Турк улс аврах, эрэн хайх ажиллагааг зогсоолоо

Турк улс газар хөдлөлтийн гамшигт өртөн нурсан барилгуудын нурангиас амьд хүн эрэн хайх, аврах ажиллагааг зогсоожээ. Тус улсын Гамшиг, онцгой байдлын газар (AFAD) энэ талаар мэдээллээ. Тус газрын дарга Юнис Сезар эрэн хайх аврах ажиллагаа хоёр долоо хоног шахам үргэлжилсний эцэст ихэнх мужуудад бүрэн зогссон талаар өнөөдөр албан ёсоор мэдэгджээ.
“Амиа алдагсдын тоо 40,642 болсон. Аврах эрэн хайх ажиллагааг ихэнх мужуудад зогсоогоод байна. Бид манай улсын түүхэн дэх хамгийн хохиролтой гамшигтай нүүр туллаа. Хохирлын хэмжээ 11 мужийг хамарсан” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.
Сири улсад 5800 хүн нас барсны ихэнх нь босогчдын хяналтад байдаг зүүн хойд мужид байгаа бөгөөд нас барагсдын тоо сүүлийн хэд хоногт өөрчлөгдөөгүй юм. ДЭМБ-ын тооцоолсноор, одоо хоёр улсад 26 сая хүнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байна.
Аврах ажиллагаа дуусахаас өмнө тохиосон бас нэгэн гайхамшиг
Туркийн албаныхан аврах ажиллагааг албан ёсоор зогсоохоос хэдхэн цагийн өмнө буюу гамшгаас хойш 12 хоногийн /296 цагийн/ дараа Туркийн Антакья хотод ажиллагаа явуулж байсан Киргизстаны аврагчид барилгын нуранги дороос нэг гэр бүлийн таван гишүүний гурвыг нь аварсан мэдээлэл түглээ.

Аврагдсан хүмүүс нь 49 настай Самир Мухаммад Аккар, эхнэр 40 настай Рагда, 12 настай хүү гэнэ. Тухайн айлын хоёр том болох ихэр охид нь амиа алдаж, эцэг, эх, дүү нь аврагджээ.
“Бид ажиллагааны үеэр хүн хашгирахыг сонссон. Тэднийг амьд гаргаж ирээд бид маш их баярласан” гэж аврах багийн гишүүн Атай Османов олон нутгийн хэвлэлд ярьжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.