УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган | Д.Амарбаясгалан: Сайд нар парламентад худал хэлбэл хуулийн хариуцлага хүлээх заалт бий

Өнөөдрийн /2024.12.12/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны мэдээллийг нэг дороос хүргэж байна.


Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга Засгийн газрын сайд нар болон УИХ-ын гишүүдэд анхааруулж үг хэллээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-126 гишүүнтэй болсон парламентын нэг том онцлог аливаа асуудлыг маш олон талаас нь харж чаддаг болчихсон. Дээрээс нь мэргэжлийн маш олон экспертүүд УИХ-ын гишүүн болоод ороод ирсэн. Өмнөх ээлжит бус чуулган дээр ч хэлж байсан аравдугаар сард төсөв хэлэлцэж байх үед ч хэлж байсан. Төрийн албан хаагчид чуулганы хуралдаанд нэгдүгээрт хүндэтгэлтэй, хоёрдугаарт үнэн зөв мэдээллийг бодитоор өгч байх ёстой. Хэрвээ алдаа дутагдал гарвал хуулийн хариуцлага хүлээх, хуулийн заалт нь байгаа гэдгийг хэлье.



НЭМЭЛТ: 13:30

-Х.Тэмүүжин: Тангараг өргөсөн Засгийн газрын сайд нар удаа дараа УИХ-д худлаа ярьж байна-

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын гишүүд Монгол Улсын 2025 оны төсөв хэлэлцсэнтэй холбоотойгоор үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Монгол Улс парламентын засаглалтай. Энэ засаглалынхаа хүрээнд ажилладаг гэдгээ харуулахын тулд нэг зүйл хийхээс өөр арга алга. Өдөр бүр Засгийн газрын гишүүд парламентын гишүүдэд худлаа ярьдаг болсон байна. Өчигдөр Сангийн сайд Б.Жавхлан чуулганы хуралдаанд яг өөдөөс харж сууж байгаад бас худлаа хэлсэн. УИХ-ын гишүүдэд тарааж өгсөн материал дотор Эдийн засаг, хөгжлийн сайд болон Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “хөрөнгө оруулалт их засвар” гэдэг бичигтэй мөр байна. Гэтэл байсаар байтал үүнийг байхгүй гэж хэлсэн. Сайдууд удаа дараа УИХ-д худлаа хэлж байна. Гэртээ, яам дээрээ худлаа ярьдаг байж болно. Хууль тогтоох байгууллага дотор орж ирээд худлаа ярьж болохгүй.

Парламентын засаглал бүхий улс орнуудад парламентыг үл хүндэтгэх гэж гэмт хэрэг байгаа. Парламент дуудахад төрийн алба хаагч ирэхгүй бол үүнийг гэмт хэрэг гэж үздэг. Дуудаад ирэхдээ парламентад тангараг өргөж байж үг хэлж байгаа. “Би мэдэх ёстой хүрээндээ үнэнийг хэлнэ” гэж тангараг өргөдөг. Үүнийгээ зөрчвөл гэмт хэрэг гэж үзэж байгаа.

Одоо парламент ийм хүчтэй, их мөнгөтэй, хамтарсан Засгийн газрыг хяная гэж бодвол үнэхээр парламентын чуулганд ирээд худлаа ярьдаг үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй. Монгол Улс худлаа ярьдаг, хууран мэхэлдэг өнгийг хууль тогтоох байгууллага дотор ингэж өөгшүүлж болохгүй. Тиймээс дараа дараагийн үйл ажиллагааг цэгцтэй хуулийн хүрээнд явуулахын тулд парламентыг үл хүндэтгэх гэдэг чиглэлээр хариуцлага тооцдог механизмаа бий болгохгүй бол алийн болгон дараа нь сошиалаар хэрүүл хийж сууж байх вэ.


НЭМЭЛТ: 13.00 цаг

-Монгол Улсын 2025 оны төсвийг эцэслэн баталлаа-

Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав, дөрөв дүгээр хэлэлцүүлгийг явуулж, Монгол Улсын 2025 оны төсвийг эцэслэн баталлаа.


НЭМЭЛТ: 12.35 цаг

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хэлэлцэж дууслаа. Улмаар Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн дөрөв дахь хэлэлцүүлгийг эхлүүллээ.


НЭМЭЛТ: 11.30 цаг

-Л.Мөнхбаясгалан: Хавдар-2 төслийг зогсоох вий гэдэг айдас байна. IV эмнэлгийг лоббид өртөхгүйгээр ХСҮТ-д авч өгвөл сайн-

Байнгын хорооны хуралдаанаар гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Зарчмын зөрүүтэй гурван санал байгааг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.

Төсвийн байнгын хорооны дэмжсэн санал:

"Хавдар судлалын үндэсний төвийн ажиллагааг өргөжүүлэх зорилгоор эмнэлгийн зориулалтын шаардлага хангасан барилгыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн санхүүгийн түрээсийн нөхцөлөөр "лизингийн" өөрийн өмчлөлд бүрэн шилжүүлэн авах" санал гаргасан Төсвийн байнгын хороо.

Тас саналыг өчигдрийн чуулганы хуралдаанаар гүйцээн боловсруулах чиглэл өгөөд байсан юм.

Санал хураахад, 107 гишүүнээс 63.6% нь буюу 68 нь дэмжиж, 36.4 % нь буюу 39 гишүүн татгалзлаа.

УИХ-ын гишүүн Б.Мөнхбаясгалан: Өчигдрийн хэлэлцүүлэг дээр дахин боловсруулахаар явуулсан Хавдрын шинэ эмнэлгийг санхүүгийн түрээсээр авах тухай асуудал байсан. Энэ асуудалд гишүүд ойлголтын зөрүүтэй байна. Санхүүгийн түрээсээр авах энэ эмнэлэг түр зууртаа ачаалал хөнгөлөх юм. Энэ эмнэлгийг авбал 100 ор нэмэгдэнэ. Бид шинэ эмнэлгээ барьвал 600 ортой, үүдэл эс шилжүүлэн суулгах лабораторитой, бүх төрлийн эрдэм шинжилгээний лаборатори цогцоор байгуулна. Тугалган ханатай, туяа цөмийн эмчилгээний шугаман хурдасгуур тавих мэргэжлийн дөрвөн өрөөтэй эмнэлэг болно. Хавдар-2 төслөө тэр чигээр нь хэрэгжүүлэх үү гэдгийг асуумаар байна. Мөн энэ эмнэлгийг ямар нэгэн лоббид өртөхгүйгээр ХСҮТ-д авч өгвөл сайн. Энэ эмнэлгийг улсад авчихаад Хавдар-2 төслийг зогсоочих вий гэх айдас байна. Нийт 47 гишүүн гарын үсэг зурсан. Тэр итгэл үнэмшилд найдаад Хавдар-2 эмнэлгийг бариад Дөрөвдүгээр эмнэлгийг авах асуудлыг дэмжиж байгаа" гэлээ.


НЭМЭЛТ: 10.40 цаг

-Төрийн өмчийн компаниудыг татан буулгах, нэгтгэх эсэх ажил ирэх онд хэрэгжинэ-

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийж байна.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар танилцууллаа.

УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, "Төсвийн хүрээгээ дөрөв дэхиэ өргөн барьж байна. Есдүгээр сард өргөн барихад нүүрсний эрэлт, хэмжээ өндөр байх юм байна гэж байсан. Эдийн засгийн өсөлтийг найман хувь гэжээ. Хэтэрхий өөдрөг тоо гэж харж байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, "Ерөнхийлөгчийн хориг олон зүйлийн зөв эхлэл болж байна. Заавал хориг тавиулан байж алдагдалгүй төсөв оруулж ирж байна. Хүсвэл алдагдалгүй төсөв баталж болдог юм байна гэдгийг харуулж байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа "Төрийн өмчит компаниудыг нээлттэй болгоод ногдол ашиг өгөөд эхэлбэл боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийгдэх бололцоо бүрдэнэ. Нээлттэй болгох явж хэр хурдацтай явагдаж байна вэ?" гэв.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Өмнө нь есөн компанийг нээлттэй болгох УИХ-ын тогтоол гарсан. Олон улсын аудит орсон компанийг нээлттэй болгох процесс үргэлжилнэ. Ашиггүй ажилласан компаниудад аудит оруулах гэхээр төсөв мөнгөний асуудал тулгарч байгаа. Бага хэмжээгээ үнэлэгдсэн компаниудыг нээлттэй болгох нь ашиггүй. Засгийн газраас шийдвэр гаргаж, ТУЗ-ийг нь хуралдуулж, аудит оруулж үнэлгээгээ хийлгэх ажлууд хийгдэнэ. Уул уурхайн хоёрхон компанид олон улсын аудит орсон. Ирэх оноос төрийн өмчийн хэдэн компанийг татан буулгах, нэгтгэх, нийлүүлэх ажил хэрэгжинэ" хэмээлээ.

Эл хуулийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.


ЭХЛЭЛ: 10.20 цаг

-УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ-

Өнөөдрийн /2024.12.12/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 12, 2024 19:02

Амьгүй ЗГ аа огцруул. Ингээд л толгойг илээд давруулаад байх уу ???

Ккккк
Ккккк
12 сар 13, 2024 08:50

Хуулийн за�##�т байдаг гээд суухын оронд хэрэгжүүлээч. Өөрөө ч худ�##�чийн нэг байна шүү

Холбоотой мэдээ

Back to top button