УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган | Өнөөдрийн хурал өндөрлөж, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдахаар товлов

Пүрэв гарагийн /2024.11.21/ УИХ-ын чуулганы нэгдсэн мэдээллийг нэг дороос хүргэж байна.


Одоо Монгол Улсын Их хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг батлах тухай тогтоолын төслийн эцсийн найруулгыг сонслоо.


НЭМЭЛТ: 11.45 цаг

-Тогтоолын төсөл: Ирэх мягмар гарагаас айл өрх бүр Үндсэн хуулиа дээдлэн зална-

Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Өнөөдөр Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн баталлаа. Ирэх мягмар гарагт Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ой тохиож буй.

Тэгвэл, тус тогтоолын төсөлд:

  • Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар Үндсэн хуулийг дээдлэн залах, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг бүх шатны боловсролын байгууллагын сургалтын агуулгад тусган, түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулахыг Засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллагад даалгах;
  • Иргэн бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, айл өрх бүр Үндсэн хуулийг дээдлэн залах, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулах, сурталчлахыг хэвлэл мэдээллийн байгууллагад уриалах;
  • Тогтоолыг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад даалгах бөгөөд тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгажээ.

НЭМЭЛТ: 10.30 цаг

"Улаанбаатарын утаанаас ураны хор хамаагүй бага шүү"

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүд үг хэлэв.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, "2.5 зүйлийн 5.5 дахь хэсэг дээр 5.2, 5,3-т заасан Төрийн эзэмшлийн хувь хэмжээг АМНАТ-өөр орлуулах, өөрчлөх ийм л хууль орж ирж байгаа шүү дээ. 5.2, 5.3 дээр улс өөрийн хөрөнгөөр хийсэн бол 51 хувийг эзэмшинэ, үнэ төлбөргүйгээр гэсэн үг биш. Газар доорх баялагаа 51 хувийн хэмжээгээр үнэлж байна гэсэн үг. Тэрэндээ нэмж мөнгө төлөхгүй шүү л гэсэн санаа. Өөрсдөө бид ашигт малтмалын хайгуул хийгээгүй бол тухайн компанийн 34 хувийг баялагаараа бид авна шүү гэсэн үг" хэмээлээ.

УИХ-ын гишүүн Ө.Шижир, "Цөмийн энергийн хуулийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Бид V цахилгаан станцын тухай 2002 онд л ярьж эхэлсэн. Хэдэн ч удаа шав тавьж, нээлт хийв. Монголын эсрэг ашиг сонирхлын зөрчил явсаар бид өдий хүрч ирсэн. Ураны баяжмалын гол асуудал нь хог хаягдлын менежмент юм билээ. Яг ямар тодоохой зорилт, зорилго тавьсан бэ. Хүмүүсийн эргэлзээ үүнд л төрөөд байна. Улаанбаатарын утаанаас ураны хор хамаагүй бага шүү" гэв.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, "Ажлын хэсгээс хууль батлахтай холбоотой зөвлөмж гаргана. Гишүүдийн гаргаж буй санал санаачилга, анхааруулж буй олон заалт бий, энэ бүхнийг нэгтгэн зөвлөмж гаргана. Энэ бол нэг компанид зориулсан хууль биш. Нэг гэрээ, компанид зориулсан хууль биш. Нийтлэг байдлаар үйлчилнэ. Гадныхан энэ чуулганыг синхрон  орчуулгатай үзэж байгаа шүү, гишүүд хэлэх үгэндээ анхаармаар байна" гэлээ.

Үг хэлж дууссаны дараа хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй асуудлаарх санал хураалт явагдаж, өндөрлөснөөр эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүлэв.


ЭХЛЭЛ: 09.00 цаг

-Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг эцэслэн батална-

Өнөөдөр /2024.11.21/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд"-ийг эцэслэн батална. Өөрөөр хэлбэл эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.

Франц улсын "Орано Майнинг" компанитай хамтран хэрэгжүүлэх ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад, тус хуулийн өөрчлөлт үндэс болох юм.

Тухайлбал, Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээг "Хувь эзэмшиж, ноогдол ашиг хүртэхээс илүү өсөн нэмэгдүүлсэн АМНАТ тооцох нь ашигтай" гэсэн үзэл баримтлалаар хандаж байгаа.

Ингэснээр ураны төслөөс Монгол Улсын Засгийн газар ихдээ 10 хувь л эзэмшиж, харин АМНАТ-ын төлбөрийг өндөр тооцно хэмээн тайлбарлаж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Хоосон толгойтой их мэдэгч нар энэ Их хуралд олон байнаа. Толгойгоо мэдлэг, мэдээллээр цэнэглэж, юмны учир утгыг ойлгодог болсныхоо дараа наад чуулган дээрээ үг хэлж бай. Олон түмнийг тэнэг гэж басамжилдаг юм уу.

Холбоотой мэдээ

Back to top button