Top StoriesЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн ярилцлага

Б.Заяабал: Ажлын хэсэгтэй тохиролцож чадвал нөгөө тал “Оюу толгой”-н Арбитрын маргааны нэхэмжлэлээ татаж магадгүй

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабалтай татварыг тойрсон асуудлуудаар ярилцлаа. Үүнд, НӨАТ, “Оюу Толгой”-н татварын акт тэргүүтэй сэдвүүдийг голчилсон юм.

-Эхний дөрвөн сарын төсвийн орлогын төлөвлөгөөнөөс 1 их наяд төгрөгөөр давуулан биелэлттэй ажилласан-

-Улсын төсвийн орлого эхний улирлын байдлаар зорилтот түвшнээсээ давсан үзүүлэлттэй байгаа. Орлогын 80 гаруй хувийг татвар бүрдүүлж байна. Өмнөх жил ч давуулан биелүүлсэн үзүүлэлттэй байсан шүү дээ?

-Татварын алба өнгөрсөн онд 8.2 их наяд төгрөгийн төсвийн төлөвлөгөөтэй ажилласан. Жил эцсийн тоон мэдээллээр 9.3 их наяд төгрөгийн төсвийг бүрдүүлж ажилласан юм. Тэгэхээр 1.1 их наяд төгрөгийн төсвийг давуулан биелүүлсэн амжилттай байлаа.

Үүний гол шалтгаан нь сүүлийн хоёр сард нүүрсний экспортыг ил болгох Засгийн газрын тогтоол, арга хэмжээтэй холбоотойгоор төсвийн орлого нэмэгдсэн явдал. Нөгөө талаараа зах зээл дээр ханш нь өндөр байж, экспорт ч нэмэгдсэнтэй холбоотой юм. Мөн цар тахлын өмнөх эдийн засгийн нөхцөл байдалтай тэнцэхүйц хэмжээний өсөлт зарим салбарт анзаарагдсан. Тухайлбал, IT болон үйлчилгээний салбарууд өссөн үзүүлэлттэй байсан юм. Тиймээс төсвийн орлого давуулан  биелэлттэй байлаа.

Орон нутгийн төсвийг татварын алба 100 хувь дангаар бүрдүүлдэг. Харин улсын төсвийн 60-65 хувийг дангаар бүрдүүлдэг юм. Үлдсэн 40-35 хувийг гааль, навигац, лицензийн гэх мэт төлбөрүүдээс бүрдүүлдэг. Төлөвлөгөөгөөр ийм хэмжээнд байдаг ч гүйцэтгэлийнх хувь нь илүү өндөр байдаг юм.

Энэ оны эхний дөрвөн сарын мэдээлэл гарсан. Үүнээс харахад өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.6 орчим их наяд төгрөгөөр их гарсан байна. Хоёрдугаарт, 2023 оны эхний дөрвөн сарын төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтээс нэг орчим их наяд төгрөгөөр давж биелсэн гэх тооцоо гарсан.

-Давуулан биелүүлсэн үзүүлэлттэй гарах гол шалтгаан юу байв?

-Нэгдүгээрт, уул уурхайн салбарт үнийн таатай байдал ноёлсон, хоёрдугаарт, ложистик тээвэр сайжирсан, гуравдугаарт, гол худалдан авагчдын татан авалт нэмэгдсэнтэй холбоотой. Үүий үр дүнд уул уурхайн салбарт гол нэмэлт эдийн засгийн сэргэлт бий болсон нь төсийн орлого өсөхөд нөлөөлсөн.

Мөн уул уурхайн салбарын өсөлт нь бусад салбарт шууд бусаар нөлөө үзүүлдэг. Бусад салбарын нөлөө ч бий. Уул уурхайн салбарын өсөлт 60-70, бусад нь 40-30 орчим хувийн өсөлтийн нөлөө үзүүлсэн гэх тоон мэдээллийг гаргасан. Эдийн засгийн өсөлт ч сайжирсан. Статистикийн хорооноос албан ёсны тоон мэдээллийг танилцуулаагүй ч нэгдүгээр улирлын байдлаар эдийн засаг 7.6 хувиар сайжирсан гэх урьдчилсан мэдээллийг авсан. Эдийн засаг идэвхэжиж, мөнгөний эргэлт хурдсаж, гадаадаад орж буй мөнгө нэмэгдсэн тул тэр хэрээр татварын орлого ч нэмэгдэж байгаа юм.

Мөн манай байгууллагаас цар тахалтай холбоотойгоор олон аж ахуйн нэгжийн татварын өрийг хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн. Цар тахлын хүнд үед Засгийн газраас уян хатан байдлаар ажиллаж, татвараа төлөх боломжтойгоос нь авч, боломжгүй бол бизнесийг нь дэмжихийн тулд өртэй татвар төлөгчдийн өрийг барагдуулахгүйгээр хуримтлуулсан өр бий. Уг асуудал дээр ажиллаж байгаа нь орлого нэмэгдэхэд ч давхар нөлөө үзүүлсэн.

-3 орчим их наяд төгрөгийн татварын өр хуримтлагдсан-

-Өрийн талаар дэлгэрүүлээч. Байгууллагуудаас хуримтлагдсан өр хэр их байна?

-2020, 2021 онд бүхий л салбарууд уналттай байлаа. Тэр дундаа боловсруулах болон уул уурхай, тээвэр ложистикийн салбарууд уналттай байв. Үүнтэй холбоотойгоор эдгээр салбаруудад асар их хэмжээний өр үүсэж, хуримтлуулсан.

Улмаар өнгөрсөн оны хоёрдугаар хагасаа үйл ажиллагаа нь жигдэрч, аж ахуйн нэгжүүд манайхтай хамарч төлөвлөгөө гарган, өрөө төлж байна. Татварын алба дээр гурав орчим их наяд төгрөгийн өр хуримтлагдсан. Үүнийг төлүүлэх ажлыг хийж байна.

Татварын өр цар тахлын өмнө ч байсан. Тайлан өгөх хугацаатай зэрэгцээд татвараа төлөх ёстой байдаг. Ганц хоногоор хоцроход л өр болж бичигдэнэ. Бүхэл мөнгөн дүнгийг нь төлөхөд бутархай хэсэг нь өр болж үлдэх жишээтэй. Цар тахлын өмнө 1.2 орчим их наядын төгрөгийн хуримтлагдсан өр үүссэн байсан юм. Үүний 50 хувь нь хүндрэлтэй өр байсан. Өрөө төлнө хэмээн мэдэгдсэн ч гадаад руу явсан байх жишээтэй.

Тухайлбал, “Оюу Толгой”-д туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан хятад компани тайлангаа өгч, татвараа төлнө хэмээж байсан ч татварын маргаан үүсэнгүүт Монголоос оргон зайлсны улмаас тухайн татварыг хэн төлөх нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн. Үүнтэй ижил жишээнүүд цөөнгүй. Манай хуульд ч өртэй татвар төлөгчийн өрийг данснаас нь хасах явц их хатуу. Зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, нас барсан, өрийг өвлөх хүнгүй, тэр нь шүүхээр тогтоогдсон гэх мэт тохиолдлуудад өрөөс хасдаг. Бусдаар өрөөс хасах ямар ч боломжгүй.

-“Оюу Толгой”-н талаар дурдсаных, тус компанитай холбоотой татварын акт тавьсан асуудал одоо хэрхэн өрнөж байна?

-2018, 2021 онд татварын акт тавьсан нь нийт дүнгээрээ 1.1 их наяд төгрөгтэй тэнцэнэ. Улсад төлөх ёстой юм. Татварын шинэчилсэн хуулиар акт тавьсан бол үл маргах шугамаар шууд төлүүлнэ гэх заалт 2020 оны нэгдүгээр сараас үйлчилж эхэлсэн. Улмаар 2021 онд шүүн маргах журмаар актыг төлүүлсэн юм.

Татварын тайлантай холбоотой 35 зөрчил илрүүлсэн. Үүнээс жижиг зөрчлүүдээ хүлээн зөвшөөрч, хамгийн өндөр дүнтэй долоон зөрчлийг нөгөө тал хүлээн зөвшөөрөөгүй юм. Улмаар Арбитрын шүүхэд хандсан. Татварын маргаан зохицуулах зөвлөлд ч хандсан. Тус зөвлөл нь татварын байцаагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн. Татвар төлөгч Арбитрын шүүхэд хандсанаар өнөөдрийг хүртэл маргаан үргэжилж байна.

Олон улсын Лондонгийн арбитрт хандсан ч процесс нь удаан. Талуудын байр суурийг асуулт хариултаар авдаг, түүнийг нь нөгөө талд дамжуулж, хэлэлцдэг процесс өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа. Мөн Засгийн газраас Зөвшилцлийн ажлын хэсэг гаргасан. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж байгаа. Ажлын хэсэг ч сайн ажиллаж байна. Нөгөө тал ажлын хэсэгтэй асуудлаа тохироод Арбитраас маргааны нэхэмжлэлээ татъя гэх зүйлийг ч ярьж байгаа бололтой юм билээ. Ойрын хугацаанд уг асуудал шийдэгдэх байх гэх хүлээлттэй байна. Юутай ч татварын актыг бүрэн төлсөн. Тэр мөнгийг нь хүн бүрд цар тахлын үеэр 300 мянган төгрөг болгон тараасан.

-НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг 10 болгох ямар ч боломжгүй-

-Бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотойгоор НӨАТ хасуулж бараа худалдан авах нь элбэгшиж байна. Энэ нь далд эдийн засгийг дэмжиж байгаа гэсэн үг үү?

-Татварын хууль тогтоомжийг биелүүлэхгүй байна гэдэг нь далд эдийн засагт шилжиж байна л гэсэн үг. Тэгэхээр бараа зарж байгаа бол зайлшгүй НӨАТ баримт өгөх, нөгөө тал нь зайлшгүй авах ийм л хуультай. Аль нэг тал өгөхгүй, авахгүй байгаа нь хууль зөрчиж байна, далд эдийн засгийг үүсгэж байна гэж ойлгож болно. 

2016 оноос эхлэн хэрэгжсэн НӨАТ албан татварын шинэчлэлийн хүрээнд хийгдсэн хоёр хувийн буцаан олголт, сугалааг оруулсан нь худалдан авах талыг хуулиа биелүүлсний хариуд, баримтаа авсны хариуд төрөөс олгож ирсэн урамшуулал юм. 

Урамшууллын бодлого нь дээр хэлсэнчлэн хоёр янз байгаа. Нэгдүгээрт, НӨАТ төлөгч татвар төлөгчдийн өгч байгаа баримтад ногдох хоёр хувийн буцаан олголт байна. Хоёрдугаарт, НӨАТ төлөгч биш аж ахуйн нэгж, бизнесменүүдийн олгосон баримтыг сугалаанд хамруулан хонжвор олгох бодлого байна. Энэ хоёр бодлого нь худалдан авагч талуудыг хуулиа биелүүлсний төлөө, баримт авсны төлөө олгож байгаа урамшуулал. Манай шиг хоёр хувийг буцаан олгодог урамшуулал хэрэглэдэг орон байхгүй, харин сугалаа зохион байгуулдаг орнууд хэд хэд бий. 

Иргэд далд эдийн засгийг буулгая гэвэл, хуулиа биелүүлье гэвэл баримтаа шаардаж авах ёстой. Хууль бус зүйлтэй эвлэрч болохгүй. 

Нөгөө талаар НӨАТ татвар бол аль ч орны хувьд төсвийн орлогын хамгийн чухал эх үүсвэр болдог. Европын холбооны улсуудын дундаж үзүүлэлтээр төсвийн орлогынхон 34 хувь нь НӨАТ татвараас бүрддэг. Монголд энэ үзүүлэлт төсвийн орлогынхоо 22-27 хувьтай тэнцүү хэмжээнд байгаа. Эндээс харахад НӨАТ татварын хувь хэмжээг бууруулах биш бага байгаа гэдэг нь харагдаж байгаа.

-Эл асуудлыг цаашдаа хэрхэн шийдвэрлэх вэ. Зөвхөн НӨАТ-т найдах уу?

-НӨАТ баримт олгохгүй байгаатай холбоотой гомдол их байгаа. Хуулиараа худалдаа эрхэлж л байгаа бол олгох хуультай. Худалдан авагч нь баримтаа авч бүртгүүлэх хуультай. 

Бид өнгөрсөн онд гэхэд 47 мянган гомдол хүлээн авсан. Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авч байгаа. Зөрчлийн хуулийн дагуу хоёр янзын арга хэмжээ байгаа шүү дээ. Нэг нь сануулах, нөгөө нь торгох. Торгох арга хэмжээг 3000 орчим гомдолд авсан, торгосон зөв буруу гээд шүүхийн шатанд яваа бас нэлээд хэдэн маргаан үүсэн. 

Цаашдаа бид энэ асуудлаа бүрэн шийдэх үүднээс “Бараа бүртгэлийн нэгдсэн систем" хийж ашиглаж эхэлсэн. Эхний ээлжид онцгой албан татварын архи, тамхины төрлийн барааны бүртгэлийг оруулсан үйл ажиллагаандаа ашиглаад явж байна. Энэ нь хилээр орж ирсэн бараа бүрийг бүртгэж дэлгүүрийн касс дээр уншдаг GS13 кодоор бүртгэж гаалийн хашаанаас гаргана гэсэн үг. Ингэснээр тухайн бараа хаана хаана зарагдав, хэчнээн хэмжээний үлдэгдэлтэй байна гэдэг нь шууд харагдах боломжтой болно гэсэн үг. Ингэснээр тухайн бизнесийн орлогыг шууд тооцох, орлого зарлага нь НӨАТ-ын систем дээрээ шууд нийцэж хяналттай явах боломжтой болно.

Одоо бид далд эдийн засаг өндөрт тооцогддог барилгын салбарын импортын бараа бүтээгдэхүүнүүдийг бараа бүртгэлийнхээ системд бүртгэх ажлыг хийж байна. Цаашлаад бүх салбарын бүртгэл энэ системд орсноор эдийн засаг илүү ил тод болно гэж харж байгаа.

-НӨАТ-ын хоёр хувийн урамшууллыг 10 болгох боломжтой юу?

-Ямар ч боломжгүй. Хэрэв бид 10 хувийн буцаан олголт өгөх аваас НӨАТ-аас бүрдүүлж буй төсвийн орлого ТЭГ болно. Төсөвт төвлөрүүлэх орлого байхгүй бол татвар байгаад яах вэ. Төсвийн орлого буурснаар нийгэмд үзүүлэх сайн талаасаа сөрөг тал нь илүү шүү дээ. Цалин тэтгэвэр ч нэмэх боломжгүй болно, сургууль эмнэлгээ ч барих боломжгүй болно гээд яриад байвал их зүйл бий.

-Энэ долоо хоног бол Татвар төлөгчдийн өдрүүд шүү дээ. Энэ өдрийн талаар тайлбарлаж өгөхгүй юү?

-1998 онд Засгийн газрын шийдвэрээр Татвар төлөгчдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болсон. 25 дахь жилдээ энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна. Гол зорилго нь татварын хууль тогтоомжийг сурталчлах, таниулах, сургалт зохион байгуулах, аргазүйгээр хангах гээд олон ажлыг манай бүх албад зохион байгуулдаг. Мөн татвар төлөгчдөдөө талархал илэрхийлэх, төлөөлөл болгон зарим аж ахуйн нэгжийг алдаршуулах арга хэмжээг зохион байгуулдаг. Өмнө татварын алба ТОП 100 татвар төлөгч аж ахуйн нэгжийг шалгаруулдаг байсан. Энэ нь маш явцуу байна гэх иргэдийн саналын дагуу одоо нэг төгрөг төлсөн байлаа ч татвар төлөгчдөдөө талархал илэрхийлэх арга хэмжээ хийх болсон.

Сургалтыг өргөн хүрээнд хийхийг зорьж ажилладаг. Цаашдаа жил бүрийн энэ хоногуудад татварын хичээлийг хүүхэд бүрийн хичээлийн хуваарьт оруулах зорилттой байгаа. Энэ талаар Боловсролын яамтай ярилцаж хөтөлбөрт оруулах ажил хийгдэж байгаа. Одоо бол манай татварын албад сургуулийн удирдлагуудтай ярилцаж зөвшөөрөл олгосон ангиудад татварын ойлголт өгөх яриа хийх хэлбэрээр явуулж байна. 

Бизнес эрхлэгчдийн хүрээнд бид байнга сургалт, аргазүйгээр хангах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Энэ долоо хонгийн онцлох сургалт бол нүүрс тээврийн аж ахуйн нэгжүүдэд тээврийн гэрээг бүртгэх системийг танилцуулах, түүнийг ашиглахтай холбоотой сургалтыг гаалийн байгууллагатай хамтран явуулах гэж байна. Ингэснээр нүүрс тээврийн бүхий л аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа ил болох, татварт бүрэн хамрагдах боломж бүрдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-09 08:55

өөө хөөрхий

Иргэн
Иргэн
2023-05-10 07:26

НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэх ёстой.Манай ойролцоо 100 м-ээс ойр зайд 5 дэлгүүр байдгаас нөат байнга өгдөг нь 2 бусад нь баримт өгдөггүй.Нэхэхээр бараг хэрэлдэх шахна.Захууд дээр наймаа хийгчид огт баримт өгдөггүй. Үсчингүүд огт баримт өгдөггүй ,хүний үсийг 7000-аар за�####�г.Гэр хорооллын дэлгүүрүүд бараг баримт өгдөггүй. Татварынхан энэ т�##�аар ажил хийдэггүй хэрнээ буцаан олголтын хувийг нэмэхгүй гэж хэлж байгаа нь буруу.Бүгдийг нь жигд хамруулаад буцаан олголтын хувиа 6-7 болгоход татварын орлого нэг их буурахгүй.Сангийн яам татварын �##�ба маш муу ажиллаж байна

Анхаа
Анхаа
2023-05-10 07:47

Татварварын мөнгөөөр гараа угаасан амьтад улам олон болж байхад татвар төлнө гэдэг ч хэцүү л байна шүү.

Холбоотой мэдээ

Back to top button