“Таван иргэн нас барлаа, У.Хүрэлсүх, С.Амарсайхан нарыг огцортол тэмцэнэ”

"Гэр хороолол" хөдөлгөөний тэргүүн Б.Батсүх, гүйцэтгэх захирал Я.Мөнгөнцэцэг нар шахмал түлштэй холбоотой асуудлаар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийв. Тэд шахмал түлшний угаарт хордож таван хүн амиа алдсаны төлөө Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан нар огцрох ёстой, албан тушаалаа өгтөл тэмцэнэ гэж тодотгосон юм.
Тэд "Засгийн газрын бодлогын үр дүнд таван хүн, тэр дундаа хоёр хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гараад байхад хотын дарга, Засгийн газрын тэргүүн нь хариуцлага хүлээх ёстой. Шахмал түлшийг эсэргүүцэж, гэр хорооллын иргэдийн газрыг эргэлтэд оруулж, дахин төлөвлөлтийн төслийг үргэлжлүүлэхийг бид удаа дараа шаардаж, тэмцсэн боловч сонсоогүй. Өнөөдөр гэхэд л Чингэлтэй дүүрэгт амьдардаг нэг иргэний түлсэн шахмал түлшнээс тугалга шиг цагаан юм гараад, цагдаа дуудсан шалгуулж байна гэсэн. Тэгээд бидэнтэй хамт ирж чадсангүй. Өмнө нь туршилт хийгээгүй, нэг ч гарын авлага айл өрхүүдээ тарааж, ингэж угаартах эрсдэл бий гэж нэг ч удаа анхааруулаагүй байж өнөөдөр гэр хорооллын иргэдийг буруу галлаж түлсэн гэж буруутгаж сууна.
Цаашид хэдэн хүн амиа алдахыг мэдэхгүй. Тиймээс амь нас, эрүүл мэндээрээ хохирч, үр хүүхдээ золиосолж буй гэр хорооллынхны төлөөх тэмцлээ бид Сүхбаатарын талбайд жагсаалаар эхлүүлнэ. Цаашлаад суулт, өлсгөлөн зарлана" гэлээ.
Б.ГАН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.