Гадаад мэдээ

Туркийн парламент Швед улсыг НАТО-д элсүүлэхийг дэмжлээ

2022 онд ОХУ-ын зэвсэгт хүчин Украины нутаг дэвсгэрт халдан довтолсоны дараа Швед улс НАТО буюу Умард Атлантын цэргийн эвсэлд элсэх хүсэлт гаргасан. Гэвч Турк улс Шведийг курдын салан тусгаарлагчдыг дэмждэг гэж үздэг тул дээрх хүсэлтийг зөвшөөрөхөөс татгалзаж ирсэн. Тэгвэл өчигдөр Туркийн парламентад Шведийг НАТО-д элсүүлэх талаар санал хураалт явагдаж хүсэлтийг баталлаа. 

Тодруулбал, өчигдөр ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганы эрх баригч намын эвсэл олонхыг бүрдүүлдэг Туркийн парламент уг асуудлыг 287:55 харьцаагаар дэмжжээ.

Ерөнхийлөгч Эрдоган хэд хоногийн дотор уг хуульд гарын үсэг зурах төлөвтэй. НАТО-гийн гишүүн 31 орны нэгэн адил Турк улс шинэ улс орнуудыг тус бүлэгт элсүүлэхийг хориглох эрхтэй байдаг.

Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон олон нийтийн сүлжээнд "Өнөөдөр бид НАТО-гийн бүрэн эрхт гишүүн болоход нэг алхам ойртож байна" хэмээн бичжээ.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Туркийн санал хураалтыг сайшааж, Унгар улсыг тус эвсэлд шинэ гишүүн элсүүлэх асуудлаар байр сууриа тодорхой болгохыг уриаллаа.

Учир нь Шведийн гишүүнчлэлийг дэмжээгүй үлдсэн ганцхан улс нь Унгар болж байгаа юм. ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй найрсаг харилцаатай гэгддэг Унгарын ерөнхий сайд Виктор Орбан өчигдөр Шведийн талыг яриа хэлэлцээнд урьж байгааг мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button