Жон Жонсын эргэн ирэлт: Найз бүсгүйгээсээ салж, 20 кг жин нэмжээ

Холимог тулааны UFC холбооны хагас хүнд жинд хаанчилж асан “Яс” хочит Жон Жонс гурван жил завсарласны эцэст октагондоо эргэн ирэх гэж байна. Тэрбээр ирэх ням гарагт UFC холбооны түр зуурын аваргын бүсний төлөө Сирил Гантай тулалдана.
“Яс” Жонсд үүнээс өмнө эргэж ирэх боломж байсан ч эхлээд Фрэнсис Нганну, дараа нь Стипе Миочичтой товолосон тулаан нь бүтэлгүйтсэн юм.
Тэрбээр холимог тулаанд 2011 онд орсноосоо хойш ялагдашгүй тулаанч болж, 22 ялалтынхаа 11-ийг нь бүс хамгаалах тулаанд байгуулан мандаж байв. Чухам тиймээс л ерөнхийлөгч Дана Уайт түүнийг холбооны түүхэн дэх бас нэгэн агуу аварга болох Хабиб Нурмагомедовоос /Хабиб бүсээ гурван удаа л хамгаалсан/ үргэлж дээгүүр тавьж ирсэн юм.

Жон Жонсын уруудалт 2016 онд хар тамхины хэрэгт холбогдсон, улмаар Тиаго Сантос, Доминик Рейес нарыг ил давуу ялж чадаагүй үеэс эхэлдэг.
Рейест бараг ялагдсаныхаа дараа тэрбээр хагас хүнд жингээс хүнд жин рүү өгсөх оролдлого хийсэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл нэг ч тулалдаагүй байгаа билээ. Жон Жонс Доминик Рейестэй хийсэн тулааныхаа талаар “Тэр үед надад айдас гэдэг зүйл алга болсон байлаа. Өрсөлдөгчийнхөө бичлэгийг үзэж судлахаа больж, тулааны өглөөг жирийн ажлын өдөр эхэлж байгаа мэт угтдаг болчихсон байсан. Коллежид байхаасаа надтай тулалдахыг хүсэж бэлдсэн Доминик Рейес шиг сайн тулаанчтай бараг учраагүй байлаа. Тулаанч хүнд айдас зарим талаар ашигтай. Хүнд жинд би яг энэ байдлыг мэдэрч байна” гэж тэрбээр дараа нь ярьж байв.

2021 онд Ф.Нганнутай тулалдах байсан ч UFC-тэй тохирч чадаагүй. Дана Уайтаас 30 сая ам.доллар нэхсэн гэлцдэг. Өнгөрсөн жил Стипе Миочичтой тулалдахаар болсон ч өнөөх нь тулааныг есдүгээр сар хүртэл хойшлуулахыг хүсч, улмаар мөн л цуцлагдсан тул Сирил Гантай тулалдах гэж буй юм.
Хүнд жинд хүнд гартнууд тулалддаг гэдгийг тэрбээр ойлгож буй. Тиймээс өнгөрсөн хугацаанд 20 кг жин нэмж, ямартай ч хүч бяраар дутахааргүй болсон байна. Жилийн өмнө сүйт бүсгүй Жесси Мозесыг гэр бүлийн хүрээнд зодож, улмаар салсан нь бэлтгэл сургуулилтад нь сайнаар нөлөөлсөн. Тэрбээр гоц авьяастан гэгдэж буй Сирил Ганыг ялна гэдэгтээ итэглтэй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.