялчихсан бол холбооны түүхэн дэх хамгийн агуу үйл явдлын нэг болох байсан нь гарцаагүй” хэмээн өгүүлж байв. Холбоодод шилдгүүдээ зодолдуулж мөнгө олох хүсэл бий гэдгийг түүний энэ үг харуулна. Тэгэхээр ирэх жил болно гэж яригдаж байгаа Кайла Харрисон, Крис Сайборг хоёрын тулаан их юм шийдэх байгаа биз? 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button