УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ХҮН намын "бойкот"-д орсон төсвийн тодотголоо НИТХ маргааш хэлэлцэнэ

Хотын дарга Х.Нямбаатар Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн бариад буй. 

2024 оны хоёрдугаар сарын 19-нд буюу даваа гарагт НИТХ-ын XVII ээлжит бус хуралдаанаар нийслэлийн 2024 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн ч, хойшилсон юм.

Тухайн үед ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан "НИТХ-ын хуралд өргөн барьсан төслүүд ойлгомжгүй байна гэсэн санал гарч байна. Төлөөлөгч нарт төсвийн төслийн хоёр хувилбар байна. Үүнийг хотын даргаас албан ёсоор бичгээр хүргүүл. Ингээд хуралдааны товыг дахин шинэчлэн тогтооё" гэснээр хойшилсон юм.

Энэ үеэр НИТХ дахь АН-ын бүлэг болон ХҮН намын төлөөлөгчид шүүмжилж, маргаан үүссэн нь цахим орчинд анхаарал татсан сэдвүүдийн нэг болсон. Улмаар "ХҮН намыхныг бойкот" хийлээ гэх шүүмжлэлүүд ч гарсан билээ.

Тэгвэл НИТХ-ын зөвлөл өчигдөр хуралдаж, маргааш /2024.02.23/ буюу баасан гарагт НИТХ-аар нийслэлийн 2024 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр товлосон байна. 

Төсвийн тодотголд:

Нэг. 11 сургууль, цэцэрлэгийн асуудлыг төсвийн тодотголд тусгаж, нийт 26.3 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

  • Баянгол дүүргийн 24 дүгээр хороо буюу Алтай хотхон
  • Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо буюу Маршал таун, Кинг тауэр орчимд сургууль
  • Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны Ногоон нуур орчимд 240 ортой цэцэрлэг
  • Материал имфекс хавьцаа болон Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд 960 болон 640 хүүхдийн багтаамжтай сургууль барихаар төлөвлөж холбогдох хөрөнгө оруулалтыг тусгаад байна.

Хоёр. Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу метро барьж байгуулах бүтээн байгуулалтын ажлыг 333 тэрбум төгрөгөөр, тус төслийн зөвлөх үйлчилгээний ажилд 54.6 тэрбумыг зарцуулахаар төлөвлөжээ.

Гурав. Энхтайван өргөн чөлөө, Их тойруугийн гудамж, Бага тойруугийн гудамж, Олимпийн гудамжаас-Их Монгол улсын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Жанжин Сүхбаатарын талбай орчмыг хамарсан явган хүний зам талбайг стандартад нийцүүлэн байгалийн чулуугаар тохижуулах ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ.

Дөрөв. Урт цагааны гудамж болон 32-ын тойргийн бүс орчимд нийтийн эзэмшлийн тохижилт, ногоон байгууламжийг бий болгох , сургууль цэцэрлэггүй томоохон хотхон хорооллуудын төлөвлөлтийн алдааг засаж, тодорхой байршлуудад сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэх, нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн энэ оны хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зэрэг төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тодотголд тусгажээ. 

Нийслэлийн 2024 оны төсвийг батлахдаа төсөвт нийт 2.6 их наяд орчим төгрөгийн орлого төвлөрүүлэхээр, урсгал зардалд 1.1 их наяд орчим төгрөг төсөвлөсөн. Мөн улсын төсөвт 230.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр баталсан юм.  Төсвийн орлогын 93.1 хувийг татварын орлогоор, үлдсэн хувийг татварын бус орлогоор бүрдүүлнэ.  Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 979 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 19.1 тэрбум, нийт 998.1 тэрбум төгрөгийн 214 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон юм.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-22 13:46

Нэг л төлөөлөгчид нэртэй дүр эсгэсэн өлөн хулгайчууд

Холбоотой мэдээ

Back to top button