Нийгэм мэдээ

Сураггүй болсон арван иргэний нэг нь нас барж, зургааг нь эсэн мэнд олжээ

Цаг агаарын онц аюулт үзэгдлийн улмаас найман иргэн төөрч, сураггүй алга болжээ. Тодруулбал, Дархан-Уул, Говь-Алтай, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатарт тус бүр нэг, Хэнтийд дөрвөн иргэн алга болжээ. Тэдгээрээс нэг нь нас барж, зургааг нь эсэн мэнд олсон байна. Харин гурвыг нь эрэн хайх ажил үргэлжилж байгаа юм.

-Сураггүй болсон малчныг хоёр дахь өдрөө хайж байна-

Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат иргэн Ш нь тус сумын харьяат малчин Б-ын туслах малчин бөгөөд морьтой харих гэж явахдаа сураггүй алга болжээ. Тэрбээр энэ сарын 20-ны өдрийн 20.00 цагт Хүдэр сумын төвөөс хазаа гэх газрын чиглэлд явж байжээ. Түүнийг сураггүй алга болсон тухай дуудлагыг өчигдөр 15.50 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу эрэн хайх аврах ажиллагааг явганаар болон автомашинаар нийт 40 км зайд зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй юм. Өнөөдөр 09.00 цагаас эрлийг дахин үргэлжлүүллээ.

-Говь-Алтайд сураггүй болсон эмэгтэйг нас барсан байдалтай олжээ-

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Хүйсийн говь багийн Цагаан ташаа гэх газар тус сумын харьяат иргэн О гэрээсээ явган гараад сураггүй алга болжээ. Тодруулбал, О нь энэ сарын 20-ны өдрийн 21.00 цагт утасны сүлжээ барьдаг газар руу гэрээсээ гарсан байна.

Түүнийг сураггүй болсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 21-ний өдрийн 15.23 цагт хүлээн авчээ. Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын ажилчид иргэн 61 настай иргэн О-г эрэн хайсны эцэст гэрээс нь нэг км зайтай Цагаан ташаа гэх газраас цогцсыг нь олжээ. Цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

-Мал хариулж яваад сураггүй болов-

Дорнод аймгийн Баян-Уул сумын Урт багийн харьяат малчин Г нь өчигдөр буюу 21-ний өдрийн 17.00 цагт явганаар малаа хариулж яваад сураггүй болжээ. Энэ талаарх дуудлагыг 19.42 цагт Онцгой байдлын газарт өгсөн байна.

Дуудлагын дагуу Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид малчин Г-г эрэн хайх ажлыг зохион байгуулахаар явсан ч 16-18 м/с цасан шуурга шуурсны улмаас эрлийг зогсоожээ. Улмаар өнөөдрийн 07.25 цагт эрэн хайх ажлыг эхлүүллээ.

Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн айлааст багийн Бригадын төв гэх газрын харьяат малчин Э, Ш нар нь өчигдөр 18.00 цагийн орчимд сумын төвөөс гэр рүүгээ автомашинаар яваад сураггүй болсон байна. Энэ талаарх дуудлагыг өнөөдөр 00.45 цагт хүлээн авжээ.

-Зургаан иргэнийг эсэн мэнд олжээ-

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Увс сайхан багийн Зүүн давааны өвөр гэх газрын харьяат малчин С нь өчигдөр 17.00 цагт явганаар малаа хариулж яваад сураггүй болсон байна. Эрэн хайх ажлын үр дүнд түүнийг долоон цагийн дараа эсэн мэнд олжээ. Тодруулбал, гэрээс нь таван км зайтай Зүүн давааны Өвөр гэх газраас олсон байна.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын хоёрдугаар багийн Зараагийн гашуун гэх газраас малчин Ц өчигдөр 12.00 цагт явганаар малаа хариулж яваад сураггүй болжээ. Эрэн хайх, аврах бүлгийн дөрвөн алба хаагч, ар гэрийн таван хүн эрлийг зохион байгуулсан аж. Улмаар гэрээс нь 10 км-ын зайнаас сураггүй болсноос гурван цагийн дараа эсэн мэнд олсон байна.

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн Бүлээн-Овоо гэх газрын харьяат малчин Ө нь өчигдөр 15.00 цагт явганаар малаа хариулж яваад сураггүй болсон байна. Тус иргэнийг алга болсноос нь хойш долоон цагийн дараа гэрээс нь таван км зайтай газраас эсэн мэнд олжээ.

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан багийн Өргөн-Олом гэх газрын харьяа малчин Э, Б, А нар өчигдөр 18.00 цагийн орчимд гэрээсээ сумын төв рүү автомашинаар яваад сураггүй болжээ. Тухайн иргэд Приус 20 загварын суудлын машинтай зорчиж явсан байна. Улмаар сумын төвөөс 32 км зайд байх Баруун Ухаа гэх газраас өнөөдөр өглөө 07.17 цагийн үед эсэн мэнд оллоо.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button