Тойм: Хэдэн сар хэвлэлд үзэгдээгүй төрийн өндөрлөгүүд болон хотын захирагчийг "утаа" гаргаж ирэв
Өнгөрсөн долоо хоногийн улс төрийн онцлох үйл явдал “утаа” байлаа. Нийгэмд тулгамдаж буй уг асуудал дээр ойрд олон нийтэд үзэгдэж, харагдаагүй төрийн өндөрлөгүүд болон нийслэлийн засаг дарга гарч ирж мэдээлэл, мэдэгдэл, шуурхай хурал хийлээ.
Долоо хонгийн эхэнд Ерөнхийлөгч УИХ-ын дарга холбогдох гишүүд, Засгийн газрын сайд нарыг дуудаж уулзан утааны асуудлаар УОК-ыг яаралтай хуралдуулах чиглэл өгөв. Үүний дараа УОК утааны асуудлаар хуралдаж Агаар орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороог дахин байгуулахаар шийдвэрлэсэн. Улмаар Засгийн газар дэмжсэн. Мөн энэ үйл явдлын дундуур хоёр сар сураггүй байсан Хотын дарга Х.Нямбаатар гарч ирж мэдээлэл хийв. Ингэхдээ хот дээрээ хэдийн төлөвлөөд эхлүүлчихсэн зарим ажлуудаа танилцуулсан. Харин долоо хонгийн төгсгөлд хурал, цуглаанд ирэхээ болиод байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа утаа, түгжрэлийн асуудлаар ээлжит бусаар хуралдуулж, өөрөө мэдэгдэл хийлээ.
-Ерөнхийлөгчийн "Миний үед утаагүй болсон" гэх мессеж-
Ерөнхийлөгчийн камертай уулзалт, Нүүрсний сонсголын өмнө нэг Ерөнхийлөгч ингэж загнасан сан. "Ажлаа хийцгээ" гэж зандраад л. Тухайн үед нийгмийн сүлжээний зарим хэсэг "Зөв үг хэллээ, энэ нь дээр" хэмээн хүлээж авсан. Харин арай хэрсүү хэсэг нь Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн институт УИХ, Засгийн газарт ямар асуудлын хүрээнд чиглэл өгөх эрхтэй билээ? гэж асуугаад хоцорч байв.
Энэ өвөл Улаанбаатарын утаа, агаарын бохирдол хэр хэмжээнээс хэтэрч, гамшгийн түвшинд оччихлоо. Өөр зуураа ярьснаас өөрөөр үүнийг ядаж УИХ-ын чуулганы хуралдаанд нухацтай сөхөж тавьсан хүн олдохгүй байв. Ч.Ганжавхлан жагсаал гэж уриалсны эцэст ямартай ч УИХ дээр Утааны сонсгол явуулах нөхцөл бүрдэж, гарын үсэг цуглав.
Гэхдээ арай л дөжирсөн мэт, агаарын бохирдлыг хэн ч дорвитой сөхөж тавихгүй, дахиад зээлээр зуух тараана гэхчлэн зүйлсийг Хотын орлогч нь ярьж явлаа.
Харин даваа гарагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ЗГ-ын гишүүдийг дуудаж уулзлаа, агаарын бохирдлын асуудлаар үүрэг чиглэл өглөө. Энэ тухай мэдээлэл анх түгэхэд л "Дахиад загнасан даа, загнасан бичлэг нь удахгүй цацагдана даа" гэж хоржоонтой хүлээцгээсэн нь ёсоор ч болов.
Тэр ерөнхийдөө битгий назгайр, найрааны Засгийн газар болов, амгай хазаараа бүтэн дээр нь тат гэхчлэн хэллээ. Хамгийн гол мессежээ харин "Гурван жилийн өмнө зүгээр байсан. Бид амжилтад хүрсэн, утаагүй болсон. Яагаад гаргасан амжилтаасаа ухарч байна. Ажлын уялдаа холбоо яагаад алдагдав?" гэж зангидав.
Сайжруулсан шахмал түлшний автор бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Тэр Ерөнхий сайд байхдаа үүнийг гардаж хийсэн. Агаарын бохирдол тухайн үед нүдээр үзэгдэх, хэмжиж бараалахад ч багассан нь бас үнэн. У.Хүрэлсүхийн үед шахмал түлшний чийглэг 4 хувьтай байв. Одоо 15 гараад явчихсан. Чийглэг их байх тусам уугьж, утаа гардаг. Энэ үзүүлэлтийн зөрүүг ч Ерөнхийлч дурдаж, Улсын онцгой комиссыг яаралтай хуралдуулах чиглэл өгсөн.
Мөн "Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо"-г байгуулах шаардлагатайг онцолж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхийг үүрэг болгосон.
Энэ уулзалтад Агаарын бохирдлыг бууруулах ажлын гол зохион байгуулах ёстой Засгийн газар, Нийслэлийн ЗДТГ-ын удирдлагууд ирээгүй. Гэхдээ агаарын бохирдол хэт өндөр түвшинд хүрчхээд байхад хэн ч шийдэл ярихгүй. Ямар ч газар хариуцаж байгаа нь тодорхойгүй салан задгай байсан утааны асуудал дээр Ерөнхийлөгч үйлдэл хийсэн нь л чухал үйл явдал болсон. Энэ нь ч үр дүнгээ өгч ямартай ч утааг хэн хариуцах, ямар ажил хийх гэж байгаа зэрэг нь өнгөрсөн долоо хоногт тодорхой боллоо.
-УОК-оос Нийслэл болон Засгийн газарт утааг бууруулах чиглэл өгөв-
Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийн дагаа УОК хуралдав, Хуралдаанаар дараах шийдвэрийг гаргасан.
- Нийслэлийн Онцгой Комиссын Шуурхай штабыг байгуулж 24 цагаар тогтмол хяналт тавьж ажиллуулахаар болсон. Мөн ЗГХЭГ-ын даргад өмнө нь агаарын бохирдлын асуудлыг хариуцаж байсан үндэсний хороог сэргээн байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулах үүргийг өгч нийслэлийн агаарын чанарыг сайжруулахад чиглэсэн дүрэм, журмыг мөрдүүлэх, салбар дундын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх үүргийг тус тус өгсөн.
- Нийслэл утаан дээр урт хугацааны хоёр шийдэл ярьсан. Нэг нь Дэд төв төслийн хүрээнд айлуудыг орон сууцжуулах ажил. Нөгөөх нь нүүрс хэрэглэдэг 20 мянган өрхийг газ руу шилжүүлэх төсөл: Уг ажлыг ирэх онд эхлүүлэх гэнэ. Одоо ТЭЗҮ-ийг хийж байгаа аж. Хэрэв энэ нь амжилттай болбол жил бүр 20 мянган өрхийг газ руу шилжих шилжилтийг хийх аж. Мөн Нүүрсний татаасыг хий рүү шилжүүлнэ. Манай улсад 95 мянган хүн монгол гэрт 105 мянга нь орон сууцанд 95 мянган айлын 70 гаруй хувь нь эвдэрсэн зуухтай байна. Иймээс давхар шаталттай зуухыг айл өрхүүдэд өгөхөөр ажиллаж байгаа. Энэ нь иргэдийг угаартахаас сэргийлж авч хэрэгжүүлж байгаа арга хэмээ гэж тайлбарласан.
- Харин Тавантолгой түлш компаниас өнгөрсөн зургаан жилийн хугацаанд хэрэглэсэн бүтээгдэхүүнүүд огт солигдож, өөрчлөгдөөгүй. Хатаалт нь бүр сайжирсан гэж мэдэгдсэн. 2022 оноос эхлэн тавантолгой түлшний бүх үйлдвэр стандартын дагуу ажиллаж байгаа. Анх 2019 онд шахмал түлшний стандарт батлагдсан. Тухайн үед шахмал түлшний стандартын чийглэгийн агууламж 10 хувиас ихгүй гэж заасан байдаг. Тэр үед гарч байсан тоо өөрчлөгдөж 2022 онд чийгийн агууламж зургаан хувь хүртэл бууруулсан гэх мэдээллийг өгсөн.
Гэхдээ УОК-ын хуралдаанаар танилцуулсан Тавантолгой түлшийг мэдээлэл Ерөнхийлөгчийн уулзалтад яригдсан түлш хатаалтын мэдээлэлтэй зөрсөн. Ерөнхийлөгчийн уулзалтаар Тавантолгой түлш компанийн удирдлагууд түлшний хатаалт муу болсон. Чийгтэй түлшнээс утаа их гардаг гэсэн бол дээрх мэдэгдэлд түлш хатаалт сайжирсан гэж тас гүрийсэн.
Энэ мэдэгдэлд нийслэлээс 20 мянган өрхийг газ руу шилжүүлэх ажлыг эхлүүлнэ гэх мэдээлэл шинэ байв. Уг ажилд нийслэлээс тусгай компани байгуулж тэр нь хоёр хөрштэй газын шилжилтийн ажлуудаар уулзалт хийж байгаа гэв.
Тэгэхээр бид хэдийнээ эрчим хүчний дутагдалтай. Үүнээс болж хойд хөршөөс хамааралтай явсаар ирсэн. Гэтэл хойд хөршөөс дахин газ авбал айл өрхүүдийн газны асуудал хүртэл хойд хөршөөс хамааралтай болох эрсдэл харагдаж байгаа юм.
-Хотын дарга Х.Нямбаатарын хэдэр, ёдор ааш олны дургүйцлийг хүргэв-
Х.Нямбаатарын тайлбар ба ээлжит хэрүүл, Тэрбээр өнгөрсөн долоо хонгийн лхагва гарагт /2024.12.18/-нд мэдээлэл хийж Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог албан тушаалын дагуу БОАЖ-ын сайд С.Одонтуяа ахалж, Х.Нямбаатар би нарийн бичгийн даргаар нь ажиллана гэдгээ танилцуулаад нийслэлээс дараах ажлуудыг хийхээр төлөвлөсөн гэж танилцуулсан.
- Зуух нь элэгдсэн 84 мянган айлын зуухыг солино
- Газны үйлдвэр байгуулж дундын станц байгуулаад дахин 80 мянган айлыг газын шилжилт рүү шилжүүлнэ
- Нийслэлийн ИТХ-аар газын шилжилт хийх тусгай компанийг байгуулсан. Тус компани газын чиглэлээр ОХУ болон БНХАУ-ын энэ чиглэлийн компаниудтай холбогдож хамтран ажиллах гэрээ хэлэлцээ ярьж байна
- Сайжруулсан шахмал түлшинд судалгаа хий байгаа. Цаашид зоримог шийдвэр гаргаж түлшээ солино
- Цахилгаан станцуудаа гаднын санхүүжилтээр барина
- Энэ сард багтааж Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас төвийн шугамд эрчим хүч нийлүүлнэ
- Цэвэрлэх байгууламжийг барьж байгаа ААН байгууллагуудтай нэмэлт гэрээ байгуулж лаг хатаах үйлдвэр бариулна. Ажлыг нь УСУГ-ын дарга Ц.Төрхүүд даалгаж, мөнгийг нь нийслэлээс гаргана
Уг мэдээллийн үеэр хотын даргын ярьсан ажлын танилцуулгаас гадна түүний биеийн хэлэмж, харилцаа хандлага олон нийтийг бухимдуулсан.
Учир нь сэтгүүлч үеийн үед л асуулт асууж, хариулт авч ирсэн. Харин Хотын дарга Х.Нямбаатар “Би чамд дахиж хариулахгүй”, “Та нар өөрсдөө жаахан замбараатай ярь” гэхчлэнгээр загнадаг, дугаа хурааж гэдийдэг, элдэв биеийн хэлэмж үзүүлдэг нэгэн болчихсон.
Өмнө нь арай ч тийм байгаагүй. ХЗДХ-ийн сайдаар ажиллаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бүхий л улс төрийн шинжтэй акцад хань түшиг нь болж, хурдтай, мэргэжлийн, чанга урагшилсан улстөрч мөн. Хээгүй, хэнэггүй гэмээр хандлага нь ажлыг яс тас явуулж, тодорхой үр дүнд хүрэхэд нь нөлөөлдөг.
Мэдээж Х.Нямбаатар өөрөө хүсэж хотын дарга болоогүй, Улаанбаатар хотын суудалд заларъя гэж яваагүй. “Ногоон автобус”-ны хэргээр Д.Сумъяабазар хариуцлага хүлээж, ажлаа өгөхөд нам нь түүнд даалгавар оноосон. Нэг үгээр, түүнээс өөр боловсон хүчин МАН-д байхгүй гэдгийг энэ үйл явдал харуулсан.
Гүрийж, гүлдийж байгаад хотыг реформуудын өмнө аваачлаа. Гэхдээ одоо түүнээс ил тод, ойлгомжтой байдал хийгээд ёс зүй үгүйлэгдэж байна. Ёс зүй биш юм гэхэд хувь хүний ёс суртахуун нь хэр хэмжээнд юм бэ гэж асуухад хүрч, шүүмжлүүлж байна. Хэчнээн ажилсаг улстөрч байлаа гээд томорч пээдийх боломж Монголд байхгүй. Учир нь Монгол асуудал ихтэй орон. Иргэд нь аз жаргалгүй, стресс бухимдлаар дүүрэн. Тэдний өмнөөс засаглах эрхийг нь хэрэгжүүлэхээр улстөрд хөл тавьсан хэн боловч ядаж ааш аягтаа анхаарах ёстой.
-Ерөнхий сайдын “хамар зүгээр”-
Ерөнхий сайдыг БНСУ-д хамрын хагалгаанд орж байгаа учир уулзалтад ирж амжаагүй. Бүр төрийн өндөрлөгүүд муудалцаж, сайд хамраа хугалсан гэх яриа гараад байсан.
Ерөнхий сайд хэвлэлийн дуранд өртөж, хурал цуглаандаа ирэлгүй сар шахам болсон учир дээрх шум ортой ч юм шиг нөхцөл байдал үүссэн.
Гэтэл өчигдөр /2024.12.20/ Ерөнхий сайд утаа, түгжрэлийн асуудлаар Засгийн газрыг ээлжит бусаар хуралдуулж, өөрийн биеэр мэдэгдэл хийв. Сайдын энэ үйлдэл нэг талаас Засгийн газрын тэргүүний хувьд тулгамдаж буй томоохон асуудлын шийдлийг олон нийтэд танилцуулж, ажиллаж байгаа гэдгээ харуулсан мэдэгдэл байсан. Харин нөгөө талаас “Хамар зүгээр, би байгаа шүү” гэсэн мессеж өгөв.
Ерөнхий сайдын мэдэгдэл, Үндэсний баялгийн санд буюу Ирээдүйн өв санд 4 их наяд төгрөгийн хуримтлал үүссэн. Ирээдүйн өв сангийн энэхүү 4 их наяд төгрөгийг арвижуулах байдлаар захиран зарцуулах эрх өчигдөр нээгдэж байгааг тэр ярианы эхэнд онцлов. Мөн нийт эрдэс баялгийн болон уул уурхайн ордын 34 хувьд ноогдох орлого иргэдийн хуримтлалд 495 тэрбум төгрөг хуримтлагдсан. Ингэснээр Монгол Улсын иргэн бүр 135 мянган төгрөгийн хадгаламжтай болж байгааг дуулгасан.
Одоогоос жилийн өмнө Засгийн газар Үндэсний баялгийн санг байгуулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьж батлуулсан. Үүний үр дүн дээрх хуримтлал бий болжээ. Жилийн хугацаанд гэхэд чамлахааргүй үр дүн.
Мөн 16 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомт буюу “Чайна энержи”-тэй хийж байгаа хэлэлцээрийг ирэх долоо хоногт Засгийн газар хэлэлцэж, УИХ-д өргөн барих гэж буйг Ерөнхий сайд зарлав. Хэлэлцээг өргөн барьснаар нээлттэй хэлэлцэж өнгөрсөн хугацаанд далд байсан асуудлууд нь ил гарна. Түүнээс гадна уг хэлэлцээг УИХ-д өргөн барьж буй явдал нь эрчим хүчний салбарын үнэмлэхүй түүхэн эхлэл цэг байх болно гэж Засгийн газрын тэргүүн онцлов. Уг асуудал ирэх долоо хонгоос эрчээ авч, нэлээдгүй хугацаанд өрнөх нь.
Эцэс нь Ерөнхий сайд нийслэлийн түгжрэл, агаар хөрсний бохирдол, эрчим хүчний дутагдал гамшгийн түвшинд хүрсэн гэдгийг бид бүх нийтээрээ хүлээн зөвшөөрөх ёстой. Тиймээс Нийслэлийн бүх байгууллагыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байгааг мэдэгдлээ. Мөн тулгамдсан асуудлыг яаралтай шийдвэрлэх хүрээнд УИХ-тай хамтран ажиллаж, ирэх долоо хоногт УИХ-д нээлттэй танилцуулга хийхээ мэдэгдэв.
Ямартай ч удтал яригдсан утааны асуудал өнгөрсөн долоо хоногт төр, засаг, нийслэлийн тэргүүнүүдийн анхааралд хүрч агаарын бохирдлын бууруулах ажил дээр урт болон богино хугацааны арга хэмжээг Нийслэл, Засгийн газар, УИХ авахаар боллоо.
Д.ЖАРГАЛМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ногдол ашиг гэж хоёрын хороонд мөнгө өгч байхаар утаа түгжирэлээ арилгахад зарцуулахгүй дээ. Сайнзориг мэтийн алсын хараагүй, мөчид бодлоготой хүмүүстээ арга хэмжээ авч, утаа түгжирэл арилгах хууль боловсруулж хэрэглэх үүрэг өгмөөр дөө. Буруу рультэй, 8 аас дээш жил насжилттай тээврийн хэрэгслийг болон татвар торгууль төлбөр хураамж төлдөггүй тээврийн хэрэгслийг хотын замын хөдөлгөөнд орохыг хориглох, янзан бүрийн хог, тос шатааж байгаа айлыг хотын бүсээс албадан гаргах зэрэг эрс шийдэмгий арга хэмжээ авч цэгцлэх хэрэгтэй. Алийн болгон хүний эрх ярьж суух юм. Хордож байгаа иргэд ч гэсэн хүний эрх зөрчигдөж байна. Хүний эрх зөрчиж түгжирэл, утаа гаргаад байгаа иргэдэд албадлага хэрэглэх хэрэгтэй.
Хотын гэр хороололын гал түлж байгаа өрх бүрт агаар бохирдуулсаны татвартай болго
hentiin 3 avarga ih bnaa
Хүрэлсүх Сүхбаатар аймаг угшилтай УБ-х, Нямбаатар УБ-т төрж өссөн, Хэнтий огт хамаагүй. Оюук л Хэнтий
Бүгдийн Монгол төрөөс зайлуулья!!
Өөдтэй удирдагч олдохгүй л байна.30жил төөрлөө.замаа олохгүй бололтой.
PISDUU GJ HENTIIN TENEGUUD BUUNUURUU ZOGSOJ BNAA. IIM ZAYAGUI ADGIIN SHAARNUUD TURIIN TOLGOID BHAD ENE ULS YAJ UUDLUH YUM BEE?