НИЙГЭМ

Б.Лхагвасүрэн агсны ач хүү Х.Хануй өвөөтэйгөө үдсэн дурсамжаа хуваалцжээ

Монголын яруу найраг, үгэн урлагийн ертөнцөд үзэгдэл болж үлдсэн Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом” наадмын хошой тэргүүн Б.Лхагвасүрэн гуайн ач хүүг Х.Хануй гэдэг. Аавынхаа их үйл хэргийг өөрийнхөө хэрээр үргэлжлүүлж яваа яруу найрагч Л.Хасарын хүү. Тэрбээр өдгөө Франц улсын Страсбургийн их сургуульд, Цөмийн физикч мэргэжлээр суралцдаг юм байна.

Саяхан мэт санагдах хэд гурван жилийн өмнө, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгтээ их зохиолч өөрөө оролцож, хөтлөгчийн хүндтэй хойморт нь Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга сууж байлаа. Нэвтрүүлгийн тэр дугаарт ач хүү Х.Хануй студид гэнэт орж ирэн Б.Лхагвасүрэн агсныг баярлуулж бас гайхуулж буй нь гардаг. Эндээс өвөө, ач хоёрын зүрх сэтгэлийн нандин холбоо, үдэх үргэлжлэх хорвоогийн эргэх холбоот жам шувт харагдаж байсан.

МҮОНРТ-ийн цахим хэвлэлд өгсөн ярилцлагадаа Х.Хануй өвөөтэйгөө үдсэн үнэт дурсамжуудынхаа зах зухаас дэлгэжээ. “Би кирилл үсгийг хэнээр ч заалгаж байгаагүй. Хэдий харийн хэлээр ярьж буй ч Монголоороо сэтгэж байвал эх хэлээ мартдаггүй байх” хэмээх тэрбээр, “Өвөөгийн Гашуун өвс номонд миний тухай олон шүлэг байдаг” гэж дурсжээ. Цаашлаад,

“Өвөө бид хоёрын хамгийн сүүлчийн дурсамж гэвэл хамтдаа буйдан дээр суугаад шөнөжин юм ярьж хоносон маань. Тэр үед би хоёр яг л найзууд шиг байсан. Толгойгоо нийлүүлээд л. Тэр шөнө бараг унтаагүй. Бүх л төрлийн сэдвээр ярилцсан. Нэг удаа бид Хөвсгөл аймагт аялж явах үеэр миний гэдэс өвдөж эмнэлэгт хүргэгдсэн юм. Өглөө сэртэл өвөө миний кетийг өмсчихөөд, өөрийнхөө дулаан гутлыг надад өмсүүлэхээр зогсож байж билээ” хэмээн ярьсан байна.

Х.Хануй өвөөгийнхөө бэлэглэсэн цаг, ороолт, захиа зэргийг үргэлж хадгалж явдаг, цаашид ч хадгалсаар байна гэдгээ илэрхийлжээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button