“Түмний нэг”, “Хүний мөр” кинотой холбоотой архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэн болно
Парис хотноо 2005 онд болсон ЮНЕСКО-гийн нэгдсэн чуулганаар өнөөдөр буюу 10-р сарын 27-ны өдрийг “Дэлхийн дуу дүрсний соёлын өвийн өдөр” болгохоор зарлаж байсан түүхтэй. Тэгвэл манай улс 2014 оноос эхлэн уг өдрийг тэмдэглэж ирсэн билээ.
“Түмний нэг” уран сайхны киноны I,II анги, “Хүний мөр” кинотой холбоотой архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр 10:00 цагт АЕГ-т нээнэ
Энэ өдрийг тохиолдуулж Архивын ерөнхий газраас Төрийн шагналт, УГЗ Ламжавын Ванганы зохиол, Төрийн шагналт, Ардын жүжигчин, УГЖ Дэжидийн Жигжидийн найруулсан “Түмний нэг” уран сайхны киноны хоёрдугаар ангийг урлаг судлаач, сонирхогчдод танилцуулах аж.
Уг киног 1962 онд бүтээсэн ч тухайн үед Намын төв хорооны улс төрийн товчооны хурлын тогтоолоор “...социалист эх оронч үзэлд харш, шинэ хүнийг хүмүүжүүлэх талаар намаас зохиож байгаа ажилд тус хүргэхгүй, харин багагүй хохирол учруулж болох кино болсон учир үйлдвэрлэж байгаа энэ киног хүчингүй болгосугай, бүтээсэн зохиолч Л.Ванган, найруулагч Д.Жигжид нарыг эрс буруушааж, гаргасан ноцтой алдаа дутагдлаа зассанаа ажлаараа харуулахыг шаардсугай” хэмээн шийдвэрлэж улсын архивд шилжүүлж байжээ. Тиймээс энэ киног тухайн үед “Хүний мөр” дахин кино болгож олны хүртээл болгосон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.