ЭРҮҮЛ МЭНД

Хүүхдийн эмч нар ОХУ-д хүүхдийн яаралтай тусламжийн чиглэлээр суралцана

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ОХУ-д суралцахаар явах гэж буй эмч нартай уулзлаа. Монгол, Оросын Засгийн газрын эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах гэрээний хүрээнд эмч мэргэжилтнүүд ОХУ-д мэргэжил дээшлүүлэх гэж буй бөгөөд бүх зардал ОХУ-аас гарах юм байна.

Энэ удаа Москва хотын Хүүхдийн эрүүл мэндийн эрдэм шинжилгээ, практик сургалтын үндэсний төвд 2019 оны арваннэгдүгээр сарын 18-29-нд зохион байгуулагдах хүүхдийн яаралтай тусламжийн асуудлаарх сургалтад нийслэл, орон нутгийн нийт 15 хүүхдийн эмч мэргэжилтнүүд сургалтад хамрагдах гэж байна. 

Үүний зэрэгцээ ОХУ-ын Москва хотын В.И.Кулаковын нэрэмжит Эх барих, эмэгтэйчүүд, перинаталогийн төвийн сургалтын төвд 2012-2019 онд нийт 75 эх барих, эмэгтэйчүүдийн эмч, Санкт-Петербург хотын Хүүхдийн халдварт өвчний эрдэм шинжилгээний хүрээлэнд 2012-2019 онд нийт 66 хүүхдийн эмч хүүхдийн халдварт өвчний үеийн яаралтай тусламж, сэхээн амьдруулалтын сургалтад хамрагдаад байна. 

ОХУ-д зохион байгуулагдаж байгаа эдгээр сургалтууд нь манай улсын эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах Мянганы хөгжлийн зорилтуудад хүрэх, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нотолгоонд суурилсан үр дүнтэй, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Онол-дадлага хосолсон эдгээр сургалтууд нь эмч мэргэжилтнүүдэд мэргэжлийн чиглэлээр онолын мэдлэгээ дээшлүүлэх, оношилгоо, эмчилгээний сүүлийн үеийн дэвшилтэт арга техникээс суралцах, харилцан мэдлэг, туршлага солилцоход ихээхэн үр дүнтэй, өгөөжтэй, эмч мэргэжилтнүүдийн талархлыг хүлээсэн сургалт болдог юм.

Түүнчлэн сургалтууд нь лекц, дадлага гардан үйлдэл, эргэх холбоотойгоор явагдаж, иж бүрэн тоноглогдсон сургалтын лабораторид олон төрлийн муляж ашиглаж явуулдаг нь эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм байна.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button