Цахилгааны ухаалаг тоолуур тавихаар ₮5 тэрбумын тендер зарлажээ
Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны үнийг дунджаар 280 төгрөг болгон нэмсэн. Гэхдээ энэ дунджилсан дүн бөгөөд, үнийг үнэн хэрэгтээ гурван өөр шатлалаар нэмэгдүүлсэн.
Тухайлбал, сард:
- 150 кВ.ц хүртэлх хэрэглээг 175 төгрөг
- 150-300 кВ.ц хэрэглээг 256 төгрөг
- 300 кВ.ц-аас дээш хэрэглээг 285 төгрөг болгож, тус тус нэмсэн.
Тэгэхээр цахилгааны сарын хэрэглээ бага бол бага, их бол их төлбөр төлөх зохицуулалт хийгдсэн гэсэн үг. Үүний цаана нэгэнт эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалтай, цахилгаан станцууд ачааллаа дийлэхгүй хэмжээнд хүрсэн өнөөгийн нөхцөлд иргэдийг хэрэглээгээ хэмнэдэг болгох зорилго бий гэж албаны хүмүүс тайлбарласан.
Гэвч энэ нь хэрэглээгээ хянаж байж хийгдэх санаачилга мөн. Тодруулбал, өрх сарын цахилгааны хэрэглээгээ хянадаг болох шаардлагатай. Тэгж байж дээрх гурван ангиллын алинд хамаарч, хэдэн төгрөг төлөхөө мэдэж авна.
Хэрэв ухаалаг тоолуургүй бол сарын хэрэглээг тооцож чадахгүй. Мөн огт тоолуургүй айл өрх ч бий.
Тэгэхээр цахилгааны үнийн гурван шатлалт нэмэгдэл зорилгодоо хүрнэ гэвэл иргэн бүр хэрэглээгээ хянадаг болох шаардлагатай.
Тэгвэл УБЦТС ТӨХК нь ухаалаг тоолуур худалдаж авах 5 тэрбум төгрөгийн тендер зарлажээ.
УБЦТС ТӨХК-ийн хувьд холбогдох төслийг 2023-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм байна. Энэ хүрээнд эхний ээлжид СХД-т 1100 концентратор, 70,147 ширхэг тоолуур, БЗД-т 614 контентратор, 59,115 ширхэг тоолуур угсарч, суурилуулаад байгаа аж. Компанийн хэмжээнд өөрсдийн тоолуур, зарим төхөөрөмжийг шинэчилнэ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
MCS д өгчөөч Угаасаа бүх тендер хамдаг юм чинь