Паралимпын медальт тамирчид: Дараагийн тэмцээндээ амжилтаа хадгална
Паралимпын аварга У.Сүрэнжав, мөнгөн медальт Г.Болор-Эрдэнэ нар эх орондоо ирлээ. Өнөө өглөө тэднийг "Чингис хаан" олон улсын нисэх буудалд тосож авлаа. Монголын анхны эмэгтэй олимпын аварга У.Сүрэнжаваас сэтгэгдлийг нь сонслоо.
-Дараагийн паралимпод амжилтаа хадгалахын төлөө хичээнэ-
Тэрбээр, "Парисын тэнгэрт төрийнхөө далбааг мандуулсандаа маш их баяртай байна. Энэ хүрэхэд минь тусалж дэмжсэн маш олон байгууллага, гэр бүл, найз нөхөд, баг хамт олон, багш нар, Биеийн тамир спортын улсын хороо, Батлан хамгаалах яамны "Алдар" спорт хороо, үндэсний шигшээ баг паралимпын хороо, Монголын таеквондогийн холбоо, Монголынхоо ард түмэндээ баярлалаа. Ираны тамирчинтай аваргын төлөө тулалдахын өмнө багштайгаа маш сайн ярилцаж, тактикаа боловсруулсан. Багш маань намайг маш сайн тайвшруулсан. Сэтгэл зүй өндөр дэвжээнд гарсан. Мөн удахгүй болох "Лондонгийн паралимп"-т амжилт гаргахын тулд бэлтгэлээ хийж эхэлнэ" хэмээсэн юм.
-17 жил зүтгэсний эцэст мөнгөн медаль хүртлээ-
Мөн энэ үеэр паралимпын мөнгөн медальт Г.Болор-Эрдэнэ сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр, "17 жил сэтгэл, зүтгэлээ зориулсны үр дүнд паралимпын мөнгөн медаль хүртлээ. Монголын таеквондогийн удирдлагууд, энэ спортыг шимтэн үздэг ард түмэндээ маш их баярлалаа. Та бүхний надад итгэх сэтгэл урам зориг хайрлаж байлаа. Итгэлийг нь алдалгүй өндөр амжилт гаргасандаа баяртай байна. Дараагийн паралимпад алт авах хүртлээ бэлтгэлээ улам чамбай хийнэ" гэлээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.