Иргэд, цагдаа мөргөлдсөн Гүржийн жагсаалын эргэн тойронд: Эрх баригчид ОХУ-ын нөлөөнд автсан уу

Гүржийн нийслэл Тбилис хотод иргэд хоёр дахь өдрөө жагсаж байна. Өнгөрсөн шөнө цагдаагийн нар жагсагчдыг хүчээр тараах гэж оролдсоноос мөргөлдөөн үүсжээ. Цагдаа нар жагсагчид руу даралттай ус шүршиж, нулимс асгаруулагч хэрэглэсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна.
ОХУ, БНХАУ-тай хавсраад Төв Азийн улсуудад барууны нөлөөг хязгаарлахын тулд хэвлэл мэдээлэл, ТББ-уудыг гаднаас санхүүжилт авахыг хориглосон хуулийг шахаж батлуулсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл уржигдар Гүржийн Парламентаар эхний хэлэлцүүлэгтээ орж дэмжигдсэн мөн ижил хуульд “Хэвлэл мэдээлэл, ТББ-уудыг гаднын улсаас 20 хувиас дээш эзэмшилтэй байхыг хориглож, үүнээс дээш хувиа гаднын байгууллагуудад эзэмшүүлсэн байгууллагуудыг “Гаднын тагнуул” гэж үзэх” заалт орсон нь иргэдийг жагсахад хүргэсэн байна. Тодруулбал, хууль боловсруулалтад ОХУ-ын нөлөө орлоо хэмээн бухимджээ.

Өчигдөр орой жагсагчид Парламентын ордныг бүсэлсэн тул цагдаа нар хүчээр тараахыг оролдсон юм байна. Үүнээс болж нэг бус хүн гэмтжээ. Орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлснээр, Парламентын ордны гаднах жагсагчдын тоо 10 мянгаас давсан гэнэ.
Жагсагчид эрх баригчидаа ОХУ-ын нөлөөнд автсан хэмээн буруутгаж, энэ үйлдэл нь Европын холбоонд гишүүнээр элсэх ард иргэдийн хүсэлд харшилна хэмээн болгоомжилж буйгаа илэн далангүй илэрхийлж байгаа ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.