Б.Жавхлан: Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү
УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаан эхэлж байна. Өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай байдлаар хэлэлцэхээр оруулж ирээд байна.
Сангийн сайд Б.Жавхлан: 11 дүгээр сарын 29-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2025 оны Төсвийн тухай хууль болон хамт батласан хууль тогтоомжийг хүчингүй болгосон ба үүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол батласан. Уг тогтоолоор 2025 оны Төсвийн төслийг энэ оны 12 дугаар сарын 10-ны дотор УИХ-д өргөн мэдүүлэхийг даалгасан. Төсвийн төслийг Засгийн газар 9 дүгээр сарын 1-ний дотор өргөн мэдүүлэх, УИХ-д 11 дүгээр сарын 15-ны дотор батлахаар тус тус заасан байдаг. УИХ Улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгосон тохиолдолд Засгийн газраас Төсвийн төслийг дахин боловсруулж өргөн мэдүүлэх тусгайлсан зохицуулалт байхгүй тул уг харилцааг зохицуулсан хуулийн төслийг боловсрууллаа.
Хуулийн төсөл батлагдсанаар жилийн төсвийн төслийг Засгийн газар дахин боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм. УИХ-ын эрхэм гишүүд ээ, Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.