Б.Хурц, Г.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал эхэллээ

ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох эрүүдэн шүүсэн гэх хэргийн давж заалдах шатны шүүх хурал Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр эхэллээ.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 251, 133 дугаар зүйл анги буюу хууль бусаар эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ.
Анхан шатны шүүх хуралдаанаас “Хэргийн нотлох баримт хангалтгүй” хэмээн үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Гэвч прокурор шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн билээ.
Иймд Давж заалдах шатны шүүх маргааныг хэлэлцэж эхэллээ. Прокурорын эсэргүүцлийг хүлээж авбал хэргийг анхан шатны шүүх рүү буцааж шүүх хурлыг дахин явуулна. Хэрэв шүүхээс прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзвэл анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах юм.
Хурал хаалттай үргэлжилж байна.
Б.ГАНСҮЛД











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.