10 жил үргэлжилж буй II төрөхийн газрын маргааныг цэгцэлнэ

Нийслэлийн “Хүрээ” амаржих газар буюу II төрөх эмнэлгийн газрыг 2003 оноос эхлэн хэсэгчилж бусад этгээдэд шилжүүлсэнтэй холбоотойгоор шинээр ашиглалтад орох эмнэлгийн барилгын ойр орчимд стандарт зөрчсөн нөхцөл байдал, архитектур төлөвлөлтийн маргаан гараад байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг "Энэ асуудал өнөөг хүртэл шийдэгдэхгүй хүндэрсээр ойролцоо нь томоохон барилга байгууламж баригдахад хүрээд байна. Уг барилгын суурь, хашаа нь II төрөх эмнэлгийн эзэмшил газар луу хэтрэн орсон нь орц, гарц, төлөвлөлтийн стандартыг зөрчиж байна гэсэн гомдол удаа дараа ирсэн.
Иймд эхний ээлжид Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас барилгын хашааг татах шаардлага хүргүүлээд байна. Төрөх эмнэлэг өөрийн гэсэн стандарттай. Байгалийн гэрэл, агаар солилцох боломжийг нь хаавал эмнэлийн үйл ажиллагаанд доголдол гарна. Иймд бид газар болон архитектур төлөвлөлтийн маргааныг хуулийн дагуу шийдвэрлэхээр ажиллаж байна. Тухайн газар яаж, хэзээ, хэнд шилжиж ирсэн гэдгийг баримтад тулгуурлан гаргаж ирэх ёстой" гэж тус газар ажиллахдаа хэллээ.
Харин "Хүрээ" амаржих газрын захирал Б.Мөнхсайхан "2005 онд манай зөвлөгөө өгөх байрыг хувийн аж ахуйн нэгжид өгсөн зэргээр эмнэлгийн өмчлөлийн газраас хэсэгчилж бусад этгээдэд шилжүүлсэн. Гэвч тухайн аж ахуйн нэгжийн хөрөнгө хураагдаад, улсын өмчид орчихсон гэх мэт асуудалтай. Үүнтэй холбоотойгоор газар олголтыг шалгуулж, энэ бүх газар олголт эхнээсээ хууль бус юм байна гэдгийг тогтоон, зохих ёсны байгууллагуудад удаа дараа хандаж ирсэн" гэв.
Б.ХАШ-ИЛД








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Арай л дэндүү юмаа. энийгээ янзлаачээ хотын даргаа