Израилийн сонгууль: Б.Нетаньяхугийн ялалт Украинд хэрхэн нөлөөлөх вэ

Израилийн Парламентын ээлжит бус сонгуульд Ерөнхий сайд асан Бениамин Нетаньяхугийн тэргүүлсэн хэт барууны үзэлт намуудын эвсэл ялалт байгууллаа. Саналын хуудасны 97 хувийг тоолоод байх үед “Ликуд” тэргүүтэй Б.Нетаньяхугийн тэргүүлсэн эвсэл Кнессетийн 120 суудлын 65-ыг авахаар байгаа бөгөөд үүний 32 нь “Ликуд” намд ногдож байгаа юм.
Одоогийн Ерөнхий сайд Яир Лапидын “Еш Атид” нам 24 суудалтай сөрөг хүчин болж буй бол Бецалел Смотрич, Итамар Бен Гвирын “Шашны сионизм” нам 14 суудалтайгаар гурав дахь нөлөө бүхий улс төрийн хүчин болж байна. Сонгуулийн үр дүнг өнөөдөр албан ёсоор зарлаж, Ерөнхийлөгч Ицхак Герцог 9-ний өдөр батламжлах юм.
УЛС ТӨРИЙН ХЯМРАЛ ЭЦЭС БОЛЖ БАЙНА
Израиль улс сүүлийн гурван жил хагасын хугацаанд тав дахь удаагаа Парламентын сонгууль хийж буй нь энэ. Өмнө нь нэг нам дангаараа 50-иас дээш хувийн санал авч чаддаггүй, арай олон суудал авсан нам нь бусадтайгаа тохиролцож чадалгүй хуулийн хугацаагаа дуусгаж, улмаар ээлжит бус сонгууль явуулахад хүрдэг байв.
“Ликуд” нам ихэвчлэн ийм тохиолдлын золиос болж байсан бөгөөд энэ нь Ерөнхий сайдын албыг он удаан жил хашсан Бениамин Нетаньяхугаас уйдаж залхсантай холбоотой гэхээр байдал ч ажиглагдаж байлаа. Харин энэ удаа Б.Нетаньяху сонгуулиас өмнө чиг баримжаа ижил намуудыг нэгтгэснээр энэ эрсдэлээс бүрэн сэргийлсэн.

Ийнхүү сонгуулийн дараа давчуухан хугацаанд явдаг байсан яриа хэлэлцээрийг сонгуулийн өмнө хийснээр, ялсан тохиолдолд удтал үргэлжилсэн улс төрийн хямралыг дуусгах боломжийг бүрдүүлсэн юм.
Б.НЕТАНЬЯХУ ЕРӨНХИЙ САЙДЫН АЛБЫГ ХАМГИЙН УДААН ХАШСАН ДЭЭД АМЖИЛТАА АХИУЛНА
Энэ жил 73 настай Бениамин Нетаньяху хоёр дахь удаагаа Ерөнхихй сайдын албыг дахин хашихаар болж байна. Тэрбээр 1996-1999, 2009-2021 оны хооронд Ерөнхий сайдаар ажиллаж байсан юм.
Сүүлийн удаад түүний он удаан жилийн засаглалыг найман намын эвслийг тэргүүлсэн Нафтали Беннет л тасалдуулсан юм. Гэвч хэтэрхий олон нам чуулсан эвсэл нь дотроо хагарч, улмаар Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Яир Лапид Ерөнхий сайд болсон билээ.
Б.НЕТАНЬЯХУД ТУЛГАСАН ХЭРГҮҮД ХЭРЭГСЭХГҮЙ БОЛОХ УУ
Бениамин Нетаньяхуг Израильд луйвар, авлига, төрийн эрхийг хууль басаар авсан хэрэгт буруутгадаг. Өөрөөр хэлбэл, хэрвээ шүүхээс энэ гэм бурууг нь хүлээн зөвшөөрвөл 10 гаруй жилийн ял авах хэрэг үүрэх хүн Израилийн Ерөнхий сайд болох гэж байна. Тэрбээр өөрөө дээрх хэргүүдийг эрс үгүйсгэдэг билээ.
УКРАИНЫ АСУУДАЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ
Олон улсад сүүлд болж буй сонгууль бүрт Украины асуудал тодорхой хэмжээгээр нөлөөлж буй. Израилийн сонгуульд ч энэ байдал харагдлаа. Санал хураалтын өмнөх өдөр тус улсын телевизүүдээр Украины Ерөнхийлөгч В.Зелинськийн дэлгэрэнгүй ярилцлага цацагдсан бөгөөд тэрбээр ярилцлагадаа Украинд пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем өгөхөөс татгалзаж буй одоогийн эрх баригчдын байр суурийг гайхсан байсан юм.

Тэгэхээр, арабын ертөнцийн эсрэг байр суурь баримталдаг хэт барууны, радикал, консерватив намуудыг нэгтгэж, ялуулах тактик Цагаан ордны өрөөнд зурагдсан ч байж болохыг харуулж буй. Учир нь, Бениамин Нетаньяху ч тэр, одоо эвсэлд нэгдсэн намуудын удирдлагууд ч тэр арабын эсрэг үзэлтэй Ираны эсрэг турхирахад хамгийн тохиромжтой нөхдүүд байгаа юм.
Эндээс харахад, Засгийн газар эмхлэгдсэний дараа Йерусалим Украинд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлж, Ираны эсрэг байр сууриа үлэмж чангатгах хүлээлттэй байна. Бүр тодруулбал, Украины дайныг сунжруулах, олон улсын нөхцөл байдлыг илүү хурцатгах үр дүн гарчээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.