ХУУЛЬ

Хичээлдээ ирэхгүй удсан охиныг шалгахад бэлгийн хүчирхийлэлд өртсөн нь тогтоогджээ

-БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ СЭТГЭЛ САНААНД АРИЛШГҮЙ ХАР ТОЛБО ҮЛДЭЭДЭГ-

Бага насны болон өсвөр насны охид бэлгийн хүчирхийлэлд өртөх тохиолдол буурахгүй байгааг холбогдох албаныхан онцолсоор байна.

Бага насны хүүхдийн хүчирхийллийн цаана олон шалтгаан байдаг. Ихэвчлэн эцэг, эхийн хараа хяналт сул, гэр бүл нь тогтворгүй, аав ээж нь салж өөр хүнтэй гэр бүл зохиосон гэх мэтчилэн шалтгаанууд бий.

Харин нөгөө талаас бага насны охид гэнэн итгэмтгий зангаасаа болж бусдад хууран мэхлэгдэх, хүчинд автах, цахим орчинд хууртагдан бусадтай танилцах замаар эсвэл итгэл хүлээлгэсэн ойр дотны, гэр бүлийн хүмүүст хүчиндүүлдэг байна.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид сэтгэл санааны эдгэшгүй шархтай үлдэж улмаар хорт зуршилд автах, хичээлдээ дургүй болох, амиа хорлох сэдэл төрөх, гэрээсээ дайжих зэрэг олон сөрөг нөлөө тэдэнд тулгардаг. Хамгийн харамсалтай нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид насан туршдаа сэтгэлийн гүн шархтай болдог гэдгийг сэтгэл зүйчид хэлдэг билээ.

-ОХИНЫГ ХУВИЙН НУУЦААР НЬ ДАРАМТЛАН ХҮЧИРХИЙЛДЭГ БАЙЖЭЭ-

Энэ долоо хоногт хичээлдээ удаан хугацаагаар явахгүй байгаа охиныг цагдаагийн алба хаагчид шалгаж үзэхэд бэлгийн хүчирхийлэлд удаа дараа өртдөг байсныг нь  илрүүлжээ. Нийслэл хотод үйлдэгдсэн далд онц ноцтой бэлгийн хүчирхийллийн хэргийг Олон нийтийн цагдаагийн алба хаагч илрүүлсэн байна.

Тодруулбал, гэрээт олон нийтийн цагдаагийн ажилтан н.Баяраа нь хариуцсан нутаг дэвсгэрт нь оршин суух 15 настай эмэгтэй хүүхэд хичээлдээ явахгүй, хувийн байдал нь сэжигтэй байсныг олж мэдсэн. Улмаар охины найз нөхөд, ангийн багш зэрэг хүмүүстэй уулзан, ярилцахад охин бусдын бэлгийн дарамтад байсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Мэдээллийг цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлснээр мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Мөрдөн шалгалтын явцад уг хэргийг 18 настай М гэгч үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн гэдгийг эх сурвалж мэдээлэв. Сэжигтэн 15 настай охиныг хууран мэхлэх замаар уулзаж, хохирогчийн хувийн нууцаар нь дарамтлан хүчирхийлдэг байсан нь илэрсэн аж.

Ингэхдээ удаа дараа өөрийн хүчинд байлгаж ёс бусаар хүчирхийлдэг байсан гэх бөгөөд хувийн нууцыг нь дэлгэнэ хэмээн айлган сүрдүүлдэг байсан гэх. Уг хэргийг үйлдсэн сэжигтнийг одоогоор цагдан хорьж шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

У.УРАНЦЭЦЭГ

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close