УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хаврын чуулганаар газар олголт, "Ногоон" автобус, уул уурхайн лиценз тэргүүтэй 3-4 сонсгол болно

УИХ-ын хаврын чуулган гуравдугаар сарын 15-нд нээнэ. Тэгвэл энэ хаврын чуулган гурван ч сонсголтой, халуун өрнөх нь тодорхой болоод байна.

УИХ-ын хяналт, шалгалтын тухай хууль батлагдсанаар аливаа асуудлаар нээлттэй, хяналтын сонсгол зохион байгуулах боломж бүрдсэн. Энэ хүрээнд Хөгжлийн банк, нүүрсний гэх хэргийн хүрээнд сонсгол явуулсан билээ.

Энэ хаврын чуулганаар ямар, ямар сонсгол болох вэ?

Нэгт, газар олголтын асуудал.

Хаврын улс төрийн сэдэв, чиг хандлага газар олголт руу чиглэх нь ойлгомжтой болоод байна. УИХ-ын дарга Г.Занданшатар оройлон уриалаад буй энэ сонсголоор УИХ-ын дарга асан М.Энхболд, сайд асан Т.Бадамжунай төдийгүй үе үеийн Нийслэлийн Засаг дарга, хотын архитекторууд, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар ч нэр дурдагдах магадлалтай болоод буй.

Энэ сонсголыг хэн даргалж, удирдан зохион байгуулах нь тодорхойгүй байна.

Хоёрт, "Ногоон" автобусны гэх хэрэг.

Д.Сумъяабазарыг хотын мээрийн суудлаас буухад үндсэн нөлөөлсөн "Ногоон" тодотголтой автобусны асуудлаар өтгөө 20 гаруй хүнийг АТГ яллагдагчаар татан шалгаж байна. Үүнд түгжрэл хариуцсан сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ч багтсан.

Тэгвэл энэ асуудлаарх сонсголыг мөн хаврын чуулганаар зохион байгуулах бөгөөд сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалж, удирдахаар байна.

Гуравт, ашигт малтмалын лиценз олголтын асуудал.

Энэ асуудлаар сонсгол зохион байгуулна гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө мэдэгдсэн. Мөн Улаанбаатар хотын газрын асуудал руу ч тусгайлан орно гэдгээ жилийн өмнөөс мэдэгдээд буй юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Нээлттэй сонсгол явуулах замаар уул уурхайн компаниудын засаглал, нээлттэй хувьцаа гаргах асуудлыг хөндөнө" гэж мэдэгдээд байгаа юм. Үүгээр түр хороо байгуулагдсан бөгөөд хэн даргалах нь одоогоор тодорхойгүй байна.

Үүнээс гадна эмийн чанар, үнийн өсөлтийн асуудлаар түр хороо байгуулагдаж, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахлаад буй. Яг тухайлсан сонсгол зохион байгуулах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч түр хорооны чиг үүрэг нь өөрөө ийм юм.

Ингээд харвал,

  • Газар олголт
  • "Ногоон" автобус
  • Уул уурхайн лизенз олголт
  • Эмийн чанар, үнийн өсөлт гэсэн 3-4 сэдвийн хүрээнд сонсгол зохион байгуулагдах хүлээлттэй байна.

ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Б.Энхбаярын тогтоосон сонсгол удирдах имижээр эдгээр нь явагдвал хаврын улс төр ихээхэн "гал"-тай, сонгуулийн өмнө нэр бүхий улстөрчдийн рейтинг хөндөгдөх магадлалтай болж буй.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хууль бус орлогыг хураахгүйн бол сонсгол гэж жүжиг тоглоод яахын бэ Хөрөнгөтэй болсон хүн шоронд жаргаж баыгаад гарч ирнэ шүүдээ

Холбоотой мэдээ

Back to top button