Энтертайнмент

Ц.Нацагдорж: "Плэйтайм 2024" наадам Налайх дүүрэгт шинэ талбайд зохиогдоно

"Плэйтайм - 2024" хөгжмийн наадам долдугаар сарын 4-нөөс 7-ныг хүртэл Налайх дүүргийн шинэ талбайд зохион байгуулагдах юм. Энэ талаар тус наадмыг зохион байгуулагчид өнөөдөр \2024.05.01\ "Novotel Ulaanbaatar Hotel"-д хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Плэйтайм фестиваль нь Монгол Улсын хэмжээнд “Үндэсний их баяр наадам”-ын дараа хоёрдугаарт эрэмбэлэгддэг хамгийн том наадам. 2013 оноос хойш гадаад хамтлаг дуучдыг урьж оролцуулж байгаа уг фестиваль зөвхөн дотоодын том арга хэмжээ төдийгүй  2027  онд Азийн топ 5 фестивалийн нэг болох зорилго тавин ажиллаж байна. Жилээс жилд олон улсын уран бүтээлчдийн тоо, чанар чансаа өсөн нэмэгдсээр байгаа Плэйтайм Монгол Улсын хөгжмийн аялал жуулчлалд үзүүлэх бодит үр дүн, үзүүлэх нөлөөний талаар мэдээлэл хүргэлээ.

Хөгжим нь хэл, соёлын саад бэрхшээлийг даван туулж, хөгжмийн шинэ хэв маягаар дамжуулан хүмүүст тухайн улсын соёлыг таньж мэдэх боломжийг олгодог бүх нийтийн хэл юм. Тэр ч утгаараа хөгжмийн фестиваль нь өөр өөр үндэс угсаатай хүмүүсийг нэгтгэж харилцан хүндлэл ойлголцол, үнэт зүйлсийг бий болгодог хамгийн таатай орчин гэгддэг. Тиймдээ ч хөгжмийн аялал жуулчлал нь дэлхий даяар хурдацтай хөгжсөөр 2028 он гэхэд дэлхийн аялал жуулчлалын салбарт үнэлгээ нь 1,6 триллион ам.долларт хүрэх төлөвтэй байна. Үүгээр зогсохгүй зөвхөн фестивальд оролцохоос гадна тээвэр, зочид буудал, музей, бусад үзвэр үйлчилгээ, хоол үйлчилгээ зэрэг олон салбарын эдийн засагт үр нөлөөгөө үзүүлдэг байна.


Плэйтайм 2024 оны фестивальд  21 улс орны 50 хамтлаг, уран бүтээлчдээс бүрдсэн 180 гаруй хүний бүрэлдэхүүн ирэх юм байна. Дэлхийн томоохон нэр хүндтэй хамтлаг, уран бүтээлчид,  зочдоор дамжуулан тэдгээрийн олон сая дагагчдад зөвхөн Плэйтайм наадмыг бус Улаанбаатар хотын соёл урлагийг сурталчилдаг байна.

Энэ жилийн хувьд амьд хөгжим, электроник хөгжмийн хөтөлбөрт дэлхийд танигдсан олон хамтлаг, уран бүтээлчид багтаж байгаа нь Азидаа тэргүүлэх наадмын хэмжээнд хүрснийг онцлов. Тодруулбал нийт 15 тайзанд 250 гаруй хамтлаг, уран бүтээлчид оролцоно. Түүнээс гадна олон улсаас 21 улсын 50 хамтлаг, уран бүтээлчдээс бүрдсэн 180 гаруй хүн ирэх аж. Түүнчлэн энэ жилийн наадмаар 2,000 гаруй жуулчид манай улсад ирэх төлөвтэй байна. Мөн 4,000 ажлын байр бий болгон, 200 гаруй аж ахуйн нэгжтэй хамтарсны үр дүнд Нийслэлийн эдийн засагт нийт 8-10 тэрбум төгрөгийн нэмүү өртөг бий болгоно гэж таамаглаж буй юм.

Энэ үеэр "Playtime" хөгжмийн наадмын үүсгэн байгуулагч, хөгжмийн хөтөлбөрийн захирал Ц.Нацагдорж "Ирэх долдугаар сарын 4-7-ны өдрүүдэд дөрвөн өдрийн турш зохион байгуулагдах тус наадам 35,000-40,000 үзэгч хүлээн авахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

Налайх дүүргийн шинэ талбайд монгол гэрийг бэлгэдсэн дугуй хэлбэртэй тайзнуудыг бүтээнэ. Тайзны загвараар орчин үеийн болон уламжлалт хөгжмийн хосолсон өнгө төрхийг харуулна. 

Үүнээс гадна манай наадмын хөтөлбөрт "Play Time Plus" буюу хөгжмийн бус хөтөлбөр гэж бий. Үүгээр Монголын урлагийн түүхийг хүмүүст сурталчилсан арга хэмжээнүүд болох юм. 

Манай наадмыг зорин ирж буй үзэгчдэд өөрийгөө хайрлах, эрүүл байх сэтгэлгээг хөгжүүлэхийг хүсэж буй. Тиймээс манай хөгжмийн бус хөтөлбөрт иог, бясалгал зэрэг хувь хүний хөгжлийн сэдэвтэй арга хэмжээ явагдана. Мөн эрүүл амьдралын хэв маягийг сурталчилсан үйл ажиллагаа болно. Энэ жилийн манай наадмын уриа нь "Earth. Music. Art. Love". Тиймээс наадмын хөтөлбөр нь энэ дөрвөн үгийг илэрхийлсэн байдлаар тусгасан гэдгийг онцолъё" гэж ярилаа.

Өнгөрсөн жил үер усны аюулаас шалтгаалан уг наадмыг бүрэн зохион байгуулж чадаагүй тул энэ удаад байршлаа сольж буй аж. Цаашид шинэ талбайдаа жил бүр наадмаа зохион байгуулах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-02 11:09

хэдэн хүн оролцохоо биш хэрхэн яаж бэлтгэл хийж байгаагаа мэдээл. УБ с очих хэдэн зуун машины зогсоол бэлэн үү

Back to top button