Нягталъя: Ноён уулын олдворыг хил гаргасан нь 100 жилийн өмнөх явдал

Ноён уулын малтлагын олдвор болох 2.6 метр урттай ширдэг олсныг Эрмитажийн музей руу зөөвөрлөсөн гэх мэдээлэл цахим орчинд түгээд байна. Ингэхдээ дундуур нь хайчлан авч явсан гэх мэдээлэл олон нийтийн дунд түгсэн.
Тэгвэл энэ талаар Археологийн хүрээлэнгээс тодруулахад уг мэдээлэл нь цаг хугацааны хувьд 100 жилийн өмнө болсон хэрэг гэдгийг мэдээллээ.
Дэлгэрүүлбэл, тус хүрээлэнгийн судлаач Н.Эрдэнэ-Очир "Олон нийтийн дунд түгээд буй уг мэдээлэл нь цаг хугацааны хувьд одоогоос 100 жилийн өмнө буюу 1923-1924 оны үеийн Козловын малтлага юм. Тухайн үед Ноён уулын олдворын дийлэнхийг нь Орос руу авч явсан байдаг.
Улмаар 1926 онд буцаан авсан. Одоо манай улсад тус уулын олдворуудыг музейд хадгалж байгаа. Мэдээж хэрэг Эрмитажад ч олон олдвор бий. Зарим хэсгийг нь судалгааны ажилд ашигладаг. Тухайн үед ОХУ руу авч явсан олдворуудаар каталог бэлдэн хэмээж байсан ч уг төслийн ажил нь 1930-аад оны үед зогссон тул олдворуудаа буцаан авч байсан.
Мөн зарим олдворуудыг судлаад эргүүлж өгөх гэрээ бий. Үүний хугацааг дахин сөхөж харах хэрэгтэй. Олон нийтийн дунд түгээд байгаа ширдэг нь Бугат ширмэлийг хэлж байгаа юм. Уг ширмэлийг хайчилсан гэх үндэслэл байхгүй" гэх мэдээллийг өгсөн юм.
Соёлын яамнаас "Цахим орчинд тархсан уг асуудлыг цаг үеэр нь хөөж үзэхэд 1924 онд болжээ. Сүүлийн жилүүдэд ийм төрлийн асуудал нэг ч үүсээгүй" гэв.
А.ДАВАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дээрэмчид авчээ