Чөлөөт, жүдо бөхөө орхиж волейболын тамирчин болсон Х.Нэргүй цахиур хагалав
Монголын Залуучуудын улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн болж өндөрлөлөө.
Уг тэмцээн жил бүр дээд лигийн өмнө зохион байгуулагддаг гэдгээрээ онцлог. Учир нь энэ тэмцээнд өсөх ирээдүйтэй, дээд лиг рүү дэвшин тоглох боломжтой олон шинэ, залуу тамирчид түлхүү оролцож өрсөлдөх ур чадвараа, нөөц боломжоо батлан харуулдаг.
Тус тэмцээнээс онцлох баг энэ жилийн тухайд Ховд Ижил Алтайн барс Торгууд спортс байв. Тодруулбал, тэд эмэгтэйчүүдийн төрөлд ес дэх удаагаа аваргалаад байсан "Энагурэ" клубын амжилтыг таслан зогсоож аваргын цомыг анх удаа өргөв. “Энагурэ” клуб 2013 оноос 2023 он хүртэлх арван жилийн хугацаанд ес түрүүлсний зургаад нь дараалан аваргалаад байсан юм.
Тус клуб энэ удаа мөнгөн медаль хүртсэн ч бүрэлдэхүүнээ залуу тамирчдаар маш сайн сэлгэжээ. Үндсэн багийн бүрэлдэхүүнээс Өүлэн, Хүслэн нар багтаж чиглүүлэн тоглов. Харин залуу тоглогчдоос Хосбаярын Нэргүй онцгой байж улсын аваргаас шилдэг довтлогчийн шагнал хүртлээ.
Тэр Дорнод аймагт зохион байгуулагдсан Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох үеэсээ эхлэн спорт сонирхогчдын анхааралд өртсөн. Харин энэ удаа өөрийгөө батлан харуулж чадав. Түүний ур чадвар, техник, тоглолтын арга барил дээшилж чөлөөт, жүдо бөхөөр хичээллэж байсан гэхээргүй волейболын тамирчин болж чаджээ. Довтолгооны тэсрэлт, үсрэлт, хурд, хаалт гээд бүх үзүүлэлтээрээ тэр жигд байж онц дүн авлаа. Харин одоо Х.Нэргүйд дээд лигт өөрийгөө дахин батлан харуулах хамгийн том сорилт үлдэв.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.