Ирэх сараас аппликэйшнээр дамжуулан хүүхдийн хоолны 1000 төгрөгийг төлнө
Цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны мөнгийг 1000 төгрөгөөр нэмэхээр болсон. Ингэхдээ 1000 төгрөгийг тухайн хүүхдийн эцэг, эхээс нь гаргуулахаар шийдвэрлэсэн билээ.
Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр дараах мэдээллийг өгсөн.
"Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын 1000 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргаж байна. Өнөөдөр гарч байгаа 3000 төгрөг 1000 төгрөгөөр нэмэгдснээр авч байгаа 60 хувийн илчлэг 80 хувьтай болж нэмэгдэнэ. Мөн хоолны чанар нэмэгдэх сайн үр дүнтэй. Энэ шийдвэр эхний удаад нийслэлийн төрийн өмчийн болон орон нутгийн 310 цэцэрлэгт хамрагдаж байгаа 135 мянган хүүхдэд хамаарна. Өдөртөө 1000 төгрөг, сардаа 22 мянган төгрөг, жилдээ 190 мянган төгрөгийг хоолных нь түүхий эдийн зардалд авахаар болж байна.
Хоолны түүхий эдийн зардлын 75 хувийг улсын төсвөөс 25 хувийг эцэг, эх асран хамгаалагч гаргахаар болж байна. Нийгмийн халамжийн тухай хуульд боловсролын дэмжлэг, дэмжих үйлчилгээ шаардлагатай хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлнэ.
2024-2025 оны хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардал 3000 төгрөг нийт 131.8 тэрбум төгрөгийг санхүүжүүлсэн байна. Цэцэрлэгийн нэг хүүхдэд хоолны үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах зардлын 58 хувь нь хоолны түүхий эдийн зардал, үлдсэн 42 хувь нь тогоочийн цалин, нийгмийн даатгалын шимтгэл, дулаан цахилгаан, тоног төхөөрөмж, ариутгалд зарцуулагдаж байна. Үүнийг нэг хүүхдээр тооцож үзэхэд хоолны бүрэн өртөг нь 5210 төгрөг, үүнээс хоолны түүхий эдийн зардалд 3000 төгрөг, бусад зардалд 2210 төгрөг зарцуулж байна гэсэн үг.
Нийслэлийн цэцэрлэгийн 135 мянган хүүхдийн 62 хувь буюу 85602 хүүхдээс 1000 төгрөгийг хурааж авах бөгөөд 38 хувь буюу 50440 хүүхдийн хоолны зардлыг төрөөс бүрэн хариуцаж даана. Үүнд хагас болон бүтэн өнчин хүүхэд, 24 цагийн цэцэрлэгийн хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүүхэд, босго шугамаас доогуур орлоготой өрхийн хүүхэд, цэцэрлэгийн насны гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийг гурав дахь хүүхдээс нь эхлэн чөлөөлсөн зохицууулалтууд явна. Ингэснээр улсын төсөвт жилдээ эцэг эхээс 16 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, хүүхэд цадах хэмжээнд хоолоо идэж эхэлнэ.
Тэгвэл эцэг, эхчүүд хүүхдийн өдрийн хоолны мөнгийг ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэн төлөх байдлаар Боловсролын яам бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.
Тэгвэл цэцэрлэгийн хоолны төлбөрийг хэрхэн хурааж авах талаарх асуудал ургаж байна. Энэ талаар тодруулахад,
"Мөнгө хураах ажлыг бүрэн цахимжуулах учраас ангийн багш хурааж авахгүй гэсэн үг. Тухайн эцэг, эх аппликэйшнээр дамжуулж төрийн санд шууд төлбөрийг тушаадаг болно. Энэхүү цахим үйлчилгээ орж ирснээр тухайн өдөр хүүхэд нь ямар хоол идсэн буюу цэс, илчлэгийн хэмжээ зэрэг мэдээлэл нь эцэг, эхэд шууд очдог байх зохицуулалтыг хийж байна" хэмээв.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
данснаас төлөхөд болохгүй зүйлгүй. Заав�##� бас нэг апп хэрэглэх онцгүй. Дансаа өгөхөд шилжүүлчих эд. бэлнээр хурааж авахгүйг ойлгож байна.