НийгмийнСПОРТ

МХБХ: 2024 оны төсвөө 2.6 тэрбумын дутагдалтай баталсан

Монголын хөл бөмбөгийн холбоо санхүүгийн асуудлынхаа талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж болон тус холбооны гадаад харилцааны менежер С.Монголжингоо, тэмцээн зохион байгуулах хэлтсийн мэргэжилтэн Л.Цолмонбаяр, шүүгчийн хэлтсийн дарга, олон улсын хөл бөмбөгийн холбооны шүүгч Д.Түмэнбаяр, хэвлэл мэдээллийн хэлтсийн мэргэжилтэн Э.Амарсайхан нар оролцож дараах мэдээллийг хүргэв.

Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж "Монголын хөл бөмбөгийн холбоо дөрвөн жил тутамд нэг удаа дотоод сонгуулиа хийдэг. Мөн олон улсын болон Азийн хөл бөмбөгийн холбооны гишүүн байгууллага. Энэ жил их хурлаа хийн ерөнхийлөгчөө сонгоод гурван сар өнгөрсөн байна. Ерөнхийлөгч М.Болд маань салбартаа олон жил ажиллаж, клуб хөгжүүлж, энэ спортоор 40 гаруй жил хичээллэсэн хүн. Их хурлаас 15 хүний бүрэлдэхүүнтэй манай удирдах зөвлөл сонгогдсон. 80 гаруй хувь нь салбараасаа төрсөн залуу боловсон хүчин. Миний хувьд ажлаа хүлээн аваад хоёр сар болж байна. Сүүлийн таван жилийн турш клуб хөгжүүлэлтийн менежмент дээр ажиллаж байгаа.

Бид богино хугацааны хөтөлбөрөө гаргасан. Хоёр том ажлын тогтоол гарсан. Техник хөгжлийн бодлогыг боловсруулах чиглэл өгсөн. Олон улсын шинж чанартай форум зохион байгуулна. Нөхөрсгөөр өгч байгаа санал, шүүмжлэлийг тусгана. Бид талбай, орон зай, бүтээн байгуулалтын дэд бүтцээ хангах ажлыг сүүлийн найман жил сайн хийсэн. Технологийн шийдлийн дэд бүтцүүдийг бас хийж байгаа. LED дэлгэц, VAR-ийг хийж эхлүүллээ. Нийт 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд дөрвөн жил хэрэгжих “Нийтийн хөл бөмбөг” урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Хүмүүс Монголын хөл бөмбөгийн холбооны санхүүгийн асуудлыг сонирхож байна. Бид олон улсын болон Азийн хөл бөмбөгийн дүрэм болоод түүнтэй уялдсан Монголын хөл бөмбөгийн холбооны дүрмээ л баримталдаг.

Эх үүсвэрийн тухайд жил бүр их хурлаараа төсвөө баталдаг. Энэ жил бид 10.8 тэрбум төгрөгийг баталсан. Үүнийг долларт шилжүүлбэл 2.1 сая ам.доллар. Олон улсын хөл бөмбөгийн холбоо болон Азийн хөл бөмбөгийн холбооноос орлогын гол эх үүсвэр бүрддэг. Энэ жил бид Олон улсын хөл бөмбөгийн холбооноос 1.25 сая ам.доллар, Азийн хөл бөмбөгийн холбооноос 500 мянган ам.долларын санхүүжилт авч, өнөөдрийн байдлаар 6 тэрбум 57 сая 909 мянган төгрөгийн орлого татан төвлөрүүлсэн байна.

Зарцуулалтын хувьд нийт 8 тэрбум 620 сая төгрөгийн зардал гаргажээ. Задалбал, нас насны шигшээ багуудад 27 хувь буюу 2 тэрбум 324 сая 100 мянган төгрөг, үйл ажиллагааны зардалд 29 хувь буюу 2 тэрбум 472 сая төгрөг, тэмцээн зохион байгуулалтад 26 хувь буюу 530 сая төгрөг, гишүүн байгууллагуудын дэмжлэгт 18 хувь буюу 1.5 тэрбум төгрөг тус тус зарцуулсан. Шагналын санд 1 тэрбум 749 сая 300 мянган төгрөг зарцуулна. Энэ зарцуулалт нь орлогын 71 хувь.

Төсвийн тодотгол оруулах тогтоол гаргасан. Энэ тогтоолоор клубүүдийн хүсээд байгаа санхүүжилтийн тодорхой хэсэг болон шагнал урамшууллыг нэмэгдүүлье гэж шийдсэн. Шагналын санг төсвийн тодотгол хийн нэмэгдүүлсэн. Холбооноос жил бүр төсөв батлахдаа гадаадын санхүүжилтээс гадна дотоодын маркетингийн орлогоор бүрдүүлэх орлогоо дутуу хэлбэрээр баталж, түүнийгээ үйл ажиллагааны болон маркетингийн идэвхжүүлэлтээр нөхдөг. 2023 онд бид 2.5 тэрбум төгрөгийн төсвийн дутагдалтай ажиллаж байна. Ирэх онд 2.6 тэрбум төгрөгийн дутагдалтай төсвөө баталсан.

Монголд болсон Афганистаны шигшээ багийн эсрэг хариу тоглолтын өмнө нэг зүйлийг олж мэдсэн. Тоглолт нэгэнт эхэлсэн учир тогтоох шалгах ажлыг эхлүүлсэн. Тодруулбал, Афганистаны шигшээ багийн тамирчид эрх зүйн асуудалтай бичиг баримттай оролцсон байх магадлалтайг холбоо нотлох баримт бүрдүүлж, Олон улсын хөл бөмбөгийн холбоонд хүргүүлсэн. Хүлээн авсан гэдгээ мэдэгдсэн тул одоо задлан шинжлээд зөрчил байна гэвэл манай шигшээ баг дараагийн шатанд шалгарна. Удахгүй дотоодын хяналтын хороо хуралдаж, манай асуудлыг хэлэлцэнэ гэсэн" хэмээв.

Монголын хөл бөмбөгийн холбооны гадаад харилцааны менежер С.Монголжингоо

"Хүмүүст гаднаас орж ирсэн мөнгийг хамаагүй тараадаг, мөнгөө өгөөд аудит оруулдаггүй, дэлхийн аваргын дараа бонус мөнгө өгдөг гэсэн ойлголт байна. Манайх жил бүр Олон улсын хөл бөмбөгийн холбоо, Азийн хөл бөмбөгийн холбоо болон дотоодын аудит гээд гурван аудит оруулдаг. Сүүлийн хоёр жилд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Лондонд төвтэй байгууллагаар аудит хийлгэсэн. Аудитын материал нууц учир бид их хурал дээрээ л танилцуулдаг. Шинэ ерөнхийлөгчийн зарчмын дагуу дэлхийн аваргын дараа бонус мөнгө ирдэггүй" гэв.

Монголын хөл бөмбөгийн холбооны хэвлэл мэдээллийн хэлтсийн мэргэжилтэн Э.Амарсайхан

"Нэг шигшээ багийн гадагшаа явах зардалд 35 хүний нислэгийн билет, буудлын үнэ багтана. Бид олон улсын тэмцээний тоог аль болох ихэсгэсэн. Бүтэн жил амралтгүй ажилладаг холбоо Монголд байдаг эсэхийг мэдэхгүй байна. Монголын хөл бөмбөгийн холбоо нээлттэй. Бид холын зайнд уралдаж байгаа морь. Биднийг санаатайгаар унагаах, нэр хүндэд халдах гэсэн тохиолдол их байна" хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button