З.Гүррагчаа түймрийн голомтод 700 хоног ажиллаж, 300 хүний амийг аварчээ
Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 118 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг үндэслэн 2018 оноос эхлэн Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад мөнгөн урамшуулал олгодог болсон. Энэ журмын дагуу тав дахь жилдээ гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүний гоц халдварт өвчний голомтод аврах, эмчлэх, сувилах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд эр зориг, мэргэжлийн ур чадвар гарган оролцсон таван алба хаагч тус бүрт 16 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо. Тэдний нэг болох ахлах дэслэгч З.Гүррагчааг онцгойлон танилцуулж байна.
Тэрбээр 2014-2015 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцсон зэргээр улсын хэмжээнд болон олон улсад тохиолдсон гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэдэг тэргүүний алба хаагчдын нэг аж.
Тодруулбал ахлах дэслэгч З.Гүррагчаа Онцгой байдлын албанд 19 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд Ажиллах хугацаандаа Төв, Хэнтий, Хөвсгөл, Булган, Архангай, Баянхонгор, Сэлэнгэ, Говь-Алтай, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Сүхбаатар зэрэг аймгуудад гарсан 60 гаруй удаагийн ой, хээрийн түймрийн голомтод 700 гаруй хоног үүрэг гүйцэтгэж, 1500 гаруй айл өрх, 3000 гаруй иргэний амь нас, 5000 гаруй тонн хадлан тэжээлийг түймрийн аюулаас авран хамгаалж, үер усны ослын 80 гаруй удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн 118 нэрвэгдэгчийг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Онцолбол, 2019 онд Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эко- Алтан” заамар компанийн уурхайд гарсан ослын дуудлагаар 9 хоног үүрэг гүйцэтгэж, осолдсон гурван нэрвэдэгчийг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Мөн Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагаанд 2021, 2023 онуудад үүрэг гүйцэтгэж, 2021 онд “Сүхбаатар ”хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд цаг уурын хүнд нөхцөлд мэргэжлийн ур чадвар гарган 12-16 метрийн усны гүнд 38 ажиллагааны даалгаврыг 40 удаагийн шумбалтаар биелүүлж, 2226 минутын шумбалт хийсэн бол 2023 онд Хөвсгөл нуурт живсэн Т-100 загварын 11 тонн жинтэй тракторыг 300 гаруй литр шатах, тослох материалын хамтаар 35 метрийн гүнээс татан гаргах ажиллагаанд оролцсон байна.
Түүнчлэн 2023 онд БНТУ-д болсон газар хөдлөлтийн голомтод ажилласан Монголын Эрэн хайх, аврах багт үүрэг гүйцэтгэж, бүрэн нурсан орон сууцны барилгын нурангийг нүхлэн хонгил гаргаж, аврах ажиллагааг зохион байгуулан дарагдсан 3 иргэнийг /том хүн 1, хүүхэд 2/ дөрвөн метр орчим гүнээс гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлж, дараагийн шатны эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Мөн үзэгдэх орчин хязгаарлагдмал, давчуу орон зайд, хүчилтөрөгч дутмаг тоосжилт ихтэй орчинд 4 цаг гаруй хугацаанд хэвтээ байдалтай ажиллаж, байшингийн хана, шал, тааз цөмлөн 0,5х0,8 метрийн хэмжээтэй, 40 гаруй метр урттай хонгил ухаж 9 метр орчим гүнд дарагдсан иргэнийг нурангиас чөлөөлөн, амь насыг нь аварсан зэргээр 10 хоногийн турш ажиллахдаа 4 иргэний амь насыг аварч, 19 буцалтгүй нэрвэгдэгч болон 20.000 ам.долларыг нуранги дороос гарган, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.