"Телеграм ашиглан 619 удаагийн үйлдлээр 10.3 тэрбум төгрөг залилсан"
Телеграм, "Тik Тok, We chat, whats app" зэрэг платформуудыг ашиглан “Онлайнаар цагийн ажил хийлгэнэ”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөөрэй”, “Гэрээсээ ажиллаж мөнгө олох боломжтой”, “Цахимаар сурталчилгаа хийж мөнгөө өсгөөрэй” гэх мэт хуурамч зар, мэдээгээр дамжуулан залилах төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж хүмүүс ихээр хохирох байдал нэмэгдсэн байна.
Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 04-ны өдөр Кибер аюулгүй байдлын зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Монгол банк зэрэг холбогдох байгууллагуудаас телеграмаар залилах гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЦЕГ-ын Эхүүгийн цагдаагийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга С.Тайван "Телеграм апп анх 2013 онд гарч ирсэн бөгөөд тус апп-аар дамжуулан залилах гэмт хэрэг үйлдэгдэж буй байдал манай Улсад энэ оны долоодугаар сараас эхлэн бүртгэгдэж эхэлсэн.
-Телеграм залиланд өртөж буй хүмүүсийн гуравны нэг буюу 67 хувь нь эмэгтэй-
Сүүлийн дөрвөн сарын хугацаанд 619 телеграм залилан бүртгэгдэж, 10.3 тэрбум төгрөгийн хохирол учраад буй. Тодруулбал, нийт телеграм залилангийн 73.8 хувь буюу 457 гэмт хэрэг нийслэл хотод бүртгэгджээ. Дүүргүүдээр авч үзвэл хамгийн их буюу 113 хэрэг Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн байна. Харин орон нутагт 26.2 хувь буюу 162 гэмт хэрэг бүртгэгдсэнээс төвийн бүсэд хамгийн их буюу 50 хэрэг бүртгэгдсэн байна.
Хохирогчдын байдлыг харвал, энэ төрлийн гэмт хэрэгт хохирч байгаа хүмүүсийн гуравны нэг нь эмэгтэй хүн байгаа юм. Насны хувьд 20-34 насныхан хамгийн их буюу нийт гэмт хэрэгт өртөгсдийн 40.7 хувийг эзэлж байна. Тухайлбал,
- 24 хүртэлх нас 17.1
- 25-34 насныхан 40.7
- 35-44 хүртэлх насныхан 28.5
- 45 болон түүнээс дээш насныхан 13.7 хувь байгаа юм.
Хохирогчдыг хүйсээр нь авч үзвэл дийлэнх нь буюу 67 хувь нь эмэгтэй, 33 хувь нь эрэгтэй байгаа юм. Харин нийгмийн байдлаар нь авч үзвэл,
- 62.5 хувь буюу 387 хохирогч дээд,
- 34.1 хувь буюу 211 хохирогч бүрэн, дунд,
- 3.4 хувь буюу 21 нь бага, дунд боловсролтой иргэд буй.
Ажил мэргэжлийн хувьд хамгийн их буюу 47.3 хувь нь хувийн хэвшил ажиллагсад хамаарч байна. Тухайлбал,
- Эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд 24.1 хувь буюу 149
- Төрийн албан хаагч 22.4 буюу 139
- Оюутан 4.1 буюу 25
- Тэтгэвэр болон групп 2.1 буюу 13 иргэн хохирсон байна.
Үйлдлийн аргын тухайд,
- Бараа худалдан авч, борлуулалт нэмэгдүүлэх даалгаварт 46.2 хувь буюу 286 иргэн
- Тик ток хаяг дагах, өгөгдсөн постод лайк дарж хандалт өсгөх даалгаварь 29.8 буюу 185 иргэн
- Байгуулагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүний зар сурталчилгаанд үнэлгээ өгөх даалгаварт 17.2 хувь буюу 106 иргэн
- Өгөгдсөн дансанд мөнгө байршуулаад өсгөж авах даалгаварт 5.1 хувь буюу 31 хүн
- Зээл олгоход шаардлагатай материал бүрдүүлэх даалгаварт 1.4 хувь буюу 9 иргэн
- Өгөгдсөн интернет банкаар нэвтэрч гүйлгээ хийх даалгаварт 0.3 хувь буюу 2 иргэн хохирсон байна.
Хохирлын хэмжээний хувьд хамгийн их буюу 39 удаагийн гүйлгээгээр нэг иргэн 195.8 сая төгрөгийг найман өөр дансанд хийж хохирсон байна. Мөн 135 сая төгрөгөөр хохирсон иргэн ч бас бүртгэгдсэн байна.
-20 мянган ажилтантай үндэстэн дамнасан "KK PARK" бүлэг Монгол иргэдэд гадаад нэр өгөн 17 цаг хатуу хуваарьтай ажиллуулж, Монгол руу чиглэсэн телеграм залилан хийж байна-
Манай мөрдөх ажиллагааны явцад Тайланд, Мьянмар улсын хилийн бүс буюу цэргийн дэглэмтэй оронд үйл ажиллагаа явуулж буй "KK PARK" гэх үндэстэн дамнасан гэмт бүлэглэл телеграмм апп-аар залилах гэмт хэрэг үйлдээд буй нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.
"KK PARK" нь Телеграм платформ ашигладаг бөгөөд тус платформ нь хууль сахиулах байгууллагатай хамтарч ажилладаггүй. Ийм учраас Телеграм нь гэмт хэргийг нууцалсан, аюулгүй байдлыг нь хангасан платформ гэсэн үг.
Тухайн гэмт бүлэглэл нь хүний наймаа, хар тамхи, цахим залилангийн гэмт хэрэг үйлддэг, 20 мянган ажилтантай, тухайн ажилтнуудаа 17 цаг хатуу дэглэмд тасралгүй ажиллуулдаг. Энэ бүлэглэл дотор манай Монголчууд мөн ажиллаж, хөдөлмөрийн мөлжлөгт орж байж болзошгүй байна. Ингэхдээ тухайн гэмт бүлэглэлийн зүгээс гадаад нэр өгч албадан хөдөлмөр эрхлүүлдэг байна.
Мөн хохирогчийн мөнгийг дансаа ашиглуулж буй иргэдийн данс руу шилжүүлдэг. Улмаар тэндээс Монгол Улсын 2-3 арилжааны банкаар дамжуулахдаа мөнгөн хөрөнгийн гүйлгээг маш богино хугацаанд буюу 1-2 минутад хийу байгаа юм.
Ингээд банкаар дамжаад олон улсын крипто валютын бирж болон бооцоот тоглоомын сайт рүү шилжүүлж байгаа. Энэ бооцоот тоглоомын сайт болон крипто валютын биржээс "KK PARK" буцаад мөнгөө татан авалтаа хийж урсгалаар гэмт хэргээ үйлддэг бүлэг юм.
Иймд танихгүй хүний данс руу мөнгө хийхгүй, энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдээлэлтэй, ойрын хүмүүстээ хэлж сэрэмжлүүлж байх хэрэгтэй болоод байна" хэмээсэн юм.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны тэтгэвэр 2024 онд ингэж нэмэгдэнэ гэсэн сайт нийтлэлд та бүхэн бүү хандаарай .Тийм нийтлэл байв�##� шууд устгаад бай ...Гадаад хаягтай бол бүүрч хэрэггүй ....