Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ Беларусьт цөмийн зэвсэг байршуулснаар ямар эрсдэл үүсэх вэ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 25-ны өдөр “Беларусь улсад цөмийн зэвсэг байршуулна. Барилга байгууламжийн бүтээн байгуулалтыг ирэх долдугаар сарын 1 гэхэд дуусгана” гэж мэдэгдсэн нь өдгөө олон улсын анхаарал татсан гол сэдэв болоод байна. Түүнийг мэдэгдэл хийхээс ердөө дөрөв хоногийн өмнө Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко “Жинхэнэ уранаар бүтээсэн зэвсэг”-ийн талаар ярьсан нь ийнхүү баталгаажжээ.

Барууны хэвлэлүүдэд В.Путины энэхүү үйлдлийг Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг зөрчиж байгаа гэсэн өнцгөөс хөндөж байна.

Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг тухайн үедээ цөмийн зэвсэгтэй болчихоод байсан таван улс “Бий болгосон цөмийн технологио бусдад дамжуулахгүй” гэсэн агуулгаар 1968 онд байгуулж байсан юм. Түүнээс хойш шинээр цөмийн технологи хөгжүүлсэн улс орнуудыг нэтгэж ирсэн. Нэгдээгүй улс ч бий.  Энэтхэг, Пакистан, БНАСАУ, Израиль гэсэн дөрвөн улс одоог хүртэл нэгдээгүй байгаа.

ОХУ-ын хувьд Беларусьт цөмийн зэвсэг байрлууллаа гээд дайснуудаасаа муухай харагдах уу гэвэл бас үгүй.

АНУ-ын цөмийн зэвсгүүд Европ даяар ОХУ-ыг тойрч бүсэлсэн маягтай байрласан байгаа бөгөөд ОХУ-аас НҮБ-д суух элчин сайд Дмитрий Полянский Европ дахь цөмийн зэвсэггүй улсуудад байршуулсан цөмийн зэвсгээ буцааж татахыг АНУ-аас шаардаж байсан удаатай. “АНУ НАТО-гийн хамтарсан цэргийн хүч нэрээр Европын улс орнуудад стратегийн бус цөмийн зэвсэг байршуулснаараа “Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээг ноцтой зөрчиж байна” гэж тэрээр онцлон тэмдэглэсэн байдаг.

Харамсалтай нь дээрх хоёр тохиолдолд аль ч тал нь нэгнийхээ шаардлагыг биелүүлээгүй бөгөөд цаашдаа цөмийн дайн болох уу гэсэн айдаст хүн төрөлхтнийг улам автуулж байна.

НҮБ-ын ЕНБД Антониу Гуттерриш өнгөрсөн наймдугаар сард Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний орнуудын ээлжит уулзалтын үеэр тавьсан илтгэлдээ “Хүн төрөлхтөн нэг л адлаа, нэг л бодлогогүй алхам хийхэд цөмийн сүйрэлд орох эрсдэлтэй. Цаг үеийн нөхцөл байдал “Хүйтэн дайн”-аас хойш хамгийн түгшүүртэй үедээ иржээ. Нэг л буруу алхам, ганц л алдаа хүн төрөлхтнийг цөмийн сүйрэлд хүргэхээр байна. Бид өнөөдрийг хүртэл маш азтай байж” гэж мэдэгдэж байсан. Өдгөө нөхцөл байдал түүний хэлсэн рүү улам л дөхсөнийг харуулж байна.

ОХУ Украинд цэрэг оруулсныхаа дараа цөмийн зэвсгээ бэлэн байдалд оруулж, “Замд нь хөндөлссөн ямар ч улс түүхэндээ хэзээ ч үзэж байгаагүй үр дагаврыг амсах болно шүү” гэж мэдэгдсэнийг уншигчид санаж буй байх. В.Путин А.Гуттерришийн нээсэн дээрх хуралд ч мэндчилгээ хүргэсэн бөгөөд түүндээ “Цөмийн дайнд ялагч байдаггүй” хэмээн онцолсон байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button