Х.Баасанжаргал: Дахиж хугацаа хойшлуулна гэж намууд битгий яриасай, хариуцлагатай хандаасай
УИХ-ын чуулганаар "Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Намуудын шинэчилсэн дүрмээ УДШ-д хүргүүлэх хугацааг 2025 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл гэж сунгахаар тус төсөлд тусгаад байгаа юм.
Эцсийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:
"Өнөөдрийн байдлаар хугацаандаа амжаад УДШ-д хүсэлтээ өгсөн нам хэд вэ. Дүрмээ шинэчилсэн нам байна уу.
Хоёрт, 12.31-ний өдөр дотор гэдгээс гадна УДШ-д 30 хоногийн дотор хүргүүлнэ гэдэг заалт нэмэгдсэн байна. Ингэхээр 12.31-нээс хойш дахиад 30 хоногийн хугацаа гарч ирж байна гэсэн үг үү.
Нам бол хариуцлагатай институц. Тийм учраас дахиж энэ хугацааг хойшлуулах санал орж ирэхгүй байх гэж найдаж байна, хариуцлагатай хандаасай" гэлээ.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
"Долоон нам дүрмээ шинэчилж хүргүүлэх хүсэлтээ хүргүүлсэн. Дүгнэлт нь гараагүй. Санхүүжилт, гишүүнчлэл, жендертэй холбоотой шаардлагууд бүрэн хангагдсан эсэх тодорхойгүй. Долоон нам яг шинэ хуульд нийцүүлж дүрмээ барьсан эсэхийг мэдэхгүй учраас бүртгэгдэнэ гэсэн баталгаа байхгүй.
Ер нь улс төрийн намууд хэрэгжиж эхэлсэн хуулийг чанд мөрдөх ёстой, дахиж сунгах ойлголт байж болохгүй. Хариуцлагатай бай гэдэг шахалт шаардлагыг бид байнга тавих ёстой".
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.