Нийгмийн

ЧУУЛГАН: Өмгөөллийн тухай хуулийг батлав

Засгийн газраас  өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-нд өргөн мэдүүлсэн Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг  УИХ өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэж батлав. Хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг зургаадугаар сард хийсэн юм.

Тодруулбал, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 53.5 хувь нь Өмгөөллийн тухай хуулийг батлахыг дэмжлээ.

Энэхүү хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад УИХ-ын гишүүн Л.Энхболдоос холбогдох байнгын хорооны дарга болон хуулийн төслийг өргөн мэдүүлсэн гишүүн нь байхгүй тул ирэх долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх горимын санал гаргасан ч дэмжлэг авсангүй. Улмаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Энхболд болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар үг хэлж, байр сууриа илэрхийлснээр санал хураалт явуулж, хуулийн төслийг бүхэлд нь баталлаа.

Хуулийн төслийн талаар Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар “Өмгөөллийн тухай хуулиар зөвхөн өмгөөлөгчийн эрх үүрэг, эрхзүйг тогтоохоос гадна иргэдийн хууль зүйн туслалцаа авах мөн тухайн иргэн өөрийгөө өмгөөлөх эрхзүйн туслалцааг бий болгож байгаагаараа онцлог. Иргэний санал хүсэлт, гомдол гаргах нь нээгдэнэ гэсэн үг. Мөн хууль шүүхийн байгууллагад буюу цагдаа, хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан хүмүүс ажлаас чөлөөлөгдсөн хоёр жилийн хугацаанд өмгөөлөгч хийхгүй гэж хориглосон. Нөгөө талаар шүүгчээс огцорсон, прокуророос халагдсан зэрэг ёс зүйн зөрчлөөр ажлаасаа халагдсан хүмүүс өмгөөлөгчийн шалгалт бүр өгөхгүй байхаар зохицуулсан. Энэ хууль батлагдсанаар өмгөөлөгчдөд тавигдах шаардлага нэмэгдэнэ. Мөн өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ  нууцын зэрэглэлийг нэлээд хатуу зохицуулсан. Зөвхөн гурван үндэслэлээр нууцаа задална. Өнөөдөр мөрдөж байгаа хуулиар хуульчийн сонгон шалгаруулалтад орсны дараа  бүх хүн өмгөөлөгч хийх эрхтэй болдог” гэсэн юм.

У.УЯН

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close