Эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосын харилцаа, амьдралын тухай өгүүлэх “Анна Каренина” жүжиг маргааш буюу 12 дугаар сарын 11-ны өдрөөс эхлэн УДЭТ-ын тайзнаа таван удаа тоглох гэж буй.
Тухайн жүжигт гурван эмэгтэйн хувь заяа хэрхэн шийдэгдэж байгааг харуулдаг бөгөөд тэдний нэг болох Долли Облонскаягийн дүрд тоглож буй Ойнбаярын Долгортой жүжгийн бэлтгэлийнх нь дундуур зорьж очиж уран бүтээлийн халуун яриа өрнүүлсэн билээ.
Тэрбээр өдгөө тайз, дэлгэцийн 40 орчим уран бүтээлд дүрээ мөнхөлсөн ч хэзээ ч чадлаа гэж бахдаж, үзээгүй суралцсаар яваа хэмээн өөрийгөө даруу тодотгов.
-“Үл таних эмэгтэй” МУСК сэтгэл зүйн драма өндөртэй зохиол учир тухайн үед намайг нээсэн, шинэ байгааг минь сануулсан уран бүтээл байсан-
-Таныг дэлгэцийн уран бүтээлээр нь, тэр дундаа “Үл таних эмэгтэй” киноны дүрээр олон нийт таньдаг. Харин театрын урлагт хүч сориод гурав орчим жилийн нүүрийг үзээд байна шүү дээ. Театрыг яагаад сонгов, кино урлагаас хэр ялгаатай санагдаж байна?
-Миний хувьд 2006 онд КУДС-ийг төгсөөд түлхүү дэлгэцийн бүтээлд ажилласан. Харин 2022 оны эхээр УДЭТ-т орж ирсэн. Театрын бүтээлд оролцоод гурван жил гаруй хугацааг өнгөрөөсөн гэсэн үг.
Театр дэлгэц хоёр бол хүнээс тэс өөр хоёр чадварыг шаардахуйц салбар. Магадгүй театрын урлагийг давуу талыг нь анзаарвал жүжигчин хүн ур чадварын хувьд өсөн дэвших боломжтой, амьд харилцаа дүүрэн салбар хэмээн тодорхойлно. Миний хувьд жүжигчний мэргэжлээр ажилласан 16, 17 жилийн ихэнх үед кино урлагт хүч сорьсон. Гэтэл мэргэжлийн хувьд мэргэших хэрэгцээ, өөр түвшинд өөрийгөө нээх хүсэл байсан тул театрыг сонгосон. Энэ сонголт минь намайг улам чадавхжуулж, уран бүтээлчийнхээ хувьд дэвшиж байгаа нь анзаарагдаж буй.
-Одоогоор тайз дэлгэцийн хэчнээн уран бүтээлд тоглов, хамгийн ихээр хүч шаардсан уран бүтээлийг нэрлэ гэвэл?
-Дэлгэцийн 30 гаруй уран бүтээлд тоглосон. Харин тайзны уран бүтээлийн хувьд сүүлийн гурван жил гаруйн хугацаанд театрт шинээр тавигдсан болоод шинэчлэгдэн тоглогдож буй бүх л уран бүтээл дээр ажилласан.
Би өөрийгөө туршлагагүй гэж хэлж чадахгүй. Гэсэн ч одоо уран бүтээлдээ ханасан, чадсан гэж өөрийгөө дээш шидэж чадахгүй. Суралцсаар л байна.
Харин миний зүгээс хамгийн их эмээсэн, хичээсэн уран бүтээлийг нэрлэ гэвэл жүжигчний мэргэжлээр төгсөөд анх тоглож байсан анхны уран бүтээлүүд л байх даа. Энд “Үл таних эмэгтэй”, “Төрийн дайсан”, “Эзэнгүй бөгж” зэрэг уран бүтээлийг нэрлэнэ. Гэхдээ айж, эмээсэн байдлаас хурдан гарахыг хичээж байсан. Үгүй бол кино уран бүтээл гэдэг хуучирсан ч хальсанд үлддэг.
-Таныг хамгийн ихээр тодотгон харуулсан, суралцах боломж олгосон уран бүтээл?
-Танихгүй эмэгтэйн захидал зохиолоос сэдэвлэсэн “Үл таних эмэгтэй” МУСК сэтгэл зүйн драма өндөртэй зохиол учир тухайн үед намайг нээсэн, шинэ байгааг минь сануулсан уран бүтээл. Би тэр үед 20 гаруйхан настай байсан. Гэтэл тэр кино зохиол дээр гарч байгаа эмэгтэйн сэтгэл зүйн зөрчлийг биеэрээ мэдрэх, үүрч ажиллана гэдэг бол тэр үеийн 20 настай надад хүнд л байсан. Гэсэн ч би сайн найруулагч, сайн баг хамт олонтой ажилласан учир даваад л гарсан.
-Дэлгэцийн урлагт туршлагажиж байх үедээ тайз руу шууд орж ирсэн нь анхаарал татаж байна?
-Яг энэ асуултыг миний ойр дотны хүмүүс бас ихээр асууж байна л даа. Театр руу орохдоо би чухалчилж шийдвэр гаргаагүй. Тэр үед дэлхий нийтэд корона вирус гарч бүхий л салбар зогсолтод орсон үе байсан л даа. Нөхцөл байдал юу болоод байгааг хаашаа эргэх тал дээр эргэлзэж эхэлсэн. Гэтэл УДЭТ-д ажиллах боломж нээгдсэн учир нэгэнт энэ мэргэжлээр төгссөн учир тайзны уран бүтээлд оролцож өөртөө шинэчлэл хийе гэж зориглоод л ороод ирсэн.
Тайз бол өдрөөс өдөрт, тоглолтоос тоглолт хооронд өсөн дэвшиж байдаг салбар. Үзэгч болон хамтран тоглогч нараасаа амьд мэдрэмж авч, үүгээрээ бид хөглөгддөг учир энд сайн уран бүтээлчид, гайхалтай уран бүтээлийг бий болгодог.
-Ковидын үед би криминалистик мэргэжлээр сурахаа алдсан-
-Яагаад жүжигчин болох замыг сонгов, хэрэв жүжигчин болоогүй бол?
-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Яагаад энэ мэргэжил рүү түлхэгдээд орчихсон гэдгээ мэддэггүй. Гэхдээ сайн бодоод үзэхэд намайг ахлах ангид байхад нэг клипний зураг авалтад тоглуулах арван жилийн охин хайж байхыг дуулаад шалгаруулалтад орсон. Магадгүй тэдний хайсан дүр төрх би байсан учраас л сонгосон байх л даа.
Дууны клипэнд тоглосны дараагаар элсэлтийн шалгалт болсон. Тэр үед би Багшийн дээдийн сургуульд тэнцчихсэн байсан хэдий ч нэг л өөр зүйл миний дотор байсан. Нөгөө клипэнд тоглосон сэтгэгдэл. Одоо санахад их л гоё санагдсан учраас л жүжигчин болохыг хүссэн байх гэж боддог. Үгүй бол гэнэт жүжигчин болчихгүй байсан байх.
Тэр клипээ би сүүлд хайж, хайж олсон. Яах вэ өсвөр насны л охин байна лээ. /инээв/Энэ мэргэжлээсээ шантрах, уйдах тохиолдол ер гарч байгаагүй учир өөр мэргэжлээр ажилласан бол гэх бодол төрж байгаагүй.
Гэхдээ “Бямба гарагийн бодол” гэдэг шиг этгээд бодол нэг удаа төрсөн шүү. Ковидын үед ДХИС-аас бакалаврын зэрэгтэй хүмүүст зориулсан криминалистик мэргэжлээр элсэн суралцах боломжтой гэх мэдээллийг хараад хэсэгтээ л бодолд автсан. Гэр бүлийнхэн энэ талаар сонсоод эхэндээ тоглоом л гэж ойлгосон.
Харин яг бүртгүүлэхдээ тулаад явж байхад “Энэ бол тоглоом биш, чи тэс өөр мэргэжлийн хүн байж ямар зорилгоор энэ мэргэжилд дурлах болов. Нэг бол мэргэжилдээ ашиглах гэсэн үү. Сайн бодсон биз дээ” хэмээн асуухад нь сая нэг ойлгож энэ мэргэжлээр цаашид явахгүй юм чинь бусдын боломжийг хаагаад яах вэ гээд тэр шийдвэрээсээ буцсан. Манай мэргэжлийн онцлог өөрөө аливааг эрж хайх шинжтэй. Тэр ч утгаараа шийдэх шахсан тэр бодол миний “Ковидын үеийн бодол” болоод л замхарсан.
-Тайз бол “алдчихлаа, дахиад эхэлье” гэж боломгүй талбар. Гэхдээ хувь хүнийхээ хувьд “би алдчихлаа” гэж өөрийгөө зэмлэж байсан үе бий юу?
-Тайзны урлагийн бүтээл гэдэг бол удаан хугацааны бэлтгэл сургуулилтын дараа “яг боллоо” гэсэн үедээ л үзэгчидтэйгээ уулздаг. Гэхдээ зарим тохиолдолд өөрийгөө жаахан муу тоглочихлоо, тэр мэдрэмжээ дутуу гаргачихлаа гэж зэмлэх үеүд бас гардаг юм билээ. Ер өөрийгөө болчихлоо гэж ханадаггүй. Дутуу байна, болоогүй байна гэх бодолдоо уяатай л явна. Заримдаа бүр зүүдэлнэ гээч. /инээв/
-Тухайн жүжиг төлөвлөгдөх үеэс тоглогдож дуустал тэр ертөнцөөр амьдардаг гэж уран бүтээлчид ярих нь бий. Таны хувьд дүрийн эрэл хайгуулаа хэрхэн хийдэг вэ?
-Аливаа нэг төсөл яригдаж эхлэх, дүрийн хуваарилалт гарсны дараагаар тэр уран бүтээлээр нэг хэсэгтээ л амьсгална. Бүр гудамжаар зөрсөн хүн бүхний нүд, үйл хөдлөл, зан байдлыг анзаардаг болчихдог юм билээ. Жишээ нь “тэр хүний харц миний дүртэй төстэй юм байна, өөртөө шингээж авъя” гэх мэтээр алхам тутамдаа л дүр дээрээ ажиллаж явдаг гэсэн үг л дээ.
Амьдралд ер өөр өөр өнгөтэй шүү дээ. Баярлах, уйлах, тэр бүү хэл орилох хэрэгцээ гарна. Тэр бүхэнд өөрийгөө гаднаас нь харж, тулгарч буй сэтгэлзүйн асуудал дээр ямар ааш, араншин гаргадаг болох оо хардаг. Энэ нь ямар нэгэн сүнслэг, шашинлаг зүйл огтоос биш. Харин эсрэгээрээ миний ажил мэргэжилд дараа хэрэг болох ч юм шиг санагддаг. Ёстой л уйлж байхдаа ч ажлаа хийгээд байх шиг. /инээв/
-Тэгвэл дотроо төсөөлж явдаг, бүтээж, ажиллахыг хүсдэг дүрийн төсөөлөлд бий юу?
-Хүний бодол, мэдрэмж, магадгүй мөрөөдөл цаг үеэ дагаад хувьсан өөрчлөгдөж байдаг юм шиг санагддаг. Яг одоогоор бол өөрийнхөө сэтгэлзүй болоод өөрийнхөө мөн чанартай тэмцэж ялалт байгуулаад эргээд хүрээлэлдээ сайнаар нөлөөлж буй төрлийн киног сонирхон, сонгож үзээд буй. Өөрөө ч энэ төрөл дээр хүч сорих нууцхан хүсэлтэй л байна.
-Ямар түвшний уран бүтээлч байхаа өөрөө л шийднэ. Цэвэр авьяасаар хэмжигдэхгүй, хөдөлмөрөөр бүтээгддэг мэргэжил-
-Таны хүүхэд нас хаана өнгөрөв, зан чанарын хувьд ямар хүүхэд байв?
-Миний хүүхэд нас Улаанбаатар хот, Налайх дүүрэгт өнгөрсөн. Ээж аав минь ажил ихтэй байсан тул тухайн үед би өвөө эмээгийнхээ гар дээр өссөн.
Зан чанарын хувьд гаднаас харахад төлөв даруу. Гэхдээ яг харагдаж байсан шигээ биш л байсан юм шиг. Яагаад гэвэл ээж минь “чи гэртээ байдаг шигээ сургууль дээрээ байдаг уу” гэж асууж байсан. Энэ асуултаараа намайг дүрсгүй байдаг уу гээд л асуучхаж байгаа хэрэг.
-Таныг сайн хувирдаг жүжигчин гэж дуулсан?
-Анх жүжигчнээр шалгалт өгч байх үед багш нар өгөгдөл, нөөц бололцоо, цааш хэр хол явах чадалтайг шалгаж элсүүлдэг. Харин цаашид өөрийгөө хэр сайн өнгөлж, ямар түвшний уран бүтээлч байхаа өөрөө л шийднэ. Цэвэр авьяасаар хэмжигдэхгүй, хөдөлмөрөөр бүтээгддэг чанар л даа.
-Хувь хүнийхээ хувьд, ааш зангийн хувьд хэр өөрчлөгдөж байна?
-Хүмүүс намайг хэзээнээсээ даруухан гэж яриад л байдаг. Гэтэл би өөрийгөө анзаарахад одоо л даруухан болж байгаа. /инээв/ Хүнийг харагдах байдлаас нь дүгнэх ер боломжгүйн тод жишээ энэ л дээ.
Одоогийн өөрийгөө харахад аливаад хандах хандлага минь боддог, зарим зүйлсэд цаг хугацаа ордог гэдгийг хүлээн зөвшөөрдөг болоод байна. Яардаг, бушуухан энэ зүйлийг хийгээд ард нь гаръя гэдэг хандлага минь орхигдсон л гэсэн үг.
-Яарах хэрэггүй гэлээ. Ямар нэгэн зүйлд яараад алдсан сургамж байна уу?
-Яарвал даарна шүү дээ. Тэр чигтээ оносон гэж хэлж чадахгүй. Эргээд харахад өөртөө тодорхойгүй хүлээлт үүсгэх шаардлагагүйг мэдэрсэн. Гэлээ гээд хойш суухын нэр биш.
-Жүжигчин байна гэдэг хэцүү, тэр дундаа эмэгтэй жүжигчин байна гэдэг хэцүү гэлцдэг?
-Эмэгтэй хүн хэзээ нэгэн цагт хүний хань, хүний ээж болох нь тодорхой. Харин жүжигчний мэргэжил цаг наргүй, тэр чигээрээ хүн судлал учир нэг дүр дээр ажиллах, түүндээ төвлөрөх хэрэгцээ гарна. Гэтэл нөгөө талд хувийн амьдрал нь зэрэгцэн хөвөрч л байдаг. Ийм учир аль аль талд бүрэн дүүрэн хүрч очих боломжгүй ч ачаалалтай үеүдэд хань түшиг болох нэгэнтэй байх л чухал юм билээ. Ер хүн угааж арчихдаа ядардаггүй, харин ямар нэгэн байдлаар дарамт, шахалт үзүүлэлгүй, сэтгэлийн ачаа нэмэрлэхгүй байх нь чухал санагддаг.
-Хэрэв өөрийнхөө төлөө ямарваа нэгэн зүйл хийлгүй бусдын төлөө байх юм бол яг ийм л мэдрэмжийг авч хоцрох нь гэсэн бодол дотор зангирдаг-
-”Анна Каренина” жүжиг маргааш тайзнаа дахин тоглогдох гэж байна шүү дээ. Таны тоглож буй дүрийн онцлог болоод танаас шаардаж буй ур чадварын хувьд?
-Миний хувьд Н.Наранбаатар найруулагчийн найруулга “Анна Каренина” жүжгийн Доллигийн дүр дээр ажиллаж байгаа. Өмнө нь МУГЖ У.Уранчимэг эгч тус дүрийн бүтээж байсан юм.
Анна Каренина жүжгийг мэдэхгүй хүн бараг байхгүй байх. Энэ жүжигт гурван өөр эмэгтэйн гурван өөр амьдралыг хүүрнэдэг. Гэхдээ өөрийн авсан дүрийн өнцгөөс харахад Доли гэх эмэгтэйн дүрийн хувьд хувь заяаныхаа төлөө зоригтой шийдвэр гаргаж чадахгүй байгаа ч гэсэн гэр бүлээ аваад үлдэхийг сонгодог. Энэ шийдвэр нь мэдээж амаргүй. Ухамсар, тэвчээр гаргаж хань ижлээ уучилж байгаагаар дүрслэгддэг.
Энэ жүжигт тоглоод тайзнаас буух үед цээжинд хөндүүр мэдрэмж төрдөг. Эмэгтэй хүнийхээ хувьд өмөрдөг, хайрладаг. Хэрэв өөрийнхөө төлөө ямарваа нэгэн зүйл хийлгүй бусдын төлөө байх юм бол яг ийм л мэдрэмжийг авч хоцрох нь гэсэн бодол дотор зангирдаг.
Гэтэл гол дүр болох Анна Каренинагийн хувьд өөрийн зүрх сэтгэлээ сонсдог, өөрийн хувь заяаныхаа төлөө зоригтой шийдвэр гаргадаг төрлийнх.
-Анна Каренина гэх жүжиг театрт олон ч удаа тоглогдлоо. Гэхдээ үзэгчид дүүрэн хэвээр.
-Тийм ээ олон тоглогдож байгаа, гэтэл манай зах зээл ямар билээ. Гэсэн ч үздэг. Үүнийг хувь хүнийхээ зүгээс тайлбарлахад, эмэгтэй хүн өөрийнхөө туулж байгаа сэтгэлзүйд яг юу болоод байгааг ойлгохгүй үедээ эрэл хайгуул хийж эхэлдэг юм шиг санагддаг. Ижил төстэй зүйлийг л хайдаг гэсэн үг. Энэ утгаараа дахин ирж үзээд байх шиг санагддаг.
Ер нь ямар нэгэн байдлаар ухаарал, эрэл хайгуулынхаа хариултыг та манай жүжгийг үзээд биелүүлж чадваас уран бүтээлч болох бидний зорилго биелнэ гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мундаг эмэгтэй ёстой сайн ээж
Зүйтэй. Энэ чинь шүү дээ. Тэгэхдээ ингэж бодох хүртлээ Монгол эмэгтэй хүн нэлээд юм үзэж байгаа биз? Тэгдэг юм.
modon hamar hiilgeed oncgui boljee. denduu huuramch haragdaj baina