Ё.Баатарбилэг: “Монгол тэмүүлэл” 133 дугаар сургуулиас цөөн сурагчтай учраас нүүлгэхээр шийдвэрлэсэн
Нийслэлийн “Монгол тэмүүлэл”, 133 дугаар сургуулийн хичээлийн байрны маргаан иргэдийг тэр тусмаа эцэг эхчүүдийг багагүй бухимдуулж буй. “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдын эцэг эхчүүд Сүхбаатарын талбайд жагсан энэ асуудлыг яаралтай шийдэхийг харьяа яамнаасаа хүссэн.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Засгийн газрын мэдээ” сонинд ярилцлага өгөхдөө энэ талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Өмнөх сайдууд нэг сургуулийн байранд хоёр сургууль оруулах буруу тушаал гаргасан. Үүнээс болж дээрх хоёр сургуулийн анги танхим хүрэлцэхгүй, сурагчид нь багталцахгүй байраа булаалдаж эхэлсэн. Аль аль нь нүүхгүй гэснээс болж маргаан үүссэн. Үүнийг нийслэлийнхэнтэй ярилцаад цөөн хүүхэдтэй “Монгол тэмүүлэл” сургуулийг хотын төв рүү шилжүүлэхээр шийдвэрлэж, хичээлийн байрыг нь засварлаж байна. Засвар хийх мөнгийг төсөвт тусгаагүй байсныг шийдвэрлэж ажил явагдаж байгаа. “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчид хамран сургах тойргийнх биш. Дүүрэг хамаарахгүйгээр энд тэндээс хичээлдээ явж байгаа сурагчид. Мөн 133 дугаар сургуультай харьцуулахад хамаагүй цөөн сурагчтай учраас нүүлгэх нь зөв гэж үзсэн. Нөгөө сургуульд нь яг тэр хавийн хамран сургах тойргийн хүүхдүүд хичээллэж, багталцахгүй байсан учраас байранд нь үлдээсэн” гэсэн юм.
Н.ГАН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.